Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 07-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.07/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Х.Болорчулуун гишүүний гаргасан хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу хуулийн төслийн хариуцлагаас чөлөөлөхөд хамаарагдах найман хуулиас Авлигын эсрэг хуулийг хасах саналыг холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулан тусгаж, төслийг шинэчлэн боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат нар хууль санаачлагчаас асуулт асууж, тодруулга авав.

Гишүүдийн асуулт, тодруулгын дараа үг хэлэх гишүүн гараагүй тул Х.Болорчулуун гишүүн, түүний гаргасан санал дэмжигдсэнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасныг тус байнгын хорооны дарга Б.Болор хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулав. Уг санал хураалтаар хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг хасах гишүүний санал хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналыг авч дэмжигдсэн.

Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.