Ц.Мөнхтөр: Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Онцгой комисс байгууллаа

Twitter Print
2015 оны 07-р сар 28-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны талаарх мэдээллийг өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлч нарт өгсөн юм. Энэ үеэр түүнтэй товч ярилцлаа.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл, тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзэж байгаа. Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссыг байгуулсан.

Монгол Улсын Шадар сайд тус комиссыг даргалж, орлогч даргаар нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд ажиллана. Мөн Сангийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэнд, спортын сайд, БОНХАЖ-ын сайд, Зам, тээврийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох байгууллагуудын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар гишүүдээр ажиллахаар боллоо.

Үүний зэрэгцээ өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссын ажиллах журам, хариуцан гүйцэтгэх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, энэ сарын 31-ний дотор багтаан танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, тус комиссын дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.

-Эрчим хүчний аюулгүй нөөцийн талаар хэлэлцсэн гэсэн?

-Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай 4 тэрбум орчим төгрөгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг тус банкны ТУЗ-д зөвшөөрсөн.

Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 100 хувийг хангаж байгаа гол эх үүсвэрүүд болох дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт өндөр болсон.

Тухайлбал “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн тоноглол болсон зуух, турбин, генератор 1961-1969 онд ашиглалтад ороод 50 орчим жил, Дулааны III цахилгаан станцын тоноглол 30-40 жил, VI цахилгаан станцынх 20-30 жил болж байна.

Мөн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн ихэнх хэсгийн ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөр болсон зэрэг нь цахилгаан хангамж хэсэгчлэн болон бүхлээрээ хязгаарлагдах, өвлийн улиралд Улаанбаатар хотын дулаан хангамж ноцтой доголдох эрсдэл үүсээд байгаа юм.

Иймд хүйтний улиралд дулааны шугам сүлжээг хөлдөхөөс сэргийлж усыг нь эргэлтэд оруулах зөөврийн дунд чадлын генераторууд, зарим онцгой хэрэглэгчдийг хангах зөөврийн том чадлын генератор, 10 болон 35 кВ-ын хуваарилах байгууламжуудыг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн аюулгүйн нөөц бүрдүүлэх гэж байна.

-Алтны салбарын тогтвортой байдлыг хангах тал дээр ямар шийдвэр гарсан бэ?

-Алт олборлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд 7,1 тн алт олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас жилийн эцэст 11,4 тн-ыг олборлож, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 920 гаруй кг байсан. Мөн 2015 онд 10 тн алт олборлохоор төлөвлөснөөс хагас жилийн байдлаар 3,6 тн-ыг олборлосон үзүүлэлттэй байна.

Иймд эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын төлбөрийн тэнцлийг дэмжиж гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ авахыг холбогдох яам болон бусад газрын хүмүүст даалгасан.

Энэ хүрээнд алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх 256 тэрбум төгрөг хүртэлх, нэг жил хүртлэх хугацаатай, 9 хувийн хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгаж, Монгол банкны ерөнхийлөгчид зөвшөөрөл өгсөн.

Мөн алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 50 хүртлэх хувьд, тухайн жил дуусгавар болох нөхцөлөөр Засгийн газар өрийн баталгаа гаргаж, зохих журмын дагуу холбогдох гэрээ байгуулахаар болсон.

-Автозамын шинэчлэлийг хэрхэн хийх вэ?

-Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд Яармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа автозамыг сайжруулах, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн автозамтай холбох 8,3 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг тус  жуулчны баазтай холбох 5,8 км хатуу хучилттай автозамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэнэ.

Үүний зэрэгцээ АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх жил манай улсад зохион байгуулахтай холбогдуулан эдгээр зам, барилгын ажлын гүйцэтгэгч болон зөвлөхийн сонгон шалгаруулалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.