Олон улсын жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбайг орон нутагт байгууллаа

Twitter Print
2015 оны 08-р сар 04-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

Говь-Сүмбэр аймгийнхан улсдаа жишиг болсон "Сүмбэр гарден" цэцэрлэгт хүрээлэнгийн Спорт цогцолборт хиймэл зүлэг бүхий хөлбөмбөгийн талбайгаа өнгөрсөн ням гарагт албан ёсоор нээж, "Говь-Сүмбэр цом-2015" өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээ эхлүүллээ.

Энэхүү нээлтийн ёслолд Говь-Сүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баянжаргал, аймгийн Засаг дарга Л.Одсэр, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ч.Батжаргал, Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням, тус хөлбөмбөгийн талбайн гүйцэтгэгч "Самосон" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Гантөр, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар оролцлоо.

"Сүмбэр гарден" цэцэрлэгт хүрээлэнгийн Спорт цогцолборт хөлбөмбөгийн талбайгаас гадна сагсанбөмбөг, талбайн теннис, хөнгөн атлетикийн зам талбайг байгуулжээ. Мөн хоккейн талбай, чарганы зам зэрэг өвлийн спортын байгууламжийг барьж ашиглалтанд оруулах юм. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн босголтод нийтдээ 512 сая төгргөгий орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргаж барьж байгаад нутгийн зон олон талархалтай байгаа төдийгүй говьсүмбэрчүүдээс энэ спорт цогцолбортоо спортоор хичээллэж улс орныхоо нэрийг мандуулах олон шилдэг тамирчид төрөн гарах боломж нээгдэж байгаа гэдгээр онцлогтой юм.

"Говь-Сүмбэр цом-2015" тэмцээнд 15 хүртлэх насны тамирчид ур чадвараа сорьж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос "Шинэ Яармаг", "Туулын том тулнууд", Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ баг, "Шинэ Налайх" клуб, Төв аймаг, Говь-Сүмбэр аймгийн өсвөрийн шигшээ баг гэсэн зургаан багийн өсвөрийн шилдэг хөлбөмбөгчид анхдугаар аваргын төлөө өрсөлдөж байгаа юм.

МХБХ-ноос олон шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хөлбөмбөгийн спортыг дэлхийн жишигт хүргэхэд мэргэжлийн дасгагалжуулагч багш нарыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, итгэл зүтгэлийг нэмэгдүүлэхэд эдийн засгийн тодорхой дэмжлэг туслалцаа чухал байгааг холбооны шинэ удирдлагууд онцлон анхаарч байна. Тухайлбал, тэмцээний чанар чансааг ахиулахад шагналын санг эрс нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэх зорилт дэвшүүлж ойрын үед тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсад хөлбөмбөгийн спорт жинхэнэ утгаараа хөгжиж, дэлхийн спорт болсон хөлбөмбөг манай хүүхэд, залуусыг байлдан дагуулах юм. Энэ үйлсэд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МХБХ-той хамтран ажиллаж байна.

МХБХ-ноос "Говь-Сүмбэр цом-2015" тэмцээний тэргүүн байр эзэлсэн багт 1 сая 500 мянган төгрөг гардуулах бол дэд байрт 1 сая төгрөг, гуравдугаар байрт 700 мянган төгрөгийн шагналыг тус тус олгож урамшуулах аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.