Арлын оронд сүндэрлэсэн сүрлэг уул нуран унах уу

Twitter Print
2015 оны 08-р сар 06-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийг олон зуун жилийн түүхтэй. Харин 1909 оноос орчин үеийн системд шилжсэн байдаг. Түүнээс хойш Монголын бөх ёкозүна Хакухо Даваажаргал эзэн хааны цомыг 35 удаа хүртэж, бүх цаг үеийн рекордыг эзэмших болсон. Хакухо бол Япон хүн биш. Иймд арлын орны 130 сая хүн өөрийн их аваргыг рекорд эзэмшүүлэхийг туйлаас их хүсч байгаа.

Япончуудын хувьд таагүй үргэлжилж байгаа энэ их амжилтыг зогсоохийн тулд юу ч хийж магадгүй юм. Тэдэнд туршлага бий. Өмнө нь 68 дахь ёкозүна Асашёорюүг 25 удаа түрүүлэхэд нь элдэв арга хэрэглэсээр байгаад хүчээр шахуу зодог тайлуулсан. Дээрх аргаа дахин хэрэглэж магадгүй. Ийм мэдээлэл Хакухог 30 дахь удаагаа түрүүлэхэд л гарч байсан. Одоо бүр ч хүчтэй яригдаж байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр “The Japan Times”-д Хакухог ид үедээ буюу  өнөө жил зодог тайлах ёстой гэж бичсэн бөгөөд “Хакухо түүхэн карьертаа цэг тавих уу” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Харин манай бөх 2020 он хүртэл барилдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхдээ “Миний аав Ж.Мөнхбат Монголын үндэсний бөхийн дархан аварга, бас 1964 оны Токиогийн Олимпийн наадамд оролцсон. Энэ бол түүхэн амжилт. Би ч гэсэн 2020 он хүртэл зодог тайлахгүй барилдаж, “Токио 2020” зуны Олимпийн их наадмын нээлтэд их аваргын ёслол үйлдэхийг хүсч байна. Аавынхаа гишгэсэн мөрөөр явах нь ямар ч хүүгийн мөрөөдөл, туйлын зорилго байдаг. Харин Олимпийн дараа албан ёсоор зодог тайлна” гэсэн юм.

Энэ бол Япончуудад таагүй мэдэгдэл. Сумо бөхийн холбоо өөрийн бөхийг дээшээ гаргах гэж янз бүрийн арга хэрэглэж байгаа ч төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Дүрмийн дагуу нэг түрүүлэх буюу гурван башёд давсан тооны нийлбэр нь 33-д хүрвэл озэки цол, хоёр башё дараалан түрүүлбэл ёкозүна цол олгодог. Харин манай бөх Какүрюү Ананд нэг удаа түрүүлэхэд л ёкозүна цол өгсөн. Энэ бол дараа нь Япон бөхөө нэг удаа түрүүлбэл шууд их аваргаар өргөмжлөх бэлтгэл байлаа.

Гэтэл Япончуудын аз дутаж, 2006 оны нэгдүгээр сараас хойш Монгол, Болгар, Эстони улсын бөхчүүд түрүүллээ. Тэдний гол найдвар озэки Кисэносато, Котошёогикү, Гоэйдо нар түрүүлэх нь байтугай арслан цолныхоо хэмжээнд ч барилдаж чадахгүй байгаа аж.

Монгол бөхчүүдийн хувьд 30 нас гэдэг бол ид бяр хүч нь жигдэрсэн барилдах нас. Гэтэл сумо бөхийн холбоо Такасака ояката, Асашёорюү Дагвадорж хоёрыг дуудаж уулзаад шууд зодог тайл хэмээн тулгасан. Энэ шийдвэрийг нь хэн ч эсэргүүцэж чадалгүй “Өглөөний хөх луу” 2010 онд сумогийн дэвжээг орхиж байлаа.

Хакухо Даваажаргалын мэргэлжийн сумод гаргасан амжилт (Ногоон тэмдэгтэй нь түрүүлсэн тоо)

Үүний зэрэгцээ нэгэнт рекорд эзэмшсэн гээд Япончууд зүгээр суусангүй. Хакухо Даваажаргалыг элдвээр хавчиж, зодог тайлуулж байж санаа нь амрах бололтой. Энэ оны тавдугаар сарын тэмцээнд Хакухо Даваажаргал түрүүлээгүй. Мөн эхний өдөр нутгийн дүү Ичиножёо Ичинноровт унасан. Дээрх ялагдал нь сумо бөхийн холбооноос зэмлэл хүртэх шалтаг болж байв.

Хакухо 2014 оны нэгдүгээр сард домогт их аварга Тайхотой өөрийн биеэр уулзсан. Аргагүй өндөр насанд дарагдсан сүрлэг уул шиг их аварга Тайхо бурханы оронд одхоосоо нэг сарын өмнө Хакухотой ийн уулзсан бөгөөд “Миний рекордыг заавал эвдээрэй, барилдаан бүртээ хичээж, хэзээ ч битгий бууж өгөөрэй” гэж захисан. Хакухо ч энэ захиасыг 100 хувь биелүүлж, өдгөө 35 удаа түрүүлээд байна.

69 дэх ёкозүна маань мэргэжлийн сумод 35 буюу хамгийн олон удаа эзэн хааны цом хүртсэн, 11 удаа нэг ч уналгүй түрүүлсэн, зургаан удаа нэмэлт барилдаан хийж түрүүлсэн, нэг жилийн 90 барилдааны 86-д нь давсан амжилтыг хоёр удаа гаргасан, 63 барилдаан дараалан давсан зэрэг амжилтууд нь их сумогийн түүхэнд эхний нэг, хоёрт орох рекордууд. Үүнээс гадна мэргэжлийн сумод давсан тоо, дээд зиндаанд ялалт байгуулсан тоо, хоёр удаа зургаан башё дараалан түрүүлсэн зэрэг хэний ч хүүгийн давж гарахгүй сүрлэг амжилтыг өөрийн биеэр бүтээжээ.

Энэ замыг туулахад Хакуход амар байгаагүй. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, олны эсэргүүцлийг давж өнөөдрийн оргилд хүрсэн. Гэтэл Япон хүн биш гэсэн ганцхан зүйл нь өнөөдөр холбооны хүмүүсийн Хакухог шахах төлөвлөгөөний суурь болж байна. Их сумогийн оргилд хүрч, дэлхийн хэмжээний од болсон М.Даваажаргал, сумо бөхийн холбооны зөрчил хаана хүрч төгсөхийг бид хараад суухаас өөр гарц байхгүй аж.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • од

      (122.201.22.5) 2015-08-07 16:38
      • 0
      • 0

      Бүү муу ёрлоод бай ёс зүйн алдаа гаргахгүй бол яах ч үгүй.

      Хариулах