Хүлээсэн өдөр буюу VIP (Very Important Person)

Twitter Print
2019 оны 12-р сар 06-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн байна даа, гар хоосон очилтой нь биш хэмээн өөрийн нэрийн “алдарт” (нээх алдартай бишээ, би л өөрийгөө хөөрөгдөж байгаа юм) өвчүүний махан зуушаа бэлдэв.

Нимгэхэн зүссэн махыг “баригдвал талыг нь ч болов нууцаар аваад орно” гэж тактик хэрэглэн 4 хэсэг болгон мөнгөн цаасанд боолоо. Хүннү рок концертонд өмсөхөөр зэхсэн Хүннү дээлээрээ гангарч, “Ширэг ширэг” дуугаар Хилэн Харынхаа сонорыг мялаан, Сангийн Цагаан гүүрээр (Bay Bridge) жийж өглөө дөө.

“Алаг дэлтэй унаган зээрдийнхээ
Амгай юугий нь авч л услаарай…

…Харийн нутгийн гүнийг туулахдаа
Хүлэг морио гамнаж яваарай…” энэ хэсэг дээр Хилэн Харынхаа бензинийг нь шалгадаг зуршилтай.

Манай хэд бэлтгэлээ хийх гэж байна. Шилэн хаалганы цаадах хилэн хөшигний завсраар харсаар зогстол 5:30 боллоо. Нөгөө VIP чинь ороод явчлаа шүү. Ингэж VIP болж том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад… “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, Монгол хүн байна ш дээ. За эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэнэ. Гар чичрээд, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай нь биш.

Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байгаагүй л байх. Дуулж дууссаных нь дараа "Би өвчүү авчирсан. Гүй ээ гүй… тал өвчүү… үхрийн… шараад хэрчээд аваад ирлээ. Баярлалаа. (Күй би яачаа вэ, баярлалаагаа түрүүлээд хэлчиж болоогүй юм байх даа, өөртөө баярлаад байгаа юмуу хаашаа юм, цай чанаад ирэх минь яав даа)". 

Хаачихаа мэдэхгүй төөрчихсөн амьтан шиг зогсч байтал VIP юу хийж болох, юу хийж болохгүй талаар тайлбарлалаа. Сэхээ орсон би “хамаа намбаагүй энэ тэрүүгээр харайлгаад байж болохгүй байх” хэмээн нэлээд болгоомжтойгоор алхангаа зургаа авж, 5 дууны sound check-ийг хамтдаа хийлээ. Залуус бэлтгэлээ дууслаа, буугаад ирлээ, мэнд усаа мэдэлцлээ, гар барилаа. Бүгдтэй нь шүү.

-Эгч нь өвчүү чанаад ирсэн, мэдсэн бол цай чанаад ирдэг байж.

-Эгчээ санаа зоволтгүй, өнөөдөр Тулгаагийн ээж нь гараар татсан махтай бууз, сүүтэй цай явуулсан байна лээ, монгол хоолоор элбэг сайхан байна гэнэ, ашгүй.

Аян замын сонин, цаг агаар, уул усны тухай ярилцахдаа

-Эгч нь Завханы Юнгээ арслангийн том охин хэмээн Жаяатай хэдэн секунд нутгархаад авлаа.

-Сангийн тоглолтод ганцхан хүн VIP авсан гэсэн Та байна ш дээ.

-Ээ бурхан минь, би ч энэ хавийнхаа нэр төрийг аваржээ (юу хэлэх гээд юу хэлчих вэ)

VIP access ticket дэлхийн том хамтлагуудын тоглолтод байдаг жишиг. Маш шахуу тоглолтын хөтөлбөртэй хамтлагийн гишүүдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс ийм арга хэрэглэдэг юм байна лээ. VIP нь хамтлагийн гишүүдтэй зургаа авахуулна, гарын үсэг бүхий CD, пянз авна, ярилцах боломж олгодог, бэлтгэлийн явцад хамт байна, тоглолт эхлэхэд урт дараалалд зогсохгүйгээр шууд орно, VIP гэсэн энгэрийн зүүлт өгнө, тусгай суудалд сууна.

Зургаа авахуулж, CD дээрээ гарын үсгийг нь ёстой л дуутай хууртай зурууллаа. Хүүүүүүүү.

Хугацаа дуусч гарах болоход:

-Миний дүү нар өвчүүгээ мартуузай. (өвчүү ярьсаар л орж ирсэн, гарахдаа ч бас… би яачаа вэ?)
Гадаа хэдүүлээ зогсож жоохон хууч хөөрлөө. Ахиухан л юм яривал мэлмэрүүлчих гээд болдоггүй...

Нүд ирмэхийн зуур уртаас урт дараалал үүсч, сошиалаар дүүрэн өөрийгөө зарласан би бас болоогүй VIP энгэрийн зүүлтээ гайхуулан баахан алхав. VIP тул хамгийн түрүүнд орж “Reserved” суудалдаа заларлаа. Канадын хамтлаг хагас цаг тоглосны дараа, манай залуусын гарах цаг боллоо. Тэсч ядсан үзэгчид

-Ана, яагаад эхлэхгүй байгаа юм бэ?

-Одоохон эхэлнэ, угаасаа өмнө нь нэг хамтлаг тоглоод, тэгээд манайхан гарч ирдэг юм. (би одоо менежер нь юм уу хаашаа юм)

Хү Хү Хү гэсэн уухайн дуу, Шөөг Шөөг дууны рок ритмээр солигдож, танхимын шал доргиж, үзэгчдийн уухай, дуучдын цуцашгүй эрэмгий дуу, хөгжмийн дуугаралт, бөмбөрийн цохилт нийлэн нэгэн сүрлэг хүч болж; дуулсан дуу бүр нь, хөгжмийн зэмсгүүдийн аялгуу бүр нь, дуугарсан уухай болгон нь, баярласан хөөрсөн сэтгэл бүр нь, үсээ хаялан бүжиглэх залуус бүр, үгүй бүр тэнд байгаа гадаадынхны харь хэлний үг бүр зөвхөн Хүннү рокоор хөглөгдөн; миний үгийн бяд хүрэхээргүй тийм уур амьсгал дунд 2 цаг хамт байлаа бид.

Өөрийн юм өөрийн л байдаг юм байна, хөөмий, дуу, хуур, товшуур, аман хуур, морин төвөргөөн, бөмбөр, цан, бидний дуу, миний Монголын дуу. Ардын урлаг, рок урлаг бас ингэж зохицдогоо, гайхмаар.

Баярлав, бахархав. Омогшив, огшив. Бас уйлав.

Юнрэнгийн Ариунзаяат

АНУ. Калифорни муж. Сан Франциско хот. 

2019.12.01.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.