Аргагүй амраг

Twitter Print
2018 оны 07-р сар 28-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

"Гэгээн алсад одохсон"... 

Василий Шукшин

Онгоцноос буухад зүрх давчдаж, цээж багтрам пүнхийсэн халуун угтлаа. Хар аяндаа хөлс цутгаж, даавуу цамц дал мөрөнд наалдан, юухан хээхэнд ч уцаарламаар. Найман сард хадланчдын майхан ийм билээ. Хайр найргүй шарах жин үдийн наранд хуйхлуулсан гандмал майхан чимээгүй уугиж, хэзээ мөдгүй гал угалзлан асах нь уу гэмээр хиншүү үнэртэж, шар хэдгэнэд ээрэгдсэн унаа морьд амь тэмцэн цовхочдогсон.

Сэлүүн дэнжийн салхиа тэмээ шиг залгихсан, юу гээчийн адын халуун, багтарч үхэм бүгчим орон бэ  гэсэн цухал төрсөөр есөн хэлийн амьтдын урсгалд туугдан явлаа. Долоон сарын нар хөөнгөтөн бүүдийсэн тэнгэрээс манартал шарна. Улбар шар, номин ногоон, орог саарал өнгө холилдон сүлрээд  тэнгэр ч гэж тэнгэр, тийм гэж хэлэхийн эцэсгүй  бүүдэн.

Хил гарав. Амьсгаа авахтай болж, аяны богцоо авахаар зэхэв. Сонсож дасаагүй үг хэл  шар хэдгэнэ дүнгэнэх шиг тээртэй, халуунд туйлдан цөхөрсөн би ялааны адуу шиг толгой хаялсангүй сажилж, суумгай хүний тэргэнцэр түрсэн хүүхэн өмнө тээглэн, хий үзэгдэл шиг  тэрнийг ад  үзэж хажиглах билүү, ядаж явахад энэ бас  юу ч вэ гэж амандаа хараал урсгах нь холгүй явав. Тэрэг түрсэн хүүүхний бэлхүүс нарийн, галбир уран. Тэгэвч энэ нэг япон хүүхэн л явна даа гэж бодон төдий анзаарсангүй. Эцээхэн алхаад зэрэгцэж, урд нь гарав. Нүдний буланд их л танил, дулаахан нүд харагдах шиг. “Зүүдэн өвчтэй болох нь дутаж, ямар юмных нь танил нүд байх билээ. Японд шүү, хаа холын Японд. Өдөр гээснээ шөнө эрэхийн үлгэр биш үү. Унтавч зүүдэндээ, сэрэвч сэтгэлдээ эрж хайсаар элийрдэг юм байгаа даа” гэж  өөрийгөө хөөрхийлөөд , ажиг сэжиггүй цааш алхав. 

Гадаа гарав.  Нар цононо. Эрхбиш задгай газар гэж өөр юм. Ботгирсон халуун агаар уушиг руу урсан оровч цээж тавирч, нүд онгойх шиг. Неон гэрлийн хувилгаан урсгалд сатааран зогстол бүсгүй тэргэнцэр түрсээр гарч яваа харагдав. Тэргэнцэрт хадагдсан эмгэний үс гэзэг нь сэгсийж, галгүй хоёр цэхэр нүд нь ухархайдаа ширгэж, шүдгүй ам шамшийлгасан, ёрдгор эцэнхий гар  нь амьдын шинжгүй сул  савчих нь хирдхийм. Ямархан  үйлт амьтан ингэж амьдын орчлонгийн  зовлонгоос ангижирч чадалгүй, өөрийгөө ч, энэ муу хүүхнийг бас тамлана вэ. Үхтэл үр харам гэдэг шиг, үхэн үхтэл эх нь бас л харам байж таарна даа, хөөрхий.

Би баахан сэжигч хүн. Муу юм ярих, муухай юм харахад гутаг сууна гэж. Тэр тусмаа хол замд  өлзий бодож иймэрхүү юм таарвал  яриангүй их цээрлэдэг. Магад, монгол хүний зан биз. Өөрийгөө сатааруулах санаатай тамхи татчихаж болмоор газар хайж алхав.  Араас хэн нэг хүн  цоо ширтээд байна уу гэлтэй, ямар нэг үл тайлагдах соронзлог долгион мэдрэгдэж, эргэж хармаар санагдав. Тэгтлээ ухаж бодсон ч үгүй, зүгээр л эргэж харав.  Бүсгүй намайг хөдөлгөөнгүй цоо ширтэж байлаа. Холоос харахнаа нээрээ танил  төрх шиг, их дотно дулаахан нүд. Хачин юм даа, түрүүн хажуугаар зөрөхөд төрсөн мэдрэмж. Үгүй ээ, тийм байх ёсгүй.

Тамхи асааж, шингэн цэнхэр утаа савсуулан үлээж зугаацав. Аль болох тэргэнцэртэй эмгэн, хүүхэн хоёроос  ангижирч , санаа бодлоо чөлөөлөх гэсэн хэрэг. Мөч хэртэй болов. Хүлээж цөхсөн хүнд бол мөч гэдэг барагдашгүй урт хугацаа юм. Энэ мөчийн хооронд түрүүхэн төрсөн сэжиг, сэтгэлд унасан хар бөртийг хөөн зайлуулах гэж хүчилж, тэрүүхэндээ өөртэйгээ тэмцэлдэн байв. Өөр зүйлд сатаарахыг хичээх тусам бүсгүйг хармаар, хачин үл ойлгогдом хүсэл төрнө. Элдвийг бодсоор, ачаагаа чирсээр буцаж алхлаа. Бүсгүй тэргэнцэртэй эмгэнийг унаанд суулгаж байв. Сэтгэлд тээглэсэн энэ хачин мэдрэмжээс салах минь ашгүй, ямар учиртай хүний үр юм бол доо, энэ хүүхэн...

Сунагар хар машин чимээгүй гэтэх мэт зугуухан хөвсөөр хажуугаар гарав. Яг зэрэгцэж ирэх тэр агшинд би бүсгүйн нүдийг харлаа... Мөн байна, шөнө зүүдэнд, өдөр сэтгэлд хадаастай тэр нүд, мөн байна. Шөнийн бүрд шиг чимээгүй, хайрын нууцхан уйтгараар мэлмэлзсэн, зөөлөн хар нүд.

Энэ явдал ерөөсөө хуруу инчдэхийн зуур болж өнгөрөв. Эхлээд анзаарсангүй, тэгэхдээ нэг тийм хачин увидаст хүч намайг машин тийш толгой эргүүлэхэд хүргэсэн байж таарна. Тэгээд таньж ядсан, таньсан. Таниад итгэж ядсан, мөн байна гэж лавтай итгээд балмагдах хооронд машин хажуугаар өнгөрөв. Тархи манасхийж, сэжиг цээр гэж хямсагнан цэрвэж байснаа умартан, цүнх богцоо цардмал зам дээр хөсөр хаячихаад  өнөөх хар машиныг даган гүйж байв. Зогсчих болов уу гэж горьдон бахардтал гүйлээ. Гүйгээд л байлаа, байдгаараа чардайн харайлгаад байлаа. Машин чимээгүй гулссаар, замын огцом эргэлт дээр бөгсний улаан гэрэл нь доогтой анивалзаад алга болов. Хэл мэдэхгүй, зам мэдэхгүй, хаашаа явж юу хийхээ ч мэдэхгүй над шиг амьтан одоо яалтай. Гүйж эцсэндээ бахардаж, гомдол цөхрөлдөө бахардаж, алганы хонхорт тогтоосон мөнхийн усыг алдаж гишгээд асгасан шиг, аль ч учраа олохгүй дэмий гаслав. Золбин нохой ч ингэж гаслахгүй биз, арга барагдаж чулуу хазмаар, үс толгойгоо үгтээмээр, амь тасармаар...

Бахардан ягтав. Зүгээр салхийтэл уначихав. Толгойгоо ганзагалан замын чулуун хашлага сандайлж, халаасаа тэмтрэв. Салганаж чичирхийлсэн гараар тамхи сугалж, хөмсөг сормосоо хуйхлан шахам байж асаав. Зүрх чичирнэ. Зогсолтгүй, нэг хором амсхийлгүй булгин дэлсэж, болдогсон бол гаргаж ирээд алгандаа хорголон барьж тайвшруулахсан. Яагаад...яагаад...яагаад вэ..?  гэж юунд ч юм гоморхон хашгичмаар, орь дуу тавин орилмоор. 

Тарж бутарсан оюун ухаанаа цуглуулахыг хичээж, сая юу болоод өнгөрөв өө, хорин жил эрж хайсан тэр минь энд, бүр хүний нутаг, хүний нутаг дундаа хаа байгаа далай чанад Японд байлаа гэж үү. Эсгүүл адилхан хүн харж андуурав уу, хий юм харж солиоров уу, сая би  сэрүүн, зүүдэлсэн хоёрын  аль нь болсон бэ. Өөрийгөө тэмтэрч, барьж үзэв. Үгүй ээ, би зүүдлээгүй. Хүнтэй ч андуураагүй. Би яаж тэр нүдийг өөр нүдтэй андуурах билээ. Зүрхний цэвэр тунгалаг, сэтгэлийн бодь ариун  шингэсэн зөөлөн, албин усгал харц. Гунигийн сүүдэргүй тийм гэрэлт харц. Нүдийг нь удаан харж суух дуртай байж билээ. Машин явж өнгөрсөн, би харсан, харц тулгарсан, тэр минь эмгэг тодорсон уйт харцаар оноож тод харсан. Намайг таньсан уу, таньсан байж таарлаа, гэвч... гэвч юу билээ. Тийм ээ, зэрвэс ажиглахнээ, баруун нүдний дор, хацар дагасан тодоос тод сорви тогтож. Тамхины галаар дарчихсан гэмээр эрхий дарам түлэнхий сорви. Ийм сорви байтугай эр хүний сүүдэр ч хүрээгүй тийм анхилхан явсан юмсан.  Олон жил өнгөрчээ. Тэр үеэс бидэнд үлдсэн юм бий болов уу....?

Харь нутгийн бүүдэн тэнгэр,  хөөнгөтсөн шар наран хайр найргүй шарж байлаа. Яагаад... яагаад...?  Чи ингэж явах ёсгүй хүн шүү дээ гэж бахардан гиншсээр...

Бүсгүй даанчиг цэвэрхэн төрж. Хүн цэвэрхэн төрнө гэдэг бурхны хишиг, тэр хэрээр нүдний хор, атаа жөтөө дагуулдаг нь ч ном биз. Цэвэрхэн гэхэд үг багадмаар цэвэрхэн төрсөн юмсан. Хас цагаан царай, хаш цагаан шүдтэй, зургар хар хөмсөгтэй, голшиг нарийхан охин. Гэхдээ юм бүхэн бас чиг сайхан төрсөнд биш шиг. Юу гээчийн ялдамхан, тослог зөөлөн, хичнээн сонсовч уйдашгүй ямар  гээчийн хонгорхон хоолой вэ гэж анх сонсоод уулга алдан автаж билээ. Мөнгөн хонх жингэнэх ч энэ ялдам дуу хоолойн дэргэд болхи бааздуу л юм даа, хэрэвзээ алтан гургалдай гээч амьтны дууг сонссон бол тэрний альхан чигт нь очих бол. Ийм ялдам тунгалаг байж чадах уу даа, алтан гургалдай ч гэсэн..     

Учрал. Хагацал. Үйлийн үр. Нэг эрчлээст нийтгэж болохгүй хувь тавилан гэж байдаг уу. Байдаг юмаа гэж хэн нэгэн хэллээ ч итгэхийг хүсдэггүй. Тийм зураас байдаг гэдэгт эргэлздэг, эргэлзэх байтугай бодохыг ч хүсдэггүй, хэн л залуудаа алив юмны учир шалтгааныг олох гэж тархиа гашилгаж байлаа. Хорвоог туучаад гарна гэж хэнхдэгээ балбадаг, юу хүснэ, тэрнээ атгаж байж санаа амарна гэж боддог. Тийм цаг байжээ, одоо санахад. Залуу ч байж. Тэнэг ч байж, итгэмтгий, хөөрхийлөлтэй гэнэн, ойворгон хөвсөргөн  явж дээ.   

Төв шуудан үргэлж хөл хөс болсон газар байдагсан. Нутаг нутгийн оюутан өдөр болгон  тэнд бужигнаж л байна. Орон гэрлүүгээ захиа занаа, цахилгаан утас явуулна, ижий аавтайгаа ярина. Сайхан ч байж дээ, бужигналдаад. Атгаг хар санааны хор шаргүй, дэврүүн гэнэн, мөрөөдөмтгий байж. Юу л бол юу бичиж, аз жаргалын мод амилуулан зурж  болох бөртгүй цагаан цаас шиг, шувууны сүүдэр ч дайраагүй цав цагаан өвлийн тал шиг байж. Халуун сэтгэлтэй, бүтэн итгэлтэй байжээ, тэр цагт.
Охин ижийтэйгээ утсаар ярьж байсан юм. Саваагүйрхэн, утасны бүхээгний гадна хаалганд чихээ наагаад чагнаж билээ.  

-Ээж... ээж л дээ... 

Удаан ярив. Охин сонсоод л байна.. Ээж нь учирлан аргадаад байх шиг.  

-Ээж...ээж л дээ. Миний үгийг сонс л доо. 

Чихээ нааж  чагнасан миний зүрх булгилан балбалзаж байв.  Өчүүхэн төдий чимээ гарахад годхийн ухасхийхэд бэлэн. Тэгсэн атал сонсмоор, нэг л хорхой хүргэм сэдэв. Ээж охин хоёрын ярианаас нэг юм олоод шүүрчих санаатай.  Чухамдаа тэр сэдэв, яг тэр мөчид надад огт хүртээлгүй байв. Зүгээр охины хоолойг сонсох саламгүй, хагацамгүй байлаа.

-Би яаж... сэтгэлгүй хүнд... үгүй ээ.. ээж... ээж л дээ. 
 Утас торхийн тасрав бололтой. Ум хумгүй харайлгаж, танхимын чулуун баганын ард орон нуугдав. Охины гэрэлт царайд эмгэг тодорно. Уйт сүүдэр дайрсан шиг. Хэдий уйтгарласан ч сайхан харцаа өргөж, тэгш мөрөө цэхлээд ихэмсэгхэн гарч явлаа.

Учрах ёстой байсан юм билээ бид. Өвлийн шөнө юмсан. Арслантай гүүрэн дээр алхаж явсан юм. Хоёр согтуу толгойд ээрэгдсэн нэг жаахан охин гүүрний чулуун хашлага руу байдгаараа хярчихсан, зөрж өнгөрөх олноос тусламж гуйн царайчилж, чангахан дуугарч чадахгүй бүлтэгнэж байхтай таарав. Харанхуй байлаа. Элдэв юм бодсон ч үгүй. Тэдний дундуур зүсэн орж, охины гараас шүүрч аваад хөтлөөд алхлаа. Тэр дуулгавартай дагаж, эг маг хийж гацсан өнөө хоёр согтуу ганц үг хэлж чадалгүй хоцров. Эргэж чиг харсангүй. Араас дайрсан бол яаж алийгаа алдах байсныг бүү мэд, бурхны аврал уу, хувь заяаны огтлолцох цэг тэр байсан юм уу, тэгж л учирсан юм.

Их чанга, итгэлтэй гар байсан гэж тэр минь хожим ярьдагсан. Энэ гараас хэзээ ч тавихгүй юмсан, ийм хүчирхэг гарт хувь заяагаа даатгасан байхад итгэлтэй байж болмоор, энэ гарыг л тавьчихвал хаачихаа мэдэхгүй төөрчихмөөр, гэгээн цагаан өдөр ч төөрчихмөөр мэдрэмж төрөөд гэж... Хөхүүн цолгиун, нүдэнд нь  гэрэл цацарч байдагсан. Ямар нэгэн үйлийн үрийн сүүдэр дайрахгүй шиг, хагацал гээчийг үзэхгүй шиг санаж, атаархал бахархал хоёрт цатгалан явлаа.

-Хүн хүнээ олно гэдэг л энэ байх. Ер нь бол урьд төрөлдөө учрах болзоо тавьсан улс энэ дэлхий дээр ирээд бие биесээ эрэн хэсэн тэнүүчилж байдаг юм гэнэ лээ.  Гэвч биесээ олох гэж их зовдог юм гэсэн. Магадгүй зарим нэг нь хэдэн төрөл дамжиж байж олж болно. Олбол сайн буяны үр, төрөл тутамдаа хийсэн буян нь арвижаад сая учруулдаг юм гэсэн.  Эд лав тийм л учиртай улс. Урьд өмнө нь хоёр биеэ олох гэж цөхрөлтгүй хэрэн хэсүүчилж, зовж зүдэрч, тэгэхдээ биесээ олно гэсэн итгэл найдвараа алдаагүй хэрэг байх. Их зовсны эцэст жаргах учиртай юм гэнэ лээ. Эд жаргахын одонд сая л нэг юм төрж дээ хөөрхий, амьтай бүхэн жаргалыг хүсдэг хойно доо  гэж хүмүүс ярилцдаг байсан гэдэг.

Тэр минь зүрхний гүнд орж гарсан гэгэлгэн хонгор нугалаа гарган дуулдаг байлаа. Могойн арьсан гадартай, ис тортог зуусан шанзаа өвөр дээрээ эвлэг донжтой тавиад, зүрхний дээгүүр татсан хос чавхдасыг  гэнгэнүүлэн, уйлуулан дарах шиг болдогсон. Зовсон зүрх амирламаар, хөндүүрлэсэн сэтгэл эдгэмээр тийм ээнэгшүү, янаг халуун.

011

....Нуураа чи хөлдөх гээд л байна уу даа... 
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо... 

Амрагхан хүүгийн минь нүдэнд нулимс тунарч,  эр хүний гарт элэгдэж дуусдаг бүсгүй богино заяаг аргадан дуулна уу, алсын алсаас наашлан буй хагацлын хар сүүдрийг зөгнөн байна уу гэлтэй сэн. Түүнийхээ нулимс тунасан хар нүдийг харж,  намрын талын өвсний гиеүрэл шиг гэгэлзэн сэнсэрч, сэтгэл сэмэртэл янаг халуун дуулах хоолойг нь сонсох  дуртай, хичнээн цаг өнгөрөвч уйдашгүй, цаг хугацаа өнгөрөхийг анзааралгүй  суудаг байж билээ.

-Ийм дууг их зовсон хүн л ингэж дуулна даа. Эс мэдрэхүй бүрийг тэмтэрч,  далд  уй бүхнийг сэртэл дуулна гэдэг сайн ёр биш. Эд жаргах тавилангүй л улс шиг байна даа. Зул гэнэт бадамлаад шархийтэл унтардаг шиг, үлдсэн нажид урт он жил түнэр харанхуйд төөрч,  биесээ хайж зовно доо..   

Нэг хэсэг нь ил хайрлаж, нөгөө нь дотроо нууцхан харгалдаж байжээ. Тэгэвч хайр, хүний нүдийг сохлодог хойно доо. Хайранд мансуурч, жаргалдаа бялуурсан надад  хөлд өргөс орох байтугай толгойд хадаас шаахыг ч анзаарах сөгөө байсан гэж үү... Гэгээн алсад одохсон гэж  сэтгэл зүрхээрээ нисч явсан цаг.

Хорин жил... Тэнгэрийн хаяанд гялбасхийгээд өнгөрөх зурвас гэрэл, түүний сүүн зам шиг хүний амьдрал охорхон богино гэж бодвол хорин жил уртаас урт. Сэтгэл зүрх нь хоосорч, хүйт дааж, нэгэн цагт  өөрт байсан гэрэл гэгээг хайж цөхсөн хүнд үлшгүй хол, зүдэргээт жилүүд, зовж үзээгүй хүн бол үүнийг яаж мэдэх вэ. Цаг наргүй санаж, өдөр шөнөгүй бэтгэрч, амиа хорлочихмоор олон тохиол дунд хорин жил байтугай хоёр цаг, хоёр хором ч урт. Ихэнх хүн хайр гэдгийг мэддэггүй. Дасаж, ойр дотно байж, ямар нэгэн хачин тохиолоор учирч, яв явсаар биесээ таньж болно. Үүнийгээ хайр гэж эндүүрэх нь бий. Хамаг нандин бүхнээ үрж зарчихаад, цэвэр ариун гэх бүхнээ барчихаад, тэр хойно сая л энэ бол хайр биш юм, хайр гэдэг өөр юм байж таарна гэж хайж эхэлдэг.

Аз болж би хайрыг эндүүрэлгүй таньсан юм. Энэ бол хайр. Зүрх минь хагарчих шахам өвддөг энэ мэдрэмж бол хайр, энэ орчлонд үүнээс илүүг хүсэхгүй, илүү юунд ч шунахгүй, энэ хайр байхад амьд явна гэж зөн совин минь хэлнэ. Хүмүүс ярьдаг. Сайхан нүдийг нь анх хараад дурласан гэж. Эсвэл сайхан гар, хун цагаан хүзүү,  хар хүрхрээ шиг үсэнд нь харц унагасан гэж. Ер нь юу ч билээ, ямар байсан хүнийг эд эрхтэн бүрээр нь хэсэгчилж хайрласан тухай яриад байдаг юм. Миний хувьд үгүй ээ, амраг минь тэр аяараа л онцгой. Хөгжим шиг тийм нандин, хавар шиг  тийм анхилам, гөлөглөж буй нялх бургас шиг тийм энхрий, дэргэд нь суугаад л баймаар тийм дулаахан байсан. Сэтгэл зүрхээ цэнгүүлэн жаргаамаар тийм уужим, хайрын гүнийг  нь туулж барамгүй тийм алс. Хайрт хонгор минь өнө мөнхийн хавар шиг байж билээ.

...Тэр минь нутаг руугаа буцах хэрэгтэй болсон юм. Эх нь үхлүүт гэсэн хэл ирж, тэгээд явах боллоо. Тэнгэр тэр аяараа газар бууж нуурлав уу гэлтэй, эргэн тойрон нүүгэлтсэн битүү цагаан манан. Хорвоод хорин жил амьдрахдаа би тийм өтгөн манан газарт хөглөрөхийг үзээгүй. Амраг минь, “Удахгүй эргээд ирнэ, сэтгэлээ хувиргахгүй хүлээж байгаарай” гэж учирлан аргадан байвч зөн совинд минь энэ харанхуй цагаан манан тэрнийг минь залгичих юм шиг мэдрэмж төрж байлаа. Хөлсний тэрэг манан дунд түгдчин, гэрэл дохио бүгдийг асааж аажим алгууран урагшилсаар, манан дунд бид улам живсээр.. Нэмэн өтгөрөх нүүгэл цагаан манан дунд жингүйдэн хөвөх шиг болсон надад “Тэнгэр ийм байгаа юм чинь, агаар муу гээд онгоц битгий нисээсэй” гэсэн хачин адын хүсэл төрж билээ. Их урт зам байсан санагдана. Хотын төвөөс нисэх ортол бүтэн өдөр гэлдрэх шиг болов.  Машины холын гэрэл түнэр өтгөн манан дунд холын одны сулхан гэгээ шиг харагдаж,  юунд ч юм сэтгэл хөндүүрлэн зовиурлаж, бачимдмаар байж билээ. Гэлдэрсээр, сажилсаар нисэх рүү орж ирэв. Гайхалтай нь, нисэхийн хонхор нүдний өмнө тодоос тод, газраар элэглэсэн манангийн өөдөс ч байсангүй. Тэнгэр цэлмэг. Нар ургах дөхөөд уулын энтээ шарлан туяарна. Тэнгэрийн уудамд дүүлэн нисэхээр сойгдсон онгоцнууд байлдааны даалгавар хүлээж бэлэн байдалд жагссан шиг, хүчит моторын дуу өглөөний жингэсэн тунгалаг агаарыг доргилуулан хүржигнэж байлаа.. Сэтгэл зүрх минь доргиж, болдогсон бол  хамт  нисэхсэн гэж адгана....

Онгоц газраас тасарч, чанх баруун хойшоо тэнгэрийн хаяа руу сүвлэн ортол би харж зогсов. Өндрөө авч гүйцээд баруун гар тийш даялан агаарт бүтэн эргэлт хийгээд яг миний дээгүүр нисэн өнгөрөв. Тэр минь одоо цонхоор харж байгаа даа, тээр дор цэгийн төдий бүдгэрсэн намайг таньж байгаа болов уу, танихгүй ч байж магад, гэвч зүрх нь таньж, мэдэрч байгаа даа гэж бодож билээ. Наран ургах зүг, Мэнэнгийн их талыг чиглэсэн тэр онгоц амьдралд ганц удаа  ирсэн гэрэл гэгээг минь аваад явчихсан юм даа...

Хорин жил хүлээлээ. Хором ч марталгүй саналаа. Эрж хайж, нутагт нь хүртэл очлоо. Хаахнуур нутагтай,  эцэг эх нь ямаршуу улс байдгийг мэдэхгүй ч цөхөртлөө явж билээ. Олоогүй ээ би, мухардалд орсон, тэр цагаас хойш юу ч олохоо байсан, өөрийгөө, хүсэл мөрөөдөл, замаа ч олохоо байсан. Надад асч байсан хүсэл мөрөөдөл, гэрэлтэн бамбарласан хайр байлаа, одоо надад юу ч байхгүй. Тэр цагаас хойш би өөрийгөө олоогүй ээ. Яагаад, яагаад хэл чимээгүй тэр чигээрээ явчихсан юм бол, үхэл хагацал дайрсан ч жам гэж бодоод, дотроо нурсан ч хүрээд  ирж болоогүй юм байх даа, эмтэрч холторсон ч эргэж ирээд миний дэргэд бүтэн болж болох шүү дээ. Ингэж гоморхон бодсоор би хорин жилийг үдсэн.

Мартагнаж, элэрч хуучирсан дуртгал, эдгэж хумигдаж битүүрч байсан сэтгэлийн шарх задарч цусаа юүлж эхлэв.. Яг хорин жилийн өмнөх шиг тийм өвдөлт. Бид яагаад үргэлж онгоцны буудал дээр хагацаж байх ёстой юм бол оо. Ахиад л хагацчихлаа. Юу ч болсон бай, зовж зүдэрсэн хорин жилийг мартаад бүхнийг уучилж, бүхнийг мартаж, бүхнийг шинээр эхэлж чадах тийм тэнхээ надад бий шүү дээ гэж бодохоос хоолой аргаж, нүд харанхуйлаад замын чулуун хашлага дээр удаан суув.

Харь нутгийн бүүдэн тэнгэр, тэнгэрт хайлмагтсан шар наран хайр найргүй шарж, сүүлчийн дусал хүчээ шавхан босч гэлдэрлээ. Зам дээр хөсөр хаясан цүнх богцоо авч, гадны хүн ойлгохооргүй тийм аялгаар үглэн үглэн дуулж явлаа.

....арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ 
ээ хөө ээ хөө...

Яасан чиг хол төөрөө вэ бид, ямархан үйлийн үрийн төлөөсийг төлж, хүн болж ирсэн ганц заяандаа уйлж дуулж, ганц чамаар дутаж хорвоог туулах учиртай төрсөн юм бол доо би.. 

Ийм дууг их зовсон хүн л ингэж дуулна даа. Эс мэдрэхүй бүрийг тэмтэрч,  далд  уй бүхнийг сэртэл дуулна гэдэг сайн ёр биш. Эд жаргах тавилангүй л улс шиг байна даа. Зул гэнэт бадамлаад шархийтэл унтардаг шиг, үлдсэн нажид урт он жил түнэр харанхуйд төөрч,  биесээ хайж зовно доо. 

Хэн ингэж хэлсэн юм бол, тэр үед би энэ үгний гүн, энэ үгний айдас, хагацлын хар сүүдрийг санах сэхээ ч үгүй явлаа. 

Зохиолч Б.Баярсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.