Өнөө орой "цэнхэр" сар гарна

Twitter Print
2015 оны 07-р сар 31-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Англи хэлэнд "Once in a blue moon" буюу “Цэнхэр сарнаар нэг удаа” хэмээх зүйр үг бий. Маш ховор тохиодог зүйлийг тэд ийнхүү зүйрлэж ярьдаг билээ. Харин өнөөдөр тэрхүү "цэнхэр" сар нь гарах юм. Сард нэг удаа тэргэл сар гардаг хэмээн тооцвол жилд 12 удаа сар бүтэн харагддаг. Ихэнх жилүүдэд 12 удаа тэргэл сар гардаг бол зарим жил, тухайлбал, 2015 онд 13 удаа тэргэл сар гарах аж. Өнөө жилийн нэгдүгээр сарын 5, хоёрдугаар сарын 3,  гуравдугаар сарын 5, дөрөвдүгээр сарын 4, тавдугаар сарын 4, зургадугаар сарын 2, долдугаар сарын 2, долдугаар сарын 31-нд тэргэл сар гарна. Нэг сард гарж буй хоёр дахь тэргэл сарыг "цэнхэр" сар хэмээн нэрлэдэг учраас өнөө орой сар цэнхэр өнгөтэй болж хувирна гэсэн үг биш юм.

Гэхдээ сар цэнхэр өнгөтэй харагдсан тохиолдол дэлхийн түүхэнд бас байдаг. Тухайлбал, 1883 онд Индонезид Кракатоа хэмээх маш хүчтэй галт уул дэлбэрэх үед агаар мандалд их хэмжээний үнс утаа цацарсны улмаас нар шингэх үед тэнгэрийн хаяа улайж, сар цэнхэр туяатай харагдсан гэдэг. Мөн 1950 онд Шотландын Эдинбургт одон орон судлаач Роберт Уилсон цэнхэр сарыг ажигласан байдаг. Тэр үед Канадын Альбертагийн ойд их хэмжээний түймэр гарч утаа нь тэнгэрийн мандлаар хөвсөөр сарны наагуур татсанаар цэнхэр өнгөтэй харагдсан аж.

АНУ-ын Мэн мужын фермерүүд дөрвөн улирлын нэг улиралд гардаг гурван тэргэл сарын сүүлчийнхийг “цэнхэр сар” гэж нэрлэдэг байж. Тэр тухай 1946 онд “Sky & Telescope” шинжлэх ухааны сэтгүүл нийтлэл гаргахдаа хуучны тодорхойлолтыг буруугаар тайлбарлан, нэг сард гарсан хоёр тэргэл сарны сүүлчийнхнийг “Цэнхэр сар” гэдэг хэмээн бичсэнээс өнөөгийн хэвшсэн ойлголт тогтжээ. Дараагийн цэнхэр сарыг 2018 оны нэгдүгээр сард бид харна хэмээн одон орон судлаачид тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: CNN

Орчуулсан Г.Төгөлдөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.