Өндгөн бигнүүр нь арьсны төрлөөс хамааран өөр, өөр орц найрлагатай

Twitter Print
2018 оны 02-р сар 09-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Бигнүүрийг цэвэрлэсэн арьсан дээр зөөлөн хөнгөхөн хөдөлгөөнөөр хөвөнгөөр эсвэл өргөн хавтгай багсаар зовхи, уруулаас бусад газар түрхэж тавина. Хөдөлгөөн нь духны голоос чамархай, хамраас чамархай, уруулаас чих рүү, эрүүний голоос чих рүү чиглэгдэнэ.

Бигнүүр тавихаас өмнө нүүрний арьсаа савантай бүлээн ус, эсвэл нүүр цэвэрлэгчээр, тоник шингээсэн хөвөнгөөр цэвэрлэнэ. Бигнүүрээ тухайн хүний арьсны хэв маяг, онцлогт тохируулан 5-20 минутын хугацаагаар байлгах зуур бигнүүр нь арьсанд тэжээлээ өгнө.

Бигнүүрээ салгахдаа жижиг хусуураар хусаж эсвэл жирийн буцалсан усанд дэвтээсэн тампон, хөвөнгөөр арилгана. Бигнүүрийн үлдэгдлийг нүүрээ угаах зуур цэвэрлэж болдог. Арьс чинь хэт хуурай, эсвэл хуурайшилтай бол хөдөлгөөн чинь зөөлөн хөнгөхөн байх учиртай шүү.

Өндгөөр бэлтгэсэн бигнүүр юугаараа сайн бэ?

Өндөг нь бигнүүрийн барьцалдуулагч нь болдог учраас л өргөн хэрэглэдэг байна. Тухайлбал өндөгний цагаан нь арьсыг татаж агшаах, шар нь тэжээх чанарын үйлчилгээ үзүүлдэг.

Хуурай, үрчгэр арьсанд тавих бигнүүрийн жор

Төмсний бигнүүр. Нэг өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд, чанасан төмсний нухаштай хольж, нэг хоолны халбага сүү, нэг цайны халбага гурилтай холиод 15 минут бигнэнэ.

Өндөгний шар. Нэг өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд хоолны нэг халбага зөгийн бал, хоёр халбага сүү нэмж холиод сайтар хутгаад 15 минут бигнэнэ.

Тослог болон холимог арьсны бигнүүр

Нимбэгний бигнүүр. Өндөгний цагааныг тал нимбэгний шүүстэй хольж сайтар хөөсрүүлээд 10-15 минут бигнэхэд арьсны нүх сүвийг нь хумиж, арьсыг сэргээж толигор болгох тул нүүр хүзүүндээ ч тавьж болно.

Зөгийн бал-тарагны бигнүүр. Өндөгний цагааныг хөөсрүүлээд хоолны нэг халбага зөгийн бал, нэг халбага тараг, хоёр халбага аарцтай нийлтэл нь хольж хутгаад 15 минут бигнэнэ.

Хэвийн арьсны бигнүүр 

Хэвийн арьсанд жимс, жимсгэнэ болон ногооны бигнүүр тавибал цэвэрлэх, тэжээл өгөх үйлчилгээтэй болдог. Бигнүүрийг түүхий өндөг, цөцгий, тараг, аарц, ургамлын тосоор бэлдэнэ. 

Ц.Баатарбилэг, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.