Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 12 мянгад хүрчээ

Twitter Print
2023 оны 02-р сар 09-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн даваа гарагт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа засгийн газраас үзүүлсэн хариу арга хэмжээг өмгөөлж, ийм төвшний гамшигт бэлэн байх нь боломжгүй зүйл хэмээн мэдэгджээ.

Турк болон Сирийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 12 мянгад хүрээд байна. Лхагва гарагийн байдлаар Турк улсад 9,057 хүн, Сири улсад 2,950 хүн амь үрэгдсэн нь батлагджээ.

Турк улсад гамшгийн хамрах хүрээ баруун талдаа Адана, зүүн талдаа Диярбакир хот хүртэл 450 км урт газар нутгийг хамарсан байна. Энэ завсарт 13.5 сая хүн оршин суудаг юм.

Сири улсад гамшгийн хамрах хүрээ газар хөдлөлтийн төв цэгээс өмнө зүгт 250 км зайтай оршдог Хама хот хүрчээ.

Шүүмжлэгчид газар хөдлөлтийн дараах хариу арга хэмжээ удаан, хангалтгүй байсан мөн Туркийн засгийн газар энэ тал дээр бэлтгэл муу байсан хэмээн үзэж байгаа аж.

Нөгөө талаас Ерөнхийлөгч Тайип Эрдоган засгийн газар асуудалтай тулгарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа авч чадсан хэмээн мэдэгдээд байна. Тэгвэл Туркийн сөрөг хүчний намын тэргүүн Кемал Киличдароглу үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Үүний хариуд Ерөнхийлөгч Эрдоган гамшгийн дараа нэгдмэл байдал чухал болохыг онцолж, "Ийм цаг үед улс төрийн ашиг сонирхлоор сөрөг кампанит ажил явуулж байгаа хүмүүсийг би тэвчиж чаддаггүй юм." хэмээн ярьжээ.

Олон жил үргэлжилсэн дайны үр дүнд дэд бүтцүүд нь устаж үгүй болсонтой холбоотойгоор Туркийн хөрш Сирид авран хайх ажиллагаа удааширсан хэвээр байна. Газар хөдлөлтийн үр дүнд зам эвдэрсний улмаас Турк, Сири хоёр улсыг холбосон Баб аль-Хава хилийн боомт хаагджээ.

НҮБ-аас хоёр улсыг холбосон зам удахгүй нээгдэнэ хэмээн мэдэгдсэн бол Туркийн Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу Сири лүү нэвтрэх боломжийг олгох хилийн хоёр ч боомтыг нээхээр ажиллаж байгаа гэжээ. Тэрээр, "Турк болон олон улсын тусламж Сирид хүрэхэд зарим нэг саад бэрхшээл байгаа учраас хилийн хоёр боомт нээхээр ажиллаж байна." хэмээн мэдэгджээ.

Европын холбоо Сирийн засгийн газрын хүсэлтээр тус улсад 3.5 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон ба тусламжийн уг мөнгө нь Сирийн засгийн газрын хяналтанд байгаа бүс нутгуудаас гадна босогчдын хяналтанд байгаа нутгуудад хүрэх ёстой гэсэн нөхцөл тавьсан байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын зөвлөхийн мэдээлснээр гакар хөдлөлтийн улмаас Идлиб мужид дангаараа 1500 гаруй хүн амь үрэгдсэн ба хоригийн улмаас Сири улсад тусламж дэмжлэг авч чадахгүй байна гэжээ. Тэрээр, "Европ бодон Америкийн тавьсан хоригийн улмаас бидэнд хангалттай тооны бульдозер, өргөгч кран, шатахуун байхгүй байна." хэмээн ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.