Хүний эвгүй үнэрийг арилгахад амархан

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Хүн бүхэнд эвгүй үнэрийн аль нэг заавал байдаг мэт зарим хүмүүс ойлгодог. Суганы хонхор, хөлийн ул, амнаас гарах эхүүн үнэрийг монголчууд эртнээс хулмас, шивэр, амны үмхий гэж нэрлэдэг ажээ. Энэ 3 үнэрийн аль нэг нь хүнд заавал байх уу эсвэл гурвуул байх уу гэдэг асуултыг тавьдаг. Чухам ямар учраас  ийм тохиромжгүй муухай үнэр гардаг шалтгааныг товч дурдъя.

Хөлс

Хүний биеийн арьсанд олон тооны хөлсний булчирхай байдаг билээ. Хөлсний булчирхай нь арьсан доорх өөхлөг давхаргад байх ба цорго нь арьсны гадаргууд нээгдэнэ. Биеийн янз бүрийн хэсгийн өөхлөг давхаргад байгаа хөлс ялгаруулагч булчирхайн тоо харилцан адилгүй бөгөөд зөвхөн гарын алга, хөлний улнаас эхлээд бүх биенд нийт хоёр сая гаруй хөлсний булчирхай байдаг. Хөлсний булчирхай бие махбодын ус эрдэсийн солилцоо, биеийн халууныг зохицуулах, бодисын эцсийн бүтээгдэхүүн болох органик бодисыг бие махбодоос ялгаруулах үүрэг гүйцэтгэнэ.

Иймээс хөлс заавал ялгарах ёстой бөгөөд огт хөлөрөхгүй хүн гэж байхгүй. Гадаад орчны тааламжтай нөхцөлд биеийн хүчний ажил хийхгүй тайван байгаа хүн хоногт 0,5 - 0,6 л хөлс ялгаруулна. Хөлсний найрлага, түүний бүтэц харилцан адилгүй байдаг нь тухайн хүний бие махбодын онцлог, төв мэдрэлийн системийн тогтолцоо, биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой.

Биеийн хүчний хүнд ажил хийх, сэтгэл хөдлөх, халууцах, айх, ичих үед мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаарч хөлс их гарна.

Хулмас гэж юу вэ?

Энэ талаар тодруулан авч үзвэл суганы хонхорт байрладаг шилжилтийн үед үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг өвөрмөц булчирхайн үйл ажиллагаатай холбоотой. Энэ булчирхайд нян орж халдварласны улмаас тэнд ялгарч байгаа булчирхайн шүүрлийн найрлага дахь органик бодис задарснаас хүн болгонд байхгүй өвөрмөц үнэртэй хөлс ялгардагийг хулмас гэж нэрлэдэг. Хэвийн байдлаас илүү хөлрөх үед мэдрэлийн буюу булчирхайн нарийн мэргэжлийн эмчид даруй үзүүлэх шаардлагатай.

Мөн хэсэг газрын хөлс багасгах, үнэрийг дарахын тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж, өглөө оройд суганы хонхор, хөхний доорх нугалаас, харвингийн завсар, цавь зэргийг сайтар савандаж угаагаад хуурай зөөлөн алчуураар хаттал арчаад хэдэн дусал нимбэгний шүүс, 2%- ийн салициллийн спирт, 1-2% -ийн камфор ба борын хүчлийн уусмалаас хөвөнд шингээж арчаад сайн хатаасны дараа цацлага цацна. Эдгээр эмийн уусмал, цацлагыг гоо заслын эмчид үзүүлж, эмийн сангаас авч хэрэглэх нь зүйтэй.

Хулмасны үнэр арилгах хуучны нэгэн арга

Дэлхийн хэд хэдэн оронд өвөрмөц сонгомол содон үнэртэй үндэстнүүд байдаг. Тэр ч байтугай онигоо маягийн хэлц үг хүртэл зохиогдсон нь бий. Энүүхэн ойрхноос жишээ татвал, хятад хүний амны үнэр хэцүү, орос хүний суганы үнэр хэцүү, монгол хүний хөлний үнэр хэцүү гэхчлэн бараг “Ертөнцийн гурван хэцүү” маягийн юм хэлцдэг. Арга ч үгүй биз. Байгаль цаг уурын нөхцөл байдал нь нөлөөлж монголхүн хөлөө дулаалдаг, орос хүн толгойгоо дулаалдаг, хятад хүн бэлхүүсээ дулаалдаг гэлцдэг нь оргүй үг биш.

Хулмасны тухайд сармисны, сонгины содон үнэр мэт ханх тавих агаад монголчуудын хувьд хулмас нь олдмол шинжтэй байдаг шиг байгаа юм. Манай өвгөд хөгшдийн хэрэглэж ирсэн нэгэн сонгомол аргыг толилуулъя.

Дөнгөж саяхан муулсан хонины халуун бөөрийг сугандаа хавчуулж хоёр цаг орчим байлгаад авч хаяна. Ингэснээр хулмасны үнэр бүрмөсөн арилдаг гэдэг. Чухамдаа бөөр бол өөрөө шүүх, цэвэрлэх, хоргүйжүүлэх үүрэг үйлчилгээтэй эрхтэн. Тэхлээр хулмасыг арилгах байгалийн биологийн арга хэрэглүүр болох нь тодорхой байна.

Харин хөлийн үнэрийн тухайд өглөө, оройдоо хөлөө тогтмол сайн угаа, аль болохоор хуурай байлгах учиртай. Пүүз, кет гэх мэтийн хөл чийгшүүлэгч хөнгөн гутал өмсөхөөс зайлсхийх, зуны цагт хөл нүцгэн явахыг эрмэлзэх, гутлынхаа улавчийг байнга солих, хусны цагаан хальс /үйс/’аар хийсэн улавчийг шингээж хөл хөлрөхөөс сэргийлдэг зэргийг анхааралдаа авч, ялангуяа өдөртөө дор хаяж хоёр удаа хөлөө угаах хэвшлийг наад зах нь залхууралгүй нэг сар мөрдвөл шивэр арилах нь магадгүй биш мадаггүй юм. Хөлийн улыг хөрст газраас “хөндийрүүлсэн” гутал хэмээх “гутал”-аас түр ч атугай түдгэлзэж, нимгэрч нялцайсан нүцгэн улаан навч цэцэгс өвс ургамал лугаа “нүүрэлдүүлж” нэг үзээрэй.

Нэг ч биш хэд хэдэн удаа хэсэг хугацаанд хөвчин дэлхийгээ хөлөөрөө мэдрэн өвчин эмгэгийг өнөд умартан амарч үз. Хүний хөлгар хоёр бол биологийн газардуулагч буюу биогүйдлийн тогтворжуулагч юм. Тиймээс гар газар, хөл хөсөр амар жимэр ажин түжин амарч суух эрүүл энхийн нэгэн жаргалан тэр болой.

Төрөлхийн бус олдмол хулмаснаас зэсийн балын тусламжтайгаар ангижирч болно. Та зэсийн балыг хоёр суга, хөлийн уландаа байнга түрхвэл эвгүй үнэрээсээ салах боломжтой юм байна.

Мөн шивэр арилгах нь маш олон төрлийн үйлчилгээ, арга байдаг ч тэр бүр нөлөөлдөггүй. Харин үүнийг энгийн хирнээ хямдхан аргаар арилгах жор байна. Үүний тулд хүнсний цагаан лууванг чанаж, шүүсээр нь хөлөө байн байн угаавал шивэр арилдаг байна.

Хөлс гарах эрүүл мэндэд тустай

Хүний биед бараг 2-3 сая хөлсний булчирхай байдаг. Байнга суугаад байдаг хүний биеэс өдөрт 2 литр шахам хөлс гардаг боловч халууны хэмжээ нэмэгдэх юм уу биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд хөлс гарах хэмжээ нь нэмэгдээд 10 литрт хүрдэг.

1 грамм хөлс гарах бүр 0.64 килокалори халуун гардаг, хөлс гарах нь халууныг гадагшлуулдаг төдийгүй бас хортой элементийг гадагшлуулж чаддаг байна. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд гарсан хөлсийг дагаад холестерин, шээсний эд зэрэг бодисийн солилцооны зүйлүүд гадагшилдаг байна, энэ нь хүний биеийн эрүүл мэндэд тун ашигтай нөлөө үзүүлдэг байна.

 

Харин өмхий хөлсийг арилгахын тулд зуны улиралд хөлсний булчирхайг сайжруулах дасгал бэлтгэл хийх шаардлагатай байна. Биеэсээ хөлс гаргахын тулд наранд биеэ зориуд шарж, биеэсээ хөлсийг гүйцэд гаргах хэрэгтэй, эсвэл 43-44ºС халуун устай саванд сууж дор бие болон тохойгоо дэвтээнэ, 10-15 минут болж, цээжин бие, нуруу сайхан хөлрөөд ирхээр биеэ угааж, арчиж цэвэрлэж дууссаныхаа дараа цагаан гаатай шим тэжээлтэй шөл уувал сайн.

Аагим халуун 6 сараас эхлээд энэ мэтээр үргэлжлэн хэдэн долоо хоног угаавал хөлсийг хэвийн байдалтай гарах болгож, хөлсний өмхий үнэрийг арилгаж болох юм. Ер нь хөлс гарах нь хүний биеийн халууны хэмжээг зохицуулдаг бие махбодийн чухал ажиллагаа мөн гэж мэдэж явах илүүдэхгүй юм.

Хүний хөлс уул нь үнэргүй. Гэхдээ хөлс үнэртэй болох олон шалтгаан бий. Хүний идэж ууж байгаа зүйл, хэрэглэж байгаа хувцас, ажиллаж байгаа орчин, тухайн хүний төрх байдал, насны онцлог, хэрэглэж байгаа эм тариа, нэмэгдэл тэжээл ч хөлсийг үнэртэй болоход нөлөөлдөг.

Жишээлбэл: Шилжилтийн насны үед булчирхайн шүүрэл ихэсдэг тул хөлс эхүүн хурц үнэртэй болдог. Мөн охид, эмэгтэйчүүдийн хувьд биений юм ирэх үед хөлс хурц үнэртэй гарах нь илт мэдрэгдэх тохиолдол бий.

Суга, хөлний эвгүй үнэр хүнээс халдаж болох уу?

Хөлсний эвгүй үнэр үүсгэдэг нян хүнтэй хүрэлцэхэд халдахгүй. Харин хүний хувцас, нүүр гарын алчуур, дотуур хувцасаар дамжин халдварладаг. Тиймдээ ч эмч хүмүүст хувийн ариун цэврийг сайн сахь, усанд тогтмол орж бай, гараа угаа, ор дэрнийхээ цагаан хэрэглэл, нүүр гарын алчуураа тусдаа байлга, угааж индүүд гэж байнга зөвлөдөгийн цаад учир нь ийм юм.

Г.Ганчимэг, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.