Карим “Реал Мадрид” клубт үлдэхээр боллоо

Twitter Print
2015 оны 08-р сар 04-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Английн “Арсенал” Европын шилдэг клубуудын тоонд зүй ёсоор орно. “Их буучид” 1998 оноос хойш “Аваргуудын лиг”-т тогтмол оролцож, Премьер лигт 1992 оноос хойш гурван удаа түрүүлсэн. Харин сүүлийн таван улиралд “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гаас хасагдаж, 2005 оноос хойш Премьер лигт эхний хоёрт орж чадаагүй.

Иймд Франц мэргэжилтэн А.Венгер багтаа хүчирхэгжүүлж, нэг улиралд доод тал нь гурван цом авахаар хичээж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй л байна. Багаа амжилттай явуулах үндэс нь шилдэг тоглогч. Гэтэл хөлбөмбөгийн “Жордан” Т.Анригаас хойш дэлхийн хэмжээний довтлогч “Арсенал” удаан тогтвортой тоглосонгүй.

Энэ зун ч гэсэн “Их буучид” Франц тоглогч К.Бенземаг авахаар хөөцөлдсөн ч бүтэлгүйтлээ. Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Р.Бенитесээс К.Бенземаг “Арсенал”-д нэгдэх талаар асуухад “Карим бидэнтэй үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Би түүнтэй хамтран ажиллахдаа баяртай байгаа. Мөн Реалаас явах шалтгаан ойрын жилүүдэд байхгүй” гэсэн аж.

Францын шигшээ багийн тоглогч К.Бензема 1987 оны арванхоёрдугаар сарын 19-нд Лион хотод төрсөн. Алдарт “Лион” клубын хүүхдийн академид хүмүүжиж, 2004-2006 оны “Лион В” багт 20 тоглолт хийхдээ 15 гоол оруулсан. Энэхүү амжилт нь томчуудын хараанд өртөн 2004 онд “Лион”-ы үндсэн бүрэлдэхүүнд орсон. 2009 он хүртэл тэнд 112 тоглолтод 43 гоолыг хийсэн.

Ийнхүү чамлахааргүй амжилт гаргасан түүнийг 2009 онд Эзэн хааны “Реал Мадрид” алдарт наймаануудыхаа нэгээр багтаа элсүүлсэн. 2009 онд Эзэн хааны багт Португалын К.Роналду “Манчестер Юнайтед”-аас, Бразилийн Какаг Италийн “Милан”-аас, Х.Алосог Английн “Ливерпуль”-ээс тус тус авсан аж.

Карим зургаан улирал “Реал Мадрид”-ын төлөө тоглохдоо 87 гоол оруулж, 2014 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, УЕФА-гийн Супер цомын аварга, Клубуудын дэлхийн аварга, Испанийн цомын аварга цол хүртсэн. Мөн 2012 онд Испанийн Супер цомын эзэн болжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.