Хүчирхэг амьдралын хэв маяг

2017 оны 04-р сар 19-нд 22:00 цагт
Мэдээний зураг,

Хүн нэг өдрийн амьдралын зөв хэмнэлийг бий болгож чадвал, бүх талаараа төгс рүү дөхөж, их хэргийг бүтээж чадна. Өөрийгөө олон талаас нь нээж хөгжүүлж, ухаан саруул, бие эрүүл, сэтгэл өөдрөг ажиллаж амьдарч, хүн төрөлхтөнд их зүйлийг хийж бүтээж үлдээсэн хүмүүсийг судалхад ихэнхи нь Нэг өдрийн бүтээмжээр дүүрэн хэмнэлийг бий болгож, түүнийгээ ягштал мөрдөхийг эрхэмлэдэг ажээ. Бидэн шиг нэг ухаан орохоороо өдөх шөнөгүй морь мал шиг зүтгээд, тэгээд сар өдрөөр унтаж, цэнгэх биш, алгуур аажим ч болтугай жигд хэмнэлээр ажиллаж, амьдарвал маш ихийг бүтээж чадах ажээ.

Машинтай зүйрлэвэл: Машинаа ухаан жолоогүй зүтгүүлж хүчтэй, огцом хурдалж, араа шүдий нь зөрүүлж… өөд уруу сэгсчиж… тос маслогүй хяхруулж, түлш, бензингүй сажлуулж, сар өдрөөр зэврээдэг машин хэдий замыг туулах нь ойлгомжтой. Хашир жолоочийн зөөлөн гараар эдлүүлж их замыг (Дээхэн үед Саятан жолооч гэж байсан даа. Нэг машинаараа сая км туулж чадсан жолоочийг хэлж байгаа юм) туулсан машин гэж байдаг даа тийм ээ.

Хэрвээ хүн 90 наслана гэж үзвэл 32800 өдөр л амьдарч байгаа юм. 32800 төгрөгийг үрэхэд ямар амархан дуусдаг билээ дээ. Энэ өдрүүдээсээ одоо хэдийг нь өнгөрөөчихөөд байгаа билээ?

Амьдрал эдгээр өдрүүдээс л бүрдэж байгаа болохоор нэг өдрийн зөв хэмнэлийг бий болгож чадвал, амьдралын маань бүх өдрүүд бүтээмжтэй, сайн сайхан өнгөрнө гэсэн үг. Тиймээс нэг өдрийн бүтээмжтэй, аз жаргалтай, өөрийгөө хөгжүүлсэн, ихийг амжуулсан, эрүүл мэнддээ анхаарсан, оюун сэтгэлээ хөгжүүлэхүйц зөв хэмнэлийг хэрхэн бүтээх вэ? Та яг одоо ямар хэмнэлээр амьдарч байна вэ?

Нэгэн мэргэн хүнээс асуужээ,

- Ер нь, яаж амьдарвал дээр вэ?
- Яах юу байх вэ дээ, 24 цагтаа л багтаж амьдарвал дээр шүү дээ… (хэ хэ) хэмээжээ.
Үүн лүгээ бидэнд оногдож буй 24 цагаа оновчтой хуваарилах хэрэг гарч байгаа юм.

24 цагаасаа,
7 цаг – Унтах
2 цаг – Хооллох, ундлах
8 цаг – Ажил, сургууль буюу үндсэн үүрэг
2 цаг – Өөрийгөө хөгжүүлэх буюу ном унших, сонгодог хөгжим, яруу найраг сонсох гэх мэт.
1 цаг – Зөвхөн эрүүл мэнд, гоо сайхан ба биеийн хөгжилдөө зарцуулах. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн, алхах, гүйх, иог, бясалгал, гоо сайхандаа анхаарах, эрүүл мэндтэй хамааралтай зүйл унших г.м (Суугаа ажил хийдэг хүмүүс 30- 60 минут тутамд биеийн чилээг гаргаж суниагаад байвал маш сайн)

1цаг – Зөвхөн амрахад зориулах. Ямар ч ажил бодохгүйгээр өөр зүйлүүдэд цаг гаргах. Найзуудтайгаа уулзах, ажлынхантайгаа буу халах, гэр бүлийнхэндээ зав гаргаж ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглох, (7 хоногтоо 1 удаа урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн үзэх, салхинд гарах, голын эргээр алхах, уул руу алхах г.м)

1цаг- Чөлөөт цаг- Зөвхөн өөрийнхөө хобби сонирхолд зориулах, спорт, цуглуулга, нэт-ээр аялах, , сонин сэтгүүл унших, өөртөө хэрэгтэй сонгосон нэвтрүүлэг, мэдээгээ үзэх, (Ямар ч зорилгогүй суваг солиод суугаад байж болохгүй. Саяханы судалгаагаар Зурагт бол Номер 1 цагийн алуурчингаар тодорсон), Бизнетворкоороо зочилох г.м

1цаг- Өөрийгөө сонсох. Зөвхөн өөртөө зориулах цаг.

Өөртэйгээ ярилцах, өөртөө асуулт тавих, өөрийнхөө алдаа оноог дүгнэх. Зорилго, хүсэл мөрөөдлөө эргэж нэг харах. Шаардлагатай бол өөрчлөх. Орой бүр тухайн өдрийнхөө алдаа оноог дүгнээд байвал, та бие хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх нэг арга болох юм. Энэ өдөр би юу хийж бүтээв? Юун дээр алдав? Яагаад бүтээмжгүй байна? Хэнийг гомдоов? Хэнийг баярлуулав? Яагаад гомдоов? Зорилгынхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийсэн бил үү? Хийж байгаа зүйл минь миний хийх зүйл мөн үү? Юуны тулд энэ бүхнийг хийж байгаа билээ? Би өөрийгөө хуураагүй биз дээ? г.м. Ихэнхдээ бид өөртөө дүгнэлт хийх нь бага бөгөөд нэг л мэдэхэд бүх зүйл өнгөрч урсан одсон байдаг, хожимдсон байдаг.

1цаг- Тээвэрлэгдэх, зөөвөрлөгдөх, түгжлэх, хүлээх цаг. Гэхдээ энэ цагийг ч бас үр бүтээлтэй өнгөрөөх арга замууд байдаг. Та өөрөө бодоод олчихно байх. Жишээ нь: Зам түгжирсэн бол, сонсдог ном зохиол, яруу найраг, аудио зөвлөгөө сонсох, Ирээдүйн ажлаа төлөвлөх, мөрөөдөх г.м байж болно. Бухимдлаа гээд замын бөглөрөл арилчихгүй шүү дээ.

За энэ бол миний хувьд 24 цагийг ангилж хуваасан хувилбар байгаа юм. Та эндээс санаа аваад, өөрийнхөө сонирхол, ажил төрөлд тааруулаад өөрийн гэсэн хуваарийг бий болгож болно. Дээрх хуваарийн хувьд бол дундаж үзүүлэлтээр тооцож гаргасан байгаа. Энэ хуваарийн зарим хэсгүүд нь хоорондоо холилдож болно. Цаг нь ихсэж, багасаж болно. Эхний үед яг хатуу цаг барих гэхээсээ илүү ерөнхий хуваарь гаргаж, аажимдаа нарийвчлавал үр дүн сайн гарна.

Энэ хуваарь танд таалагдахгүй ч байж болно. Та хуваарилахыг хүсэхгүй ч байж болно. Энэ бол таны л сонголт. Гэхдээ энэ хорвоо дээр байгаа бүхий л зүйлс нарийн хэмнэл зохион байгуулалттай байх тусмаа илүү хүчирхэг, илүү олон зуун жил оршин тогтнодогыг та юу эс андах билээ дээ… Ямар нэгэн зүйлийн хэмнэл нь алдагдаж, доголдоод ирэхээрээ л сүйрэл нь ойртдог шүү дээ.

Өөрийн амьдралын хэмнэлээр ихийг хийж бүтээсэн хүмүүсээс дурьдвал: Равжаа хутагт тогтмол нэг цагт босож, уул хад болон номын өргөөндөө ирж бүтээлээ туурвидаг байсан. Урианхай гуай тогтмол 11 цагт унтаж 5 цагт босдог. Босоод бясалгал, залбиралаа үйлдээд, өдөр бүр 12 цаг бодож тунгаах, бичих туурвихдаа зарцуулдаг, Хятад хэлний Болдбаатар багш, 2 жилийн хугацаанд 4 томоохон сурах бичиг, толь гаргасаныгаа аажуу, жигд хэрнээ тасралтгүй нэгэн хэмнэлээр ажилласаны үр дүн хэмээсэн байдаг. Леонарда Да Винчи 4 цаг ажиллаад л 20 минут унтдаг (өдөр шөнө гэж ялгалгүй, энэ л хэмнэлээрээ ажилладаг байсан гэдэг) байсан г.м.

Зарим хүмүүс хэмнэлийг хэвшмэл амьдралтай андуурч ойлгоод байх тал бий. Хэвшмэл амьдрал гэдэг нь нэг л тойрогт орсон мэт амьдралыг хэлж болно. Харин хэмнэлийн хувьд бол ерөнхий нэг хэмнэл байх бөгөөд тэр хэмнэл дотор агуулагдаж байгаа үйлдэлүүд нь өөр өөр байх боломжтой. Өнөөдөр энэнтэй уулзлаа, маргааш тэрэнтэй уулзана. Энэ долоо хоногт гол явлаа. Дараа 7 хоногт уул явна. г.м. Машинтай зүйрлэвэл нэгэн жигд хэмнэлээр хурдлах бөгөөд хаана зогсох, аль зүгт явах зэрэг нь өөрчлөгдөнө гэсэн үг.

Н. Энхүүш

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.92.32) 2017-04-19 23:11
      • 0
      • 0

      Баярлалаа. Санууштай, мэдүүштэй, хэрэглүүштэй зөвлөгөө өгсөнд. Харин энэ 7 хоногт гол хаашаа, дараагийн 7 хоногт уул хаашаа явах юм болоо

      Хариулах