МАН-ын зургаан сайдыг огцруулахыг байнгын хороодын гишүүдээс дэмжлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 06-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

-Үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэнэ-

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 14 цагаас 57.9 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаараа Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцсэн юм.

Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийн талаарх Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Д.Оюунхоролыг Засгийн газрын гишүүн- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжлээ.

Бусад байнгын хороод үдээс өмнө хуралдан огцруулахаар өргөн баригдсан сайд нарын асуудлыг хэлэлцэн санал хураан МАН-ын зургаан сайдын тавыг нь огцруулахыг дэмжээд байсан юм. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 14 цагаас хуралдаж, Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэхээр тохирсон нь ийнхүү болж, Д.Оюунхорол сайдыг ийнхүү огцруулахаар болж байгаа нь энэ юм.

Хороодын хуралдаанаас ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг эргэн хүргэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар дэмжсэн юм.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжсэн.

Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас нь огцруулах саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжлээ.

Үүгээр шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газраас “урьж” ирүүлсэн МАН-ын харъяалалтай зургаан сайд огцрохоор дэмжигдэв.

Одоо УИХ-ын ээлжит бус чуулган хуралдан МАН-ын сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг хэлэлцэж байна.

Б.Хулан, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.