Баярлалаа, Кёкүтэнхо

Twitter Print
2015 оны 07-р сар 28-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумод анх барилдсан бөхчүүдээс өнөөдөр Кёкүтэнхо Цэвэгням ганцаараа зодог тайлаагүй барилдаж байсан. Харин Монголын бөхчүүдийн алтан хараацай Н.Цэвэгням өнгөрсөн башёд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй учир зодог тайлах шийдвэр гаргажээ.

Уг нь түүний багш нь “Озэки цолтой бөх жюүрёод унахдаа зодог тайлдаг. Харин Кёкүтэнхо доод зиндаанд унасан ч гэсэн барилдаж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг өөрөө гаргана” хэмээн зодог тайлуулахгүй гэж байсан. Манай бөхийн хувьд нагоягийн тэмцээний өмнө тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадалгүй жюүрёод унавал зодог тайлж магадгүй гэж байлаа.

Ингээд долоодугаар сарын башёг маэгаширагийн 11-ээс барилдаж, 3 даваа, 12 унаатай өндөрлөж, дээд зиндаанаас унах нь тодорхой болсон учир Кёкүтэнхо Цэвэгням зодог тайлахаар болов.

Тэрээр аварга, арслан цол хүртээгүй ч 20 гаруй жил мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдаж, олон дээд амжилт тогтоосон. Нямжавын Цэвэгням 1974 оны есдүгээр сарын 13-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. Анх 1992 оны гуравдугаар сарын башёд мэргэжлийн сумогийн хяналтын барилдаан хийж, тавдугаар сард нь хамгийн доод зиндаа буюу жонокүчигийн 47-д бичигдэж байлаа.

Түүнээс хойш 1998 он хүртэл зиндаа бүрт барилдаж байгаад дээд зиндаанд орж ирсэн. Макүүчид (дээд зиндаа) барилдах хугацаандаа 3 удаа сэкиваки, 8 удаа комүсүби цол хүртэж, 2012 оны тавдугаар сард эзэн хааны цом хүртсэн. Кёкүтэнхо шиг 38 настайдаа дээд зиндаанд түрүүлсэн бөх сүүлийн 60 жилд байхгүй билээ. 2012 оны нацү башёд манай бөх 12 даваа, 3 унаатай сүүлийн өдөр хүртэл тэргүүлж, улмаар нэмэлт барилдаан хийж түрүүлсэн юм.

Мэргэжлийн сумогийн дээд амжилтуудад Кёкүтэнхо 927 даваатай түүхэнд зургаад, дээд зиндаанд 697 даваатай наймд, карьерынхаа туршид 1870 барилдаан хийж бүх цаг үеийн түүхэнд хоёрт ордог. Мөн дээд зиндаанд 1470 барилдаан хийж, рекорд эзэмшдэг. 1998 оны нэгдүгээр сард дээд зиндаад дэвшснээс хойш 99 башё барилдаж, олон зуун жилийн түүхтэй сумогийн түүхэнд хоёрт бичигдэж байна.

Өөрийн нөр их хөдөлмөрийн үр дүнд домог болон үлдэж буй Кёкүтэнхогийн нэгэн содон амжилт нь ёкозүна Таканаханаг өвдөг шороодуулсан. Япончуудын бурханчлан шүтдэг, дээд зиндаанд 22 удаа түрүүлсэн их аварга Таканахана манай бөх Асашёорюүг озэки цолтой байхад нь даваад сэтгүүлч нарт “Би Монгол бөхөд унахгүй зодог тайлна” гэж байлаа. Харин үүний дараах тэмцээнд Монголын Кёкүтэнхо Цэвэгнямд өвдөг шороодсон.

Алс холын Япон улсын үндэсний бөх өдгөө бидэнд танил дотно, зарим хүмүүсийн хамгийн дуртай спортын төрөл болсон. Талын Монголын хөвгүүдээс дөрвөн дархлагдсан ёкозүна (Аварга цолыг хурааж авдаггүй. Бусад цолыг хурааж авдаг) төрж, цаашдаа ч манай бөхчүүдийн амжилт үргэлжилнэ. Энэ их ялалтын эхлэлийг тавьсан Кёкүтэнхо Цэвэгням, Кёкүшюүзан Батбаяр, Кёкүтэнзан Энхбат гурав эх орондоо төрсөн, Монгол хүүгийн үүргээ хангалттай биелүүлсэн. Ялангуяа Кёкүтэнхо Цэвэгням 23 жил сумогийн спортын төлөө зүтгэж, нутгийн дүү нарынхаа амжилт бүрт нь хамт байсан нь хүндлэхийн аргагүй гавьяа билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.