Хүйтэн дайнд Америкчууд ялсан юм байх, гэвч...

Twitter Print
2015 оны 08-р сар 06-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн зууныг барж дууссан хүйтэн дайнд Америкчууд ялсан юм байх. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ингэж сайрхаж байна. Тэрээр Вашингтон хотын Америкийн их сургууль дээр үг хэлэхдээ хуучин Зөвлөлт холбоот улсын эсрэг “тууштай явуулсан” хүйтэн дайнд "ганц буун дуу гаргалгүй” ялалт байгуулсанаа баяр бахадалтай мэдэгдсэн аж. Түүний хэлсэн үгийн бүрэн эхийг The Washington Post цахим хуудаснаас харж болох юм байна.

"Өнгөрсөн хугацаанд гарсан хямрал бүхнийг давж чадаагүй ч гэлээ дэлхий ертөнц цөмийн сүйрлээс зайлсхийж чадсан, тиймээс ч бид зөвлөлтийн цэрэгт буу шагайлгүйгээр хүйтэн дайнд ялах цаг хугацаа, орон зайг олж авч чадсан билээ" гэж тэрээр тэмдэглэсэн байна.

Барак Обама хэлсэн үгэндээ 52 жилийн өмнө тус их сургууль дээр илтгэл тавьж асан ерөнхийлөгч Жон Кеннедийн хэлсэн үгэнд тусгайлан анхаарал хандуулсан байна. Тухайн үед америкийн 35 дахь ерөнхийлөгч "цаг ямагт дайнд бэлэн байх"-ын оронд "тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа, идэвхтэй яриа хэлэлцээнд үндэслэсэн бодит ертөнц" бий болгох санал дэвшүүлж байсныг Барак Обама дурсаж, тэдгээр яриа хэлэлцээрийн дотроос 1991 онд байгуулсан СНВ-1 гэрээг онцлон дурьдсан аж.

Харин сүүлийн үед ОХУ болоод Барууны хоорондын хямрал өсөх болсоноор олон улс төрчид, төрийн зүтгэлтнүүд "хүйтэн дайн" гэсэн үг хэллэг хэрэглэх болсон нь АНУ, Оросын хооронд дахин сөргөлдөөн бий болгох үндэс болж байгааг  олон улсын улс төрийн шинжээчид тэмдэглэж эхэлсэн. Хуучин ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев саяхан Берлины ханыг нураасны 25 жилийн ойн баяр ёслолд оролцохдоо дахин "хүйтэн дайн"- ны аюул нүүрлэж болзошгүй байгааг анхааруулж байсан ёсоор дэлхий дахины хоёр тэнхлэг өнөөдөр “хүйтэн дайн”-ны ирмэгт яах аргагүй тулж ирээд байгааг хоёр талын өнгөлөх улс төрчид хүлээн зөвшөөрч эхлээд байна. Тухайлбал Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенко долдугаар сарын 1-нд тус улсын тусгаар тогтнолын өдрөөр үг хэлэхдээ "хүйтэн дайн” эргэн ирж байгааг тэмдэглэж үүнд "Эх орны дайны сургамжыг эргэн санах хэрэгтэй" хэмээн уриалж байсан билээ.

Гэтэл өнөөдөр Америк тэргүүтэй барууныханы “хүйтэн дайн”-д ялсан гэх үзэл суртал эргээд шинэ үе шатны “хүйтэн дайн” эхлүүлэх залгамж халаа бодлого болсон нь тодорхой аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.