Ангарагийн нуур

Twitter Print
2014 оны 12-р сар 24-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

АНУ-д зохион байгуулагдсан жил болгоны геофизикийн хурал дээр НАСА-ийн "Сониучхан" хѳлгийн багийнхан хэд хэдэн шуугиан тарьсан нээлтүүд зарласны нэг нь улаан нүдэн гариг дээрх эртний нуурны ул мѳрийн тухай байсан юм. Гаригийн экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн урт хугацааны турш оршиж байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, судлаачид магадгүй тэнд ядаж микробын түвшний амьдрал байсан байх гэж таамаглаж байна.

"Сониучхан" хөлөг 2012 оны наймдугаар сард Гейлийн тогоо гэх 150 км-ийн диаметер бүхий солирын бѳмбѳгдѳлтийн тогоо дотор газардсан билээ. 2.5 тэрбум ам. долларын ѳртѳгтэй энэ роботын гол зорилго нь энэ Гейлын тогоо доторх газар хэзээ нэгэн цагт амьдралыг тэтгэж чадах орчин байсан уу гэсэн асуултанд хариулах байсан. Тэгтэл газардаад хэдхэн сарын дотор эрт цагт усны ёроол байсан байж болохуйц газар олсон бѳгѳѳд, тэр хавь олон тэрбум жилийн ѳмнѳ амьдрал тэтгэх бүрэн боломжтой байсан гэдгийг олж тогтоосноо энэ оны гуравдугаар сард зарлаад байсан юм.

Тэгвэл тэр үес хойш "Сониучхан" хөлөг тэрхүү усны ёроол байсан байж болох газрыг нилээн судалж, тэнд уртаашаа 50км, ѳргѳѳшѳѳ 5км орчим хэмжээтэй жижиг нуур байсан гэж дүгнээд байна. Нуур гэх гол шалтгаан нь зѳвхѳн тогтонги, урсгал зѳѳлѳн усны ёроолд л бий болдог маш нарийн ширхэгтэй шавар чулуун давхрагаас үүдэлтэй. Дэлхий дээр нуур ууршаад алга болсоны дараа ёроолын шавар нь хатаад яг ийм нарийн ширхэгтэй шавар чулуу болдог учир, судлаачид дэлхийнхтэй ийм адилхан зүйл олсондоо жаахан гайхсан байдалтай байна.

Шавар чулуун хэсгээс ухаж аваад найрлагыг нь судалж үзэхэд их хэмжээний нүүрстѳрѳгч, хүчилтѳрѳгч, устѳрѳгч, фосфор, хүхэр, азот зэрэг амьдралд нэн чухал элементүүдээр баялаг минерал олноор илрүүлсэн байна. Эдгээр минералын шинж чанараас нь үзэхэд, нуур маань хэт суурилаг эсвэл хэт хүчиллэг, бас хэт их давстай ч биш бараг хүн ууж болмоор цэвэр устай нуурын ёроолд хуримтлагддаг эрдсүүдтэй тун адилхан болж таараад байгаа аж. Мѳн нуурын ирмэг орчмын газруудыг судалж байгаад энэ нуур дор хаяж хэдэн арван  мянган жил, магадгүй хэдэн сая жил оршин тогтносон ч байж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.

Хэрэв энэ нуур үнэхээр цэнгэг устай байсан бол дэлхий дээр байдаг “химилитоаутотроф” гэх тѳрлийн бактерыг тэтгэх бүрэн боломжтой байх байсан гэнэ. Уг микробууд нь манай гаригын далайн ёроолд эсвэл агуйд зэрэг нарны энерги шууд очдоггүй газарт элбэг байдаг бѳгѳѳд тэр хавийнхаа эрдсүүдийг боловсруулж амьдралаа залгуулдаг юм байна. Ѳѳрѳѳр хэлбэл иймэрхүү эрдэс задалж, энерги авдаг микробууд уг нуурын ёроолын эрдсийг задлангаа хэдэн мянган жил амьдарч байсан байх магадлалтай ажээ.

Бидний мэдэж  байгаагаар 3.5 тэрбум жилийн тэртээ одоохондоо сайн тогтоогдоогүй байгаа шалтгаанаас үүдээд, Ангараг гариг нь геологийн хувьд огцом идэвхтэй болсон бѳгѳѳд ѳнѳѳгийн нимгэн агаар мандалтай, хүйтэн хуурай гадрагатай тѳрх рүү орж эхэлсэн гэж таамаглагдаж байна. НАСА-гийн Spirit болон Opportunity роботууд нь 3.5 тэрбум жилийн тэртээ урсч байсан голын ёроол байж болох газруудыг илрүүлж судалж байсан ба тэдгээр ёроолын материал нь маш хүчиллэг уснаас гаралтай гэж дүгнэгдсэн. Тэгэхээр энэ саармаг pH-тэй (хэт хүчиллэг эсвэл хэт суурилаг биш) цэнгэг усны ёроолд бий болсон байж болох шавар нь 3.7 тэрбум жил буюу, тус шилжилтийн үеэс 200 сая жилийн ѳмнѳ тэнд байсан гэхээр үнэхээр Ангараг гариг нь урьд цагт амьдрал оршин тогтноход таатай нѳхцѳлтэй байсан байж мэдэх юм.

Д. Энхнаран

 

 

 

 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.