Томуу, томуу төст өвчний дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээний зөвлөмж

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн долоо хоногийн байдлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад томуу, томуу төст өвчний улмаас хандаж байгаа үйлчлүүлэгчдийн тоо ихэсч, амбулаторийн нийт үзлэгийн 76.1 %-ийг ес хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Бусад дүүрэгтэй харьцуулахад Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт томуу, томуу төст өвчний улмаас амбулаторид хандагсдын тоо харьцангуй өндөр, Баянгол, Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн түргэний ТТӨ-ний дуудлагын тоо нэмэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн орны ачаалал 49.1%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, дэгдэлт хэлбэрт шилжиж болзошгүй байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг өгч байна.

Томуу томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдэд уушигны хатгалгаа, менингит зэрэг үгдрэл хүндрэл өгч болзошгүй байдаг.

Томуу томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг шинжээр илэрдэг.

Бага насны хүүхдийг томуу томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

- Хүүхдийн дархлааг дэмжих: Нярай хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, витаминлаг, илчлэг нь тохирсон, чанарлаг хоол, нэмэлт тэжээлээр хангах

- Сармис, аарц, чацаргана, аньсны шүүс зэрэг С витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэх

- Хүүхдийг улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах

- Гэртээ цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх. Хүүхдийг хотоос зайдуу, цэвэр агаарт гаргах

Хэрэв таны хүүхэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол:

- Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөний дагуу эм бэлдмэлийг хэрэглэх. Дур мэдэн антибиотик өгөхөөс зайлсхийх

- Өвчний шинж тэмдэг илэрмэгц цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь тусгаарлан эмчлэх, дулаан байлгах

- Амны хаалт зүүлгэх

- Халуун аарц, сармистай шөл, цагаан гаатай халуун сүү зэргийг хэрэглэх, бүлээн шингэн зүйл ихээр уулгах

- Хүүхдийн аяга, халбагыг тусгаарлах, хэрэглэж байгаа тоглоом, хөтөвч, хувцас, хамрын болон гар нүүрний алчуур зэргийг сайтар угааж цэвэрлэх, содын уусмалаар ариутгах, даавуу эдлэлийг халуун индүүгээр индүүдэх

- Гараа сайтар угаах.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.