Таны хүүхдэд дараах зуршлууд бий юу?

Twitter Print
2020 оны 06-р сар 17-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

• Олон хүний өмнө юм ярьж чаддаггүй, дуугардаггүй хүүхэд бий юу, тийм бол:

Ичих шалтгаануудыг тогтоож түүнд тохирсон арга ашиглан ичимхий байдлыг арилгаж дэмжиж, урамшуулан өөртөө итгэх итгэлтэй болгох

Хэт их эрх танхил өссөн айлын ганц хүүхэд юмуу айлын том, эсвэл отгон зэрэг хүүхдүүд аливаа юм өөрийнх нь хүссэнээр болохгүй үед юм ярихгүй байх тохиолдол байдаг.

Хэт их зарчим ярьдаг, дүрэм мөрдүүлдэг шаардлага өндөр эцэг эхийн хүүхэд алдаа гаргахаас, загнуулахаас, шараа болохоос болгоомжилсноос юм ярихгүй, нуугдаж үлдэх тохиолдол бий.

Эсвэл эцэг эх нь түргэдээд өмнүүр нь орж үгийг нь таслаж ярьсаар байгаад бүтэн өгүүлбэрээр ярихгүй, улмаар юм ярихаас ч залхуурдаг болох хандлага байна.

Хэл ярианы хөгжлийн онцлог, нутгийн аялага, буруу дуудах зэргээсээ санаа зовох буюу ичээд юм ярихгүй тохиолдол бас байна. Чухам аль нь вэ гэдэг шалтгааныг нь зөв тогтоож ажиллаарай.

• Анхаарал нь их сарнидаг хүүхэд бий юу?

Багаасаа эцэг эхийн хэт анхааралд өсөөд хэн нэгэнд найдаж өссөн хүүхэд сургуулийн амьдралд ороод анхаарал сарниж өөрөө болон өрөөл бусдын суралцах үйлд саад болдог. Иймд хүүхдээ тэсвэр хатуужилтай байхыг эцэг эх өөрөө үлгэрлэн сургаж ямар ч зүйлийг дуустал хийдэг чанарыг сургах хэрэгтэй.

Анхнаасаа насанд нь тохирсон багахан даалгавар өгөөд дуустал нь бүрэн хийлгэж хэвшүүлэх. Насанд нь ахадсан их даалгавараар шахах нь хүүхдийг идэвхгүй залхуу болгодог.

Зурагт ном тогтмол уншиж өгч байх хэрэгтэй. Ном уншуулж өсөөгүй хүүхэд анхаарал төвлөрөлт сул байх нь элбэг ажиглагддаг.

Зурагт, дэлгэцийн хэрэглээ тохиромжтой хэмжээнээс хэтэрвэл хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд хамгийн сөрөг нөлөөтэй. 2 нас хүртэл огт үзэхгүй. 3 настай бол өдөрт 30-45' гэх мэт цагийн хязгаартай үзэх хэрэгтэй байдаг.

Юм ярихдаа ээрч түгдэрдэг хүүхэд бий юу?

Уртаар гүнзгий амьсгаа авах дасгал хийлгэж нэг амьсгаа авах хоорондоо гурваас дөрвөн үгтэй нэг өгүүлбэр хэлж дуусгах дасгал хийлгэх

Хэт их ярих юмуу юм ярихдаа амьсгаа ч авах сөхөөгүй ярьдаг хүний дэргэд байвал хүүхэд ярихдаа түгдэрдэг. Та өөрөө цэгцтэй, тод ярих хэрэгтэй. Хүүхэд таны амны хайрцагийг харах боломжтойгоор ярих.

Юм ярихад нь яаруулах юмуу эсвэл зовоож, шоолж ичээхгүй байх бас буруу хэлэх тоолонд нь давтаж засаж хэлүүлээд байх, өхөөрдөн өөгшүүлээд байх хэрэггүй.

• Залхуу удаан хөдөлгөөнтэй хүүхэд бий юу?

Хэт их хайр халамжинд өссөн, хэт урдуур нь орж гутал хувцасыг нь өмсүүлж өссөн хүүхдүүд ийм байх явдал их байдаг. 6 настай хүүхэд өөрөө хувцасаа бүрэн өмсөж, тайлж сурсан байх ёстой.

Томчууд хүүхдийнхээ хөдөлгөөнийг хүлээлгүй шууд туслан өмнүүр нь орж бие даан аливааг гүйцэтгэх боломжийг нь алдуулдаг. Хүүхдийг "Би өөрөө" насанд нь удаан ч гэсэн тэвчээртэй хүлээж, тайлбарлан өгч өөрөөр нь хийлгэж сургах хэрэгтэй.

Г. Төмөрзаяа 

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.