Хью Жэкмэний дурсамж

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Холливудын алдарт жүжигчин Хью Жэкмэний шинэ жилийн дурсамж болон түүний сонирхолтой нууцын талаарх мэдээллийг хүргэж байна. Танд ч гэсэн мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрөөсөн шинэ жилийн баяр байдаг биз дээ.

Хүүхэд насны мартагдашгүй дурсамж:

Намайг есөн настай байхад аав, бид хоёр Мельбурн хотоос 12 цаг машинаар зогсолтгүй Сидней хот руу явсан юм. Тэнд крикетийн спортын сонгон шалгаруулалт болж байсан. Энэ нь миний хувьд хамгийн том дурсамж болж үлдсэн. Яагаад гэвэл аав минь тэнд байсан, би бас энэ спортын улаан фен нь байлаа. Маргааш өдөр нь Зул сарын баяр байсан учраас миний хувьд хүүхэд насны хамгийн сайхан Зул сарын баяр болсон.

Хамгийн муу зуршил:

Би телевизийн “Super nanny” гэдэг цуврал шоуны улаан хорхойтон. Энэ телевизийн шоу нь эцэг эхийнхээ үгэнд орохгүй байгаа хүүхдүүдийг яаж сайн жаал болгодог талаар гардаг бөгөөд энэ нэвтрүүлгийг бүхэл өдөржингөө үзсэн ч чадна гэж бодож байна. Шинэ жил болж байсан ч хамаагүй.

Мартагдашгүй дуу: 

Би нэг удаа шинэ жилийн үеэр Grease-ийн дуулдаг “Summer Nights” гэдэг дууг Мельбурнд байхдаа сайн найз Жон Траволтатай дуулсан юм. Тэр үед Жон энэ дууны нэг хэсэг дээр амандаа сигар зуун дуулахад тэр үед би өөрийнхөө ямар хөгжим тоглож байгаагаа мартаад дууны гол дунд нь зогссон маань хэзээ ч санаанаас гардаггүй юм (инээв).

Мартагдашгүйгээр хамгийн ихээр энерги авсан зүйл:

Би 18 настай байхдаа Италид шинэ жилээ өнгөрүүлэх завшаан тохиолдсон юм. Тэр үед хамгийн сайхан амттай Эспрессо уусан. Харин одоо арай өөр төрлийн кофеноос эрч хүч авдаг болсон. Тэр нь “Flat White”. Энэ нь Австралид илүү түгээмэл байдаг, бага зэрэг сүүтэй Латте л гэсэн үг л дээ.

Мартагдашгүй хамгийн нууц зүйл: 

Би жил ирэх тусам захиалгын оёдолчдын хувцас өмсөх дуртай болсоор л байгаа. Харин аз болж надад тийм оёдолчин байдаг. Тэр хүн бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан хослол оёдог хүн. Түүний нэрийг хэлэх юм бол би оёдолчноо цааш нь харуулах хэрэгтэй болох байх. Учир нь надаас өөр хүн түүний оёсон хослолыг өмсөх ёсгүй (инээв).

Мартагдашгүй хамгийн ихээр нууц авъяасаа ил гаргасан үе:

Би дунд сургуульд байхдаа "Yo-Yiong" гэх уралдаанд оролцож, түрүүлэн цом болон "Кока Кола" компаний футболка хожиж байсан юм. Тэнд оролцсон хүүхдүүд дундаас хамгийн бага нь би байсан. Тэнд байсан хүүхдүүд шагнал аваагүй бүгд их гунигтай харагдаж байлаа. Тэр үед надад маш эвгүй санагдсан. Би тэр хүүхдүүдийг бүгдийг нь гомдоосон юм шиг л санагдсан.

Тун удахгүй Питер Пэний тухай “Пэн” киноны ахмад хар сахалтын дүрийг Хью бүтээхээр болсон байна. Тэрээр хамгийн сүүлд энэ намар үзэгчдийн хүртээл болсон “Хоригдлууд” кинонд тоглосон бөгөөд одоогоор “X-Men: Days of the Future Past” кинон дээр ажиллаж байгаа юм байна.

 

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.