
Ардчилсан Монгол улсын төрийн дээд эрхийг барих Улсын их хурлын гишүүдийг сонгох сонгууль хаяанд тулж ирлээ. Ганцхан саналын хуудсан дээр ганцхан хүний нэрийг дугуйлаад саналын хувь ба ирц 99.99 хувьтай байдаг БНМАУ-ын сонгуулиас хойш 30 жил өнгөрөв.
Бид хуучин сум- нэгдлийндарга нараа, үйлдвэрийн дарга, аймгийн даргаа шинэ Ардчилсан Монголт улсын төрд Улсын бага хуралд илгээсэн. УИХ байгуулж бид дуучин ,жүжигчин, бөх хүмүүсийг бас сонгосон. Бас л болж өгөхгүй нь биднийг аз жаргалтай болгож чадахгүй нь гээд бид хөрөнгө мөнгөтэй, баян хүмүүсийг сонгосон. Байдал улам л муудаж одоо хэнийг ч сонгохоо мэдэхгүй сууж байгаа. Урьд сонгож өөрсдөө дээш нь илгээсэн бүх хүнээ 76 мангас гэх болсон. Зарим нь залхаад яршиг сонгууль өгөхгүй гэж байгаа бол зарим нь энэ муу хоёр МАН, АН-д өгөхгүй бол шар халзан төлөг ч яахав гээд шүдээ зууж суугаа сурагтай.
Гэхдээ сайн нь муугаасаа олон байж тогтдог хорвоо юм чинь. Одоо бидний олонхи нь сонгуульд өөрийн үзэл бодолтой орж, өөрийн сонгосон төрийн түшээ болох хүнээ судласан байдаг болсон. Биднийг бүү бас. Улсын төсвийн мөнгөөр энд тэнд бага сага засвар хийснээ, малчин ажилчин хүнийг Эрхүү-Байгаль далай явуулсанаа, нэгэн хоёр айлд хуц ухна, бух тараагаад хөгжилд хөтөллөө. хөтөлбөр биеллээ гэж бодож байгаа бол эндүүрэл. Бид одоо хаширсан. Монгол орны тулгамдаад байгаа олон асуудлыг шударгаар шийдвэрлэх, хууль зүйн орчныг цэвэршүүлэх, Монгол орны унаган байгалийг хамгаалах тухай санаа тавидаг энэ тухай хэлж яриж хэрэгжүүлдэг гишүүн Булганчуудад маш их хэрэгтэй байна.
Одоо та бүхэн Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн нутаг Туул голын баруун эргийг очоод хараарай. Элэг эмтрэм, тийм зүйл үзсэндээ гутарч нүд сохормоор эмгэнэлтэй болсон. Нутаг орон минь бидний нүдэн дээр нь сөнөж байна. Сөнөсөн гараг болгож урсгал усны амь таслан алтны том жижиг уурхай хууль бусаар малчдын газар бэлчээрийг дээрэмдэн эзэмшиж байгааг эсэргүүцэхгүй лав 4 жил болов та бидний сонгосон УИХ-ын гишүүн. Энэ талаар Булган аймгийн эрх дархтнууд, Бүрэгхангай сумын удирдлага огт дуугардаггүй, аюулын харанга яагаад дэлддэггүй юм бол оо. Ашиг сонирхолын зөрчил байдаг юм болов уу.
Тунарсан ногоон эрэгтэй Туул голын орчныг хэн нэр хаягаа солин,хүрээгэ улам тэлж ухаад сүйтгээд байгаа хэний компани вэ. Бүрэгхангай нутагт төрсөн уугуул хүүгийн ёсоор хайрлан харамсаж байна. Хэн энэ бүхэнд хориг тавьж, хэн энэ бүхнийг хазаарлан зогсооно гэж хөтөлбөртөө тусгана тийм хүнд саналаа өгөөрэй гэж Булганчууддаа уриалах болно. Хүн гэдэг нэгэн жарны настай биологийн амьтан бол газар эх мянга мянган жилийн настай эцэг өвгөдөөс өвлөгдсөн ээл дулаан өлгий минь билээ. Туул голын эх байгалийг нөхөн сэргээх үйлсэд нэгдэцгээе, Булганчууд аа.
Их хуралд сонгогдохоор таны саналыг гуйж яваа нөхдөөс авилгалгүй төр, аюулгүй эко орчины талаарх бодол санал төлөвлөгөөг нь сайтар сонсоорой.
Энэ удаа Булганчууд хаа нэг газраас хавчигдан хамхуул шиг хийсч ирсэн шатахууны шахаачин, ард олныг арван төгрөгөөр хуурч хамаг бүртгэл, данс регистрыг нь хүртэл бөөгнүүлж авчихаад сонгуульд өөрийгөө сойж байгаа шударга бус явдалт нэгнээс машид болгоомжлоорой гэж захия.
Энэ Булган нутгийн хөрс шороон дээр эхээс мэндэлж, энэ голын уснаас ууж, энд ахан дүүстэйгээ уйлж дуулж өссөн төрөлх Булганы хүн бол та бидэнд халуун элгэн сэтгэлтэй, дараа ирэх нэр нүүртэй, хэдэн үеэрээ дуурсагдах муу үйлс хийхгүй байх болно доо. Булганчууд бид чинь яахаараа Булганы хүнээ үнэнээ яриад явахад биш танихгүй хүн худал хэлээд явахад үнэмшдэг болчихсон юм бэ.
МӨНГӨ ТАРААСААН ХҮН СОНГОВОЛ МӨНХӨД ХАРААГДАХ БОЛОХ ВИЙ.
Б.Ганчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.