Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Гомдол ирүүлэх үндэслэл байхгүй

Twitter Print
2015 оны 08-р сар 05-нд 19:14 цагт
Мэдээний зураг,

-Манай намаас томилогдсон сайд нартай холбоотой асуудал яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд ийм зүйл гарсан байхыг үгүйсгэх аргагүй-

Улсын захиалгаар ажил үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудын авч чадаагүй байгаа төлбөрийг барагдуулахаар болсон ч, уг төслийн хэрэгжилтийн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Төсвийн байнгын хорооноос өчигдөр гаргасан юм.

Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа. 

-Та өмнө нь хэвлэлийн бага хурал зарлуулан “царцаагдсан” гэх барилгуудын санхүүгийн асуудлыг векселиэр санхүүжүүлэхээр боллоо гэж мэдэгдэж байсан. Гэтэл өчигдөр зарлуулсан хэвлэлийн бага хурлаараа энэ асуудлыг хойшлууллаа гэлээ. Үүнийгээ тодруулаач?

-Ерөнхийдөө бол төрийн захиалгаар үйл ажиллагаа явуулж байсан компаниудын хувьд 2008 оноос хойш мөнгөө авч чадаагүй нэлээд удсан байгаа. Ингэж удсанаас шалтгаалаад хүндхэн нөхцөл байдал үүсчихлээ гэдгээ бид удаа дараа илэрхийлж байсан, хэвлэлүүд ч мөн адил мэдээлж байлаа. Энэ асуудлын хүрээнд ажлаа хүлээн авсныхаа дараахан би, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн үед УИХ-ын долдугаар тогтоол гэж гарсан. 2008-2014 оны хооронд үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүд дээр вексель буюу өрийн бичиг бичин санхүүжүүлэх асуудлыг шийдэх тухай тогтоол юм. УИХ-ын уг долдугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын 282 дугаар тогтоол мөн гарсан. Гэхдээ 282 дугаар тогтоолыг саяхан гаргасан. Энэ тогтоол гарсантай холбогдуулаад хэвлэлийн бага хурал зарлуулсан юм.

-Анх зарлуулсан хэвлэлийн бага хурлын зорилго юу байв?

-Аж ахуйн нэгж, байгууллагуудад зар хүргэх зорилгоор, зарын шинж чанартай хэвлэлийн бага хурал хийсэн юм. Учир нь ийм шийдвэр гарсныг олон аж ахуйн нэгж мэдээгүй байсан. Иймд зарын шинж чанартайгаар хийлгэсэн, үүнийгээ ч хэлж, та бүхнээс дамжуулаад өгөөрэй гэж хүссэн юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд мэдээлэл авч чадсанаар барахгүй, нэлээд олон аж ахуйн нэгж Сангийн яаман дээр ирж, байгууллага, аж ахуйн нэгжийнхээ нэр ус нь орсон эсэхийг үзсэн. Вексельд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд вексель бичүүлэх чиглэлээрээ Сангийн яаманд хандсан байгаа. Тэгээд векселиэ бичиж эхэлж байлаа.

-Анх хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр та мэдэгдэхдээ, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг вексельд хамруулсан гэж байсан. Тэр шаардлагуудаа тодорхой дурьдах уу?

-Ямар шаардлагууд байсан бэ гэвэл вексель бичиж, санхүүжилт олгоно гэдэг маань өөрөө улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгож байгаатай  ижил утгатай зүйл. Тийм учраас улсын төсвийн гүйцэтгэл олгох явц хууль, дүрэм журмынхаа дагуу явагдах ёстой. Энэ журмын хүрээнд 15 асуулт бүхий хуудас гаргасан. Энэ хуудсаа аж ахуйн нэгж, байгууллагуудад тус бүрд нь үзүүлээд, улсын комиссын акт чинь гарсан уу, холбогдох яамд чинь хүлээж авсан уу, үйл ажиллагаа чинь хэвийн явагдаж эхэлсэн үү, зураг төслийнхөө хүрээнд хийсэн юм уу гэх мэтчилэн асуултуудад хариу авсан. Тийм гэсэн хариулт авсан аж ахуйн нэгжүүдэд векселийг бичиж өгч байсан юм.

-Гэтэл энэ ажлыг түр хугацаагаар зогсоосон талаар өчигдөр мөн хэвлэлийн бага хурал зарлуулж, мэдээлэл хийсэн?

-Өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар вексель бичиж байгаатай холбогдуулан шийдвэр гаргасан юм билээ. Уг хуралдаанаар векселийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдан Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан нэр бүхий гишүүд орсон байсан. Үүнтэй холбоотойгоор энэ үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан. Иймд үйл ажиллагаа маань түр хугацаанд зогсох боллоо. Ийм шийдвэр гарсан шүү,  шийдвэр гартал хүлээзнэж байгаарай гэж мэдээлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад өчигдрийн хэвлэлийн бага хурлыг зарлуулан мэдээлэл хийсэн юм. Харамсалтай нь “бидний үйл ажиллагааг зогсоочихлоо гэж хэвлэлийн бага хурал хийлээ” гэсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Угаасаа нэг ч аж ахуйн нэгж мөнгөө аваагүй байгаа. Иймд ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг 100 хувь хүлээн авах бүрэн бололцоотой.

-Өмнө нь вексель бичих тухай болсноо мэдэгдсэн хэвлэлийн бага хурлынхаа үед ийм шийдвэр гаргана гэж тооцоолж байгаагүй юу?

-Тэгж тооцоолох үндэслэл, нөхцөл байхгүй л дээ. Яагаад гэвэл УИХ-ын болон Засгийн газрын тогтоолтой. Магадгүй, засаг төрийн сайд нар, ялангуяа манай намаас томилогдсон сайд нартай холбоотой асуудал яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд ийм зүйл гарсан байхыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ Ж.Эрдэнэбат гэдэг хүн юм уу, эсвэл Сангийн яам дангаараа вексель бичих санаачилгыг гаргаагүй. Сангийн яам үйл ажиллагааныхаа хүрээнд бусад яамдын саналыг үндэслэн шийдвэр гаргадаг. Сангийн яам дангаараа шийдвэр гаргадаггүй. Өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр бүх яамдаас ирсэн бичгийг хэвлэлийнхэнд харуулсан шүү дээ. Нийт 14 яамнаас санал авсан. Вексель бичигдэж байгаа аж ахуйн нэгжүүд бүхий л салбарт төрийн өмнөөс ажил үйлчилгээ эрхэлсэн байгаа. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, батлан хамгаалах, хууль зүй гэх мэтчилэн. Энэ мэт салбар бүр дээр байгаа аж ахуйн нэгжийнхээ нэрсийг, салбарын яамд нь өөрсдөө Засгийн газар болоод УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх бололцоо, шаардлагатай гэж гаргаж өгсөн. Үүнийг Сангийн яамны зүгээс нэгтгэн Засгийн газрын тогтоол болгон Засгийн газрын хуралдаанд оруулж гаргуулсан юм. Харамсалтай нь зарим нэг улс төрчдийн хувьд ч юм уу, зарим нэг хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд ч юм уу, буруу ойлголт авснаасаа болоод янз бүрийн мэдээлэл гаргаж байгаа байх.

-Би яг асуух гэж байлаа. Аливаа асуудал дээр МАН-ын хийж буй зүйлсийг эрс эсэргүүцээд байна уу даа гэж харагдаад байгаа. Түр хугацаагаар зогсоох шийдвэр яагаад гаргачихав. Та юу гэж бодож байна вэ?

-Зарим нэг мэдээллийн хэрэгсэл дээр МАН сонгуулийн мөнгөө босгох гэж байна, Ж.Эрдэнэбат сонгуулийнхаа санхүүжилтийг босголоо гэдэг гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд гарсан тул би намын асуудалтай холбож ярьсан юм. МАН-ын зүгээс гаргасан шийдвэр гэж юу байх вэ. Хамтарсан засаг байгаа учраас хамтарсан засгийн шийдвэр л гэж гарна. Энэ нь АН-ынх, энэ нь МАН-ынх, энэ нь эвслийнх гэсэн асуудал байхгүй. Хамтын шийдвэрийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа гэж ойлгож болно.

-Энэ шийдвэрийг гаргах үндэслэл бий юу. УИХ болон Засгийн газрын тогтоолын дагуу хийсэн ажил биз дээ?

-Би үндэслэлийг нь харсан. Аж ахуйн нэгжүүд гомдол гаргасан гэсэн байна билээ. Би /инээв/ гомдол гаргасан гэж бодохгүй байгаа. Их олон аж ахуйн нэгжийн хүмүүс баярлаж байсан байх. 286 аж ахуйн нэгж гэдэг бол цөөхөн тоо биш шүү дээ. Тэр 286 аж ахуйн нэгжийн ар талд маш олон тооны албан хаагч, амь амьдрал явж байгаа. Тэд баярласан байх л гэж бодож байна. Тэгсэн мөртлөө байнгын хорооны тогтоолыг харахаар аж ахуйн нэгжүүд гомдол гаргасан учраас ажлын хэсэг шалгах боллоо гэсэн байна билээ.

-Аж ахуйн нэгжүүд гомдлоо хэнд, хаана хандаж гаргах ёстой вэ. Төсвийн байнгын хороонд хандаж гаргах уу?

-Над дээр нэг ч гомдол ирээгүй. Албан хаагчийн тань, Сангийн яамны тань зүгээс ийм ийм байдлаар дарамт шахалт үзүүллээ, ийм ийм байдлаар шаардлаа гэсэн гомдол ирээгүй. Над дээр гомдол ирээгүй мөртлөө төсвийн байнгын хороон дээр оччихсон юм билээ.

-Мөнгөө авах 286 аж ахуйн нэгжээс гомдол ирээгүй нь лавтай байх. Тийм үү?

-Авах ёстой аж ахуйн нэгжүүд яагаад гомдоллох вэ? /инээв/

-Авах ёсгүй аж ахуйн нэгжүүд гомдол гаргасан юм болов уу?

-Авах ёсгүй аж ахуйн нэгжүүд гэхээр бүр л ойлгомжгүй болно биз дээ, наадах чинь. /инээв/

-Вексельд багтаж чадаагүй аж ахуйн нэгж?

-Багтаж чадаагүй аж ахуйн нэгжүүдийн хувьд 80-аас доош хувийн гүйцэтгэлтэй байгаа. Угаасаа УИХ-ынхаа шийдвэрийн хүрээнд 80-аас дээш гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжийг хамруулж байгаа шүү дээ. 80-аас доош гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжийг хамруулах нь УИХ болон Засгийн газрын тогтоолыг зөрчих асуудалд хүргэнэ. Тэгэхээр гомдол ирүүлэх үндэслэл байхгүй гэж бодож байна.

-Гомдол ирвэл таны нэр дээр ирдэг гэсэн үг үү?

-Гомдол ирвэл миний нэр дээр ирж болно. Надтай орж ирээд уулзаж болно. Чөлөөтэй.

-Гомдол ирсэн. Гомдлыг нь тэгээд таньд үзүүлэв үү?

-Би зарга хийгээд байх шаардлага байхгүй. Эрх бүхий байгууллагын шийдвэр нэгэнтээ гарсан тул шийдвэрийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр шийдвэрийг нь хэрэгжүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар хардаж сэрдэн хэвлэл мэдээлийн зарим хэрэгслээр бичээд байна. Тэдэнд хандаж хэлэхэд янз бүрийн хардалт сэрдэлт байхгүй ээ, нэгдүгээрт. Хоёрдугаарт, нэг ч аж ахуйн нэгж өнөөдөр мөнгөө аваагүй байгаа. Уг шийдвэрийн талаар Засгийн газрыг хууль зөрчиж гаргасан байна гэдэг дүгнэлт гаргах юм бол хүчингүй болгох бололцоо нь байж байгаа шүү. Төр үүн дээр ямар нэгэн хохирол хүлээхгүй. Яагаад гэвэл нэг ч аж ахуйн нэгж мөнгөө аваагүй байгаа. Тийм учраас маш хурдан хугацаанд шийдвэрийнхээ хэрэгжилтийг гаргаасай гэж бодож байна.

-Түр хугацаагаар хойшлуулсан. Түр хугацаагаар гэдэг нь тодорхойгүй зүйл. Таны хувьд ч гэсэн тодорхойгүй байна уу?

-Тийм, тэр бол ер нь тодорхойгүй байгаа. Миний зүгээс хүсч байгаа хүсэлт байна. Маш олон аж ахуйн нэгжүүд баярлаж хүлээж авсан. Энэ аж ахуйн нэгжүүдийн хувьд өнөөдөр бас өр ширэнд орчихсон, цалин мөнгөө тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд байгаа. Арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авчихсан нь ч байгаа. Зээлээ төлчихье, өндөр хүүнээсээ салчихъя, цалин мөнгөө тавъчихъя гэсэн бодолтой аж ахуйн нэгжүүд байсан байх. Энэ аж ахуйн нэгжүүдийг таван жил хүлээлгэсэн. Арай гэж асуудал шийдэгдэх шатандаа явж байхад тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихлаа гэдэг асуудал яригдаж байна. Хардалтын үүднээс хандаж байгаа бол сонгуулийн дараа мөнгөө өгнө л биз дээ. Би тэгж бодож байна. МАН-ын зүгээс санхүүжилт босгох гэсэн ямар ч ажиллагаа байхгүй. Ж.Эрдэнэбат гэдэг хүн өөрийнхөө сонгуулийн мөнгийг босгосон ямар ч үйл ажиллагаа байхгүй. Миний хувьд зоригтой хэлж байгаа зүйл бол бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ бодсон шийдвэр гаргасан юм.

-Энэ талаар асууя гэж бодож байлаа. Зургаан сайд огцорвол векселийн асуудал хэвээр үлдэнэ гэсэн үг үү?

-Засгийн газрын шийдвэр хүчинтэй байгаа тохиолдолд хүчинтэй хэвээрээ л байна.

-Хүчингүй болгох боломж бий юу?

-Ер  нь бол хүчингүй болгох эсэх асуудлыг нэлээд хэдэн талаас нь харж үзэж байж шийдэх хэрэгтэй.

-Боломжтой гэж ойлгож болох уу?

-Боломжтой.

-Таныхаар боломжгүй болгох гээд байгаа юм шиг харагдахгүй байна уу. Эсвэл засаг солигдох үед өөрсөддөө тоглолт хийх гээд байгаа гэх ч юм уу?

-За тэр бол /түгдчив/ улс төрийн явуулж байгаа бодлогоос хамаарах байх, сайн мэдэхгүй байна. Ж.Эрдэнэбат гэдэг хүн болон МАН-ын зүгээс вексель бичиж байгаатай холбогдууулан ямар нэгэн ашиг сонирхлын зүйл байхгүй гэдгийг л баталгаатай хэлчихье.

-Цаг заваа зориулан ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.