Улс орнуудын бэлэгдэл цэцгүүд

Twitter Print
2019 оны 04-р сар 14-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Цэцэг бүхэн өөрийн гэсэн бэлгэдэлтэй, мөн бэлэглэх тоо нь хүртэл ямар нэгэн утгыг илэрхийлдэг байна. Хүний төрсөн өдөр, төөрөгт ч тохирсон цэцэг гэж бий. 

Ингээд www.mongolcom.mn сайтаас уншигчиддаа зориулж цэцэгний утга учир, өнгөний бэлгэдэл, тооны тухай мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

Нэг цэцэг нь чи минь наддаа цорын ганц юм шүү гэдэг утгыг илэрхийлдэг байна.

Гурван цэцэг: Чамтайгаа хамт би дэлхийг тойроход ч бэлэн байна.

Таван цэцэг: Би чамдаа хязгааргүй хайртай шүү.

Долоон цэцэг: Үүнийг зөвхөн гэрлэж байгаа шинэхэн хосуудад бэлэглэдэг.

Есөн цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг.

Арван цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна зэрэг утгыг илэрхийлдэг байна.

Сарнай цэцгийн өнгөний бэлгэдэл

Сарнай бол хамгийн тансаг сайхан цэцэг гэдэгт та санал нийлэх байх. Хүмүүс бид хайртай хүн, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ.

Бид хэнд ямар өнгийн сарнай өгөхөө төдийлөн сайн мэддэггүй. Сарнайн өнгө бүр нь өөр өөрийн гэсэн утга санааг агуулсан байдаг байна.

Улаан сарнай

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлгэдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг.

Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

Ягаан сарнай

Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна.  Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна.

Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг байна. Гэхдээ улаан сарнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг. Гэхдээ ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг.

Жишээ нь: Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно. Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна.

Шар сарнай

Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог. Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг. Гэсэн хэдий ч нэг хэсэг шар сарнайг сөрөг байдлаар бодож байсан үе бий.

Шар сарнайг атаа хорсол, бүтэлгүй хайрыг өгүүлдэг гэсэн бодолтой хүмүүс их байсан ч энэ нь цаг үе өнгөрөхийн хэрээр замхран алга болж, одоо харин найз нөхөд, баяр баясгалангийн бэлэг тэмдэг болсон юм. Та хэрвээ сэтгэл санаа нь гундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг хүнийг хөгжөөж эрч хүч өгдөгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.

Цагаан сарнай

Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Маш нууцлагдмал цэцэг юм. Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг.

Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлгэшээж ирсэн байна.

Улбар шар сарнай

Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригийн нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг. Мөн энэ сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.

Лаванда буюу хөх ягаан сарнай

Энэ сарнай нь зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг. Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартдаггүй гэж ярих нь байдаг. 

Улс орнуудын бэлэгдэл цэцгүүд

Цагаан уул 

Үхэшгүй мөнхийн бэлэгдэл болсон Цагаан уул цэцэг нь дэлхийн хамгийн ховор цэцэгсийн нэг юм. Манай орны тал, хээр, хангайд хаа саагүй элбэг ургадаг энэ цэцгийг Монголчууд ашид мөнхийн хэмээн билэгшээдэг. Энэ цэцэг нь 7-9 сард ургадаг ба 5-6 жижиг од хэлбэрийн үсэрхэг бүрхүүл бүхий дэлбээтэй юм

Балжингарав

Балжингарав цэцгийг өөрөөр алтантовч гэж нэрлэх бий. Орос улсын үндэсний бэлэгдэл болсон балжингарав цэцэг нь цагаан өнгөтэй, шар голтой цэцэг байдаг.

Жил бүрийн 7-р сарын 8-ныг "Балжингаравын өдөр" хэмээн нэрлэж гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг юм.

Сакура

Олон зууны турш Сакура нь Японы ард түмний гол бэлгэ тэмдэг болж ирсэн. Сакура цэцэглэх үеэр Япон улс яг л үлгэрийн орон мэт болж хувирдаг. Энэхүү анхилуун үнэртэй цэцэг нь хаврын хэдхэн хоногт дэлбээлдэг. Сакура цэцэг модноос цэцэглэдэг багаад Япончууд Сакура дэлбээлэх үед хэзээ хэзээнээс илүү өөдрөг, өөртөө итгэлтэй, баяр хөөртэй байдаг юм.

Яргуй

Франц улсын бэлэгдэл цэцэг бол яргуй. Хаврын цас ханзраагүй байхад хамгийн түрүүнд ургадаг хүйтэнд тэсвэртэй цэцэг бол яргуй юм. Тиймээс Европууд яргуй яргуйг итгэл найдварын бэлэгдэл гэж үздэг. Энэ цэцэг хөх цэнхэр, цагаан 2 өнгөтэй, нийт 12-18 төрөл байдаг. 

Цээнэ

Хятадууд бат журмын бэлэгдэл болгон цээнэ цэцгийг бэлэгшээж үздэг. Гоёмсог өнгө, тансаг үнэрээрээ бусдын анхаарлыг татдаг. Цээнэ цэцгийг Хятадууд баярын ширээ чимэглэж, хүндэт зочиндоо бэлэглэдэг. 

Шароны сарнай

Шароны сарнай нь Өмнөд Солонгос улсын үндэсний цэцэг юм. Шароны сарнай хэмээх энэ цэцэг жил бүрийн 7-10 сард дэлбээлдэг. Энэ цэцгин нар Солонгос хэлнээ үхэшгүй мөнх гэсэн утгыг агуулдаг.

Бадамлянхуа

Энэтхэг улсын бэлэгдэл Бадамлянхуа цэцэг нь халуун оронд ургадаг цэцэг. Нуур цөөрөм, намхавтар газрын усны мандал дээр хөвж ургадаг. Бадамлянхуа цэцэг дэлгэрэх үед усны эвгүй үнэр дарагддаг аж. Тиймээс Энэтхэгчүүд энэ цэцгийг ертөнцийн ариун сайхнй манлай хэмээн үзэж бэлэгшээж иржээ.

Бэлтгэсэн: Г.Ганчимэг

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.