
Саудын Арабын засгийн газраас тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг зоогийн газруудад эрэгтэй эмэгтэй хүмүүс тусдаа хаалгаар үйлчлүүлж, тусдаа хооллох ёстой гэсэн шаардлага тавьдаг байсныгаа цуцалж буйгаа мэдэгджээ.
Өмнө нь зоогийн газруудад эрэгтэйчүүд нэг хаалгаар түүнтэй хамт явж буй эмэгтэйчүүд болон хүүхдүүд өөр хаалгаар тус тусдаа үйлчлүүлдэг байсан бол эрх баригчид уг журмыг цуцалснаас хойш зарим зоогийн газар, кафе, үйлчилгээний газрууд хүйсээр ялгаварлалгүй бүгдэд нь нэг хаалгаар үйлчилж эхлээд байна.
Энэ оны эхээр Саудын Арабын эмэгтэйчүүд нөхөр болон эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр гадаадын улс орон руу аялах эрхтэй болсон бол 2018 онд Саудын Арабын эмэгтэйчүүд машин жолоодох боломжтой болсон билээ. Мохаммед Бин Салман Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжаар томилогдсоноосоо хойш нийгэм, эдийн засагт чиглэсэн олон өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн ч хүний эрхийг хамгаалах байгууллагууд Саудын Арабад үйлчилж буй хууль журам эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн хэвээр байгааг онцолжээ.
Түүнээс гадна 2018 онд Саудын Арабын нууц албаныхан Истанбул дахь Саудын Арабын консулын газарт Саудын Арабын эрх баригчдыг хатуу шүүмжлэгч, сэтгүүлч Жамал Хашшогийгийн амийг егүүтгэсэн явдал олон улсын шүүмжлэлийг дагуулсан билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.