В.Төмөрбаатар: Малгай өмсөлгүй толгой нүцгэн явснаас амь баригч хий хямарч эхэлдэг

Twitter Print
2019 оны 11-р сар 30-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед тархи, нуруу нугасны өвчлөл нэмэгдэж, яс ургалт, шохойжих зэрэг үе мөчний өвчнүүд залуучуудад түгээмэл тохиолдох болсон. Тэр ч бүү хэл бага насны хүүхдүүд ясны сийрэгжилттэй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа тархи, нуруу нугасны өвчин юунаас шалтгаалан үүсч байгаа болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Төмөрбаатар Оточ” эмнэлгийн дарга, АУ-ы магистр, УАУ-ы их эмч В.Төмөрбаатарыг урьж ярилцлаа.

-Тархи, нуруу нугасны өвчин юунаас шалтгаалж үүсч байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Аливаа өвчин сэтгэлээс шалтгаалан үүсдэг. Сэтгэлээс өвчин үүснэ гэхээр хүн болгон гайхдаг. Хүн өөрийн сэтгэлээ захирч чадвал идээ унд, явдал мөр нь аяндаа зөв болж байдаг. Хэрэв та зөв хооллож, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх цаг зав гаргаж чадахгүй бол өвчин тусна гэсэн үг. Мөн гэнэтийн тохиолдол буюу од гарагсын нөлөөнөөс болж өвчин үүсдэг. Үүнийг засал номоор зөв хэмнэлд нь оруулна. Орчин үед тархи толгой, нуруу нугасны өвчин ихэслээ гэж яриад л байна. Гэтэл үүнийг бид өөрсдөө л үүсгэж байгаа. Нэгдүгээрт, тархи, нуруу нугасны өвчин нь гэнэтийн тохиолдол, осол аваараас болж байна. Хоёрдугаарт, явдал мөрөөс шалтгаалж үүсдэг. Хүн болгон арга билгийн тогтолцоонд оршиж байдаг. Тиймээс арга билгийн тэнцвэр алдагдсанаас шалтгаалж өвчин тусдаг. Энэ нь хамгийн түрүүнд улиралдаа тохируулж хувцаслаагүйгээс болж алдагддаг. Хэт соёлжиж ирсэнээс үүдэн хүн бүр маш ганган болсон. Үүнээс шалтгаалаад хувцаслах ёс заншлаа алдаж, малгай өмсөхөө больж, гоё харагдах гээд өвөл хүртэл тупль өмсдөг болсон. Гэтэл монгол хүн толгойдоо лоовуузтай, хурган дээлтэй, монгол гуталтайгаа л өвөлждөг байсан шүү дээ.

Оросууд үстэй малгай, шуба өмсдөг ч доогуураа бараг нүцгэн шахуу, ботинктой явдаг. Харин хятад хүмүүс толгой дээрээ шалчийсан малгай тавьчихаад, доогуураа их зузаан хөвөнтэй өмд өмсдөг. Улс болгон өөрийн нутгийн цаг агаар, байгалийн бүтцээс шалтгаалан хувцаслах ёс заншлын олон онцлогуудтай байдаг. Тухайн ёс заншлаас гажвал тэрхүү хүмүүс өвчин тусах магадлал өндөр болно гэсэн үг. Гэтэл бид малгай, гутлаа авч хаяснаас шалтгаалаад дээр доороосоо зэрэг даардаг болсон. Малгай өмсөхөө больсоноос толгой даарч, үүнтэй холбоотойгоор үндсэн хоёр өвчнийг үүсгэж эхэлдэг. Нэгдүгээрт, толгой нүцгэн явж, хэт их даарахаараа дулаан газар орж, дулаацахаараа дахиад л гараад явдаг.Даарахаар судас агшиж, дулаан газар орохоор судас тэлдэг. Ингэж малгай өмсөлгүй толгой нүцгэн халуун, хүйтнийг харшуулан явснаар судас агшиж, тэлж, агшиж тэлснээр хамгийн түрүүнд тухайн хүний амь баригч хий хямарч эхэлдэг. Хоёрдугаарт, судасны уян хатан байдал алдагдаж, хий буруудсанаас шалтгаалан цусны урсгал өөрчлөгдөж, үүнээс үүдэн нүдний даралт, тархины даралт ихсэх тэргүүтэн тархи толгойны өвчнүүд үүснэ.

Мөн толгой нүцгэн явж даарсанаас болж арга билгийн тэнцвэр алдагдаж доод биед халуун үүсч умайн хүзүүний улайлт, давсаг, өндгөвч, түрүү булчирхай, бөөрний үрэвсэлт өвчин үүсдэг. Эдгээр өвчнүүд үүсэхдээ ганц тэр эрхтэндээ нөлөөлөхгүй, мэдрэлийн зах хязгаар нийлж байгаа нугасны үеүд дээр өвчин үүсгэдэг. Үүнтэй холбоотойгоор дээр дурьдсан давсаг, бөөр, түрүү булчирхай, өвдгөвчнөөс гадна бүсэлхий нурууны 14, 17-р үеүд дээр өвчин үүсч эхэлдэг. Харин доороосоо хэт даарсанаар дээд биед халуун үүсч, хоолой өвдөнө. Хоолойны өвчин нь дараагийн үе шатандаа орж, гүйлсэн булчирхай томордог. Ингэнгүүт Европ анагаахын эмч нар “За ангина чинь үе мөчиндөө орлоо, зүрхэндээ орлоо доо” гэдэг. Энэ нь үндсэндээ арга билгийн тэнцвэр нь алдагдаж байна гэсэн үг. Хүн арга билгийн тэнцвэрээ алдагдуулвал нэг байтугай өвчинг зэрэг зэрэг үүсгэж байдаг. Мөн үүнээс гадна гаж хэв зуршил, хөдөлгөөн дутагдсанаас шалтгаалж тархи, нуруу нугасны өвчин үүсч байна.

-Хөдөлгөөн дутагдсанаас, гаж хэв зуршлаас шалтгаалж өвчин үүсдэг гэлээ. Тэгвэл үүнээс яаж сэргийлэх вэ?

-Арван жилийн хүүхдүүдэд нуруугаараа цэх суухыг заадаг байсан. Гэтэл одоо хүүхдүүд ширээн дээрээ хэвтчихсэн, эсвэл өвдгөө тэвэрч суудаг болжээ. Томчууд ч ялгаагүй, компюьтер дээр ажиллахдаа бөгтийж суудаг. Арван жилийн хүүхдүүд гаж хэв зуршлаас шалтгаалаад нуруу нугасны маш хүнд өвчтэй болж эхэлж байна. Яагаад гэвэл хүн сээр нуруугаараа бөгтөр, бүсэлхий нуруугаараа хотгор байх ёстой. Ингэснээрээ хүн ачаалал дааж, цохилтын хүч буюу гүйх, үсрэх ачааллыг даах чадвартай байдаг. Гэтэл одоо бүсэлхий нуруу нь хотгор биш, тэгш болсоноос шалтгаалаад нурууны дискнүүд ачааллаа даахгүй цохигдож байна. Үүнээс болж хамгийн түрүүнд бүсэлхий нурууны үенүүдийн диск нь эвдэрсэнээрээ нугас шахах аюултай үзэгдлүүд үүсдэг. Дээрээс нь  хүмүүс эрэгтэй эмэгтэйгүй гаж зогсдог болчихсон. Бүгд гоё сайхан харагдахын тулд нэг хөлөө шулуухан, нэг хөлөө өвдгөөр нь нугалж, нэг талын өгзгөө оцгор харагдуулах байдлаар зогссоноос аарцаг яс гэмтэхэд хүргэж байна.

Аарцаг яс гэмтээд ирэхээр дахиад л бүсэлхий нуруу нь гэмтэж, хөл нь урт богино болж, явдал, суулт нь өөр болж ирдэг. Энэ нь суурь нь далий бол дээдэх бүх зүйл тэнцвэртэй байхын тулд далийдагтай адил юм. Үүнээс шалтгаалаад тухайн хүний нуруунд муруйлт, хазайлтууд үүсч, нуруу нугасны өвчнүүд бий болж байна. Тиймээс суух, зогсохоо хүртэл анхаарах хэрэгтэй. Харин эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг хүмүүс бага багаар ойлгож эхэлж байна. Гэхдээ түүнийгээ бас л буруу хийдэг. Бие халаалт хийхгүйгээр хэт хүчтэй зүйл өргөснөөс болж нурууны үенүүд нь гэмтэж байна шүү дээ.

-Яс сийрэгжилтийн гол шалтгаан юу вэ. Хүүхэд, залуучуудын яс хүртэл сийрэгжээд байгаа шүү дээ?

-Үе мөчний өвчлөл дотор яс сийрэгжих өвчин тэргүүлээд байна. 1985 оны үед хийгдсэн судалгаанууд дээр 55 буюу 60-аас дээш насныхан яс сийрэгжих өвчин тусдаг гэж Европын анагаах ухаан үздэг. Гэтэл одоо 1-ээс дээш насны хүмүүс яс сийрэгжих өвчтэй болжээ. Ой таван сартай хүүхэд явган сандал дээрээс унахад эгэм нь хугарч байна. Уг нь энэ насны хүүхэд мөгөөрслөг ястай учраас далийж болдог, тэрнээс биш хугардаггүй. Арван настай хүүхэд хөл гараа хугалахад сараас дээш хугацаанд бороолж байна. Уг нь хорь хоногийн дотор л бороолох ёстой. 17, 18 настай хүүхдүүд зодолдоод нэгнийгээ цохиход гарынх нь яс хугарч, бөмбөг эвгүй цохиход л хөл нь хугарч байна.

Энэ болгон яс сийрэгжилт залуучуудад их тохиолдож байгааг харуулж байгаа юм. Үс хугарах, хумс хэврэг, амархан хугарамтгай болох, салаалж, давхарлаж ургах шинжүүдээр тухайн хүний яс нь хэр зэрэг сийрэгжсэнийг тодорхойлдог. Тэгвэл энэ бүхэн юунаас үүсч байна вэ гэхээр 1985 оноос эхлээд бид гурван цагаан хор гэдэг зүйлийг мэддэг болсон. Гэтэл энэ гурван цагаан хорноос зөвхөн өөхийг нь хорьчихсон. Гэтэл өөх гэдэг зүйл чинь хүний биеийг тослогжуулж, ясыг шимжүүлж байдаг. Өөх идэхгүй байснаас шалтгаалаад ясны шим, уян хатан чанар алдагддаг. Тиймээс ясны сийрэгжилттэй хүнээс гарсан хүүхдийн яс сийрэгждэг. 1985 онд насанд хүрсэн хүмүүсийн яс сийрэгжиж эхэлсэн гэхээр одоо яс сийрэгжилт ид явагдаж байна. Өөх идэхгүй байгаа тохиолдолд хүний цөс ажиллахгүй. Цөс бол зөвхөн өөх задлахад оролцдог зүйл гэдгийг Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрч эхэлсэн.

dsc_0413

Өөх идэхгүйгээс болж цөс өтгөрнө. Цөс өтгөрснөөр шар ус үүсэх процесс алдагдаж, энэ нь удаан хугацаанд явагдвал цөсний чулуу, цөсний нугаралт, өтгөрөлт болдог. Монголчуудын ихэнх хувь нь цөсний нугаралттай, цөс өтгөрөлттэй, чулуутай байна гэж хэлж болно. Гэтэл энэ нь ганцхан зүйлээс л шалтгаалж үүссэн. Хүмүүс идээ унд, явдал мөрийн дэглэмийг сахиж чадаагүйгээс болж өвчин үүсгээд байдаг. Хүн бүр эрүүл байхыг хүсдэг ч эрүүл байх ёс заншлаа сахиж чадахгүй байна. Гэхдээ өөх гээд хэтрүүлэн идвэл бас л өвчин үүсдэг. Тэгэхээр идээ, унд, дасгал хөдөлгөөн бүх л зүйлсийг тохируулан хэрэглэх нь эрүүл байх үндэс болно.

-Тэгвэл хүүхдэд сүүл хөхүүлсэнээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна гэсэн үг үү?

-Хүүхдэд сүүл хөхүүлэх хэрэгтэй. Өөрсдөө ч тохиромжтой хэмжээгээр өөх идэх хэрэгтэй. Өвөл мах иддэг учраас энэ үедээ л өөх идэх шаардлагатай. Яс сийрэгжилтээс шалтгаалаад одоо төрж байгаа эмэгтэйчүүдийн хүүхдийнх нь түнхний хөгжил дутуу, мултралтай байна. Яагаад гэвэл ээжүүд нь өөх иддэггүй, яс сийрэгжилттэй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой хэмжээгээр өөх идэж занших, эсвэл бүгдээрээ Д витаминыг хэрэглэх шаардлагатай болох нь. Ганцхан зүйлийг буруу хэрэглэснээс шалтгаалаад ийм олон өвчинг үүсгэх эх суурийг бий болгож байна. Ерөөсөө буруу хооллолтоос болж маш олон өвчин үүсч байгаа. Хоол ундыг идэх процесс алдагдаад ирэхээр өвчин бий болно. Тиймээс зөв хооллох ёстой.

-Зөв хооллолт гэхээр цагаан хоол, ногоо түлхүү идэх хэрэгтэй гэсэн өрөөсгөл ойлголт байдаг шүү дээ. Хэрхэн зөв хооллох талаар хэлж өгөөч?

-Яг тийм. Зөв хооллоно гэхээр хүмүүс цагаан хоол идэх үү гэж асуудаг. Зөв хооллох гэдэг чинь тухайн хүн нутаг орныхоо ёс заншлын дагуу хооллохыг л хэлж байгаа юм. Түүнээс биш цагаан хоол болгон эрүүл байхгүй. Бусад орны хүмүүс өөрийнхөө үндэсний хоолоор маш их бахархдаг. Япон, солонгосчууд хамгийн эрүүл хоолтой. Хооллох ёс заншил гэдэг зүйл хүн анх үүссэн цагаас хойш оршин байх хугацаанд батлагдсан үнэн. Монголын хувьд эрс тэс уур амьсгалтай, түүнээсээ шалтгаалаад хүний бие, ходоодны галын илч харилцан адилгүй өөрчлөгдөж байдаг. Тиймээс ходоодны галын илчдээ тохируулан хооллох процессийг заагаад өгчихсөн.

Өвөлдөө махаа ид, хавартаа борц, зундаа цагаан идээ, намартаа айраг цагаа, бага зэрэг ангийн мах ид гээд. Тэгвэл бид ингэж хооллож чадаж байна уу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрэв ингэж хооллож чадахгүй байгаа бол та буруу хооллож байна гэсэн үг. Буруу хооллолтоос болж хамгийн түрүүнд ходоод, элэг гэмтэж эхэлдэг. Ходоод, элэг гэмтэж эхэлснээс үүдэж хооллох процесс алдагдан, төрөл бүрийн өвчин үүснэ. Үе мөчний, ходоод, элэг, зүрх, уушгины өвчин, нарийн, бүдүүн гэдэс өвдөж эхэлнэ. Түүнээсээ шалтгаалаад сав, давсаг бөөр нь өвчилдөг. Тиймээс бүх эрхтэнийг өвчлүүлэх үндэс нь буруу хооллолт юм.

-Хүмүүсийн тархи хөдөлж, удаан хугацаагаар явах нь тархи, нуруу нугасны өвчний шалтгаан болдог гэдэг. Бага насны хүүхдийн тархи хөдөлвөл шингэн алдах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин том хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ. Яаж мэдэж, эмчид хандах вэ?

-Үүнийг энгийн хүмүүс оношилно гэдэг бэрхшээлтэй болчихсон. Яагаад гэвэл толгой нүцгэн явснаас болоод бүгдээрээ судасны хатууралтай болжээ. Судасны хатуурал, тархи доргилт хоёр ойролцоо байдаг. Тархи доргино гэдэг нь гадны нөлөөнөөс шалтгаалаад тархины нэг хэсгийн судас нь нарийсаж, нөгөө хэсгийн судас нь бүдүүрснээс тархийг дарж үйлдсэнээрээ тархи доргилтын шинж тэмдгийг үзүүлж байдаг. Гэтэл насанд хүрсэн хүмүүсийн тархины судсанд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд байдаг учраас зарим тохиолдолд мэдэгдэхгүй явдаг. Тиймээс мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

“Уламжлалт анагаах ухаан” сонин №11 (27)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.