Илрээгүй байсан орлого, хөрөнгийг ил гаргана

Twitter Print
2015 оны 08-р сар 05-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууулсан юм.

Хуурамч тайланг хүү болон торгуульгүйгээр залруулах аж

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж, хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болох аж. Мөн татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв чиглэлд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж төлөвлөж байгаа юм байна.

Хуралдааны явцад хуулийн төсөлтэй холбогдуулан Ц.Даваасүрэн гишүүн тодруулга хийсэн юм. “Хуулийн төсөлтэй холбоотой маргаантай зарим асуудал бий. Эдийн засгийн хямралтай үед нуун дарагдуулсан орлогыг ил болгох туршлага зарим орнуудад байдаг. Гэхдээ стратегийн томоохон ордууд, нийт борлуулалтын орлогынхоо тавхан хувийг үлдээхээр гэрээ хийсэн компаниудыг энэ хуулиас тусад нь авч үзэх хэрэгтэй. Зах зээлийн шилжилтийн үед ямар нэг хэлбэрээр эрх зүйн орчин, эдийн засгийн тогтолцоо боловсронгуй бус байсантай холбогдуулаад далд хэлбэрээр мөнгөө байршуулсан тохиолдолыг үгүйсгэхгүй байна. Тиймээс дээрх жишээнүүдийг ялгаваралтайгаар авч үзэх бололцоо бий юү” гэж асуулаа.

“Бусад аж ахуйн нэгжийн адилаар хөнгөлөлт эдлээд явна”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн эл асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариулсан юм. Түүний хэлснээр, УИХ-аар баталж, Засгийн газартай байгуулсан гэрээгээр зохицуулагдсан томоохон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ бий аж. Монгол Улсад эрх зүйн нөхцөл сайжирсан тохиолдолд үйлчлэх сөрөг хууль гарсан тохиолдолд хүлээж авахгүй байхаар байдлыг тогтворжуулсан заалт орсон учраас ялгавартайгаар авч үзэх боломжгүй. Бусад аж ахуйн нэгжийн адилаар хөнгөлөлт эдлээд явна гэсэн юм.

Ингээд асуулт тавих өөр гишүүн байгаагүй тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүд тус саналыг бүгд дэмжсэн юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн уг төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, нэгдүгээр сарын 12-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим санал гарсан тул Засгийн газарт нь эргүүлэн буцаасан. Засгийн газраас уг хуулийн төслийг дахин боловсруулан өргөн бариад байгаа нь энэ юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.