"ҮХ" гэхээр их эвгүй товчлол байгаа биз

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

"Үндсэн хууль" гэдэг үг бол "Основной закон" гэдэг орос үгийг махчилсан орчуулга юм. Монгол хүн ургамлаар сэтгэх нь цөөн.

Үндэстэн гэдэг үг бас л угсаатан гэдэг үгийн тариачинлаг хувилбар л даа! Хууль нь ч "хавли" хэмээх манж үг. Энэ үгс Монголын түүхийн эмгэнэлт дагуур, хараат улс байсныг илэрхийлж, манай хэлэнд гүн бат нэвшин суугаад бие даасан ойлголт бүр нэр томъёо (термин) болон хөгжиж байна. Хөгжүүлэгчид нь бид.

"Хавличид" хүртэл "Үндсэн хавли" бол бидний мэдлийн ажил гэдэг болсон нь үүнтэй холбоотой! Монгол хэлнээ "Үндсэн хууль" хэмээх нэр томъёог бүрэн дүүрэн орлох үг буй нь "Их засаг", Оросууд "Великая яса" гэж сонсголонтой сүрлэг орчуулсан үг юм. Английн "great" гэдэг "royal" үг бас тохирно. Их засагийг (нийтээр зассан) эвдэж үл болмуй. Энэ бол төр засах дээд эрх юм.

"Яса", "Йас-а", "Жас-а", "Зас-а" гэдэг үг уг язгуураар төрийг заана. "Яса" бол бичмэл хууль (энэ манж үггүй юу ч илэрхийлж болохоо байж), "ёсу" бол бичигдээгүй хууль юм. Тиймээс "Үндсэн хууль" гэдэг орос-манж үгийг үнэхээр эртний Их Монголын төр-улсын (гүрний гэхээр бас л манжийн "гүрүн" гэдэг үг дайрч ороод байх юм) үргэлжлэл юм бол "Их засаг" гэдэг үгээр сольж оноовол таарах мэт. Их, засаг хэмээх хоёр үг хоёул уг язгуураар хэвээр орчин цагийн монгол хэлэнд байна. Тиймээс дэлхий нийтэд их хоцрогдсон нэр томъёо гэж харагдахгүй юм. Гэтэл энэ үг эртний үг болоод нэгэн сургуулийн оноосон нэр болон мөхөж байна.

Ням-Осор айхтар түүх мэддэг хүн тул ийнхүү эзэмшсэнийг буруутгах аргагүй, тэр хүний оюуны гаргалгаа! Гэхдээ энэ мэт үгийг төр мэдэлдээ авч түгээмэл хэрэглээнээс гаргаж, хүндэтгэлийн үг болгочихмоор л байгаа юм. Өмнөх эзэмшигчид нь нөхөн төлбөр өгдөг ч юм уу, эсвэл "Үндсэн хууль" гэдэг үгээр сольчихгүй юу! (Даанч энэ үгийг нөгөөх нь голно л доо, үгийн үнэ цэн ийм л байна). "Их засаг" бол нийтээр хэлэлцэн тохирсон "төр засах гэрээ" гэдэг утгыг мөн ч сайхан илэрхийлж байгаа юм л даа! Харин "хавли тогтоогчид" нь Их засгаас хараат "хавли"-гаа тогтооно л биз. Сүүлийн үед манай цагдаа хүчнийхэн хүртэл хууль хэмээх нал шал үгнээс зугтаж, "эрх"-зүй хэмээх үгийг эрхэмлэх болж.

Нийтлэлч А.Баатархуяг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.