Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барилцсан эмэгтэй

Twitter Print
2023 оны 02-р сар 02-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай болох жанжин Д.Сүхбаатарын талбай анхлан “Индрийн талбай” хэмээх нэртэй байв.

Учир нь 1921 онд ардын хувьсгалчид Нийслэл хүрээнд орж ирэхдээ эл газарт шинэ талбай байгуулж, модон индэр засч, түүнээс ардын хувьсгалыг олон нийтэд тунхаглажээ.

Харин 1923 онд энэхүү ардын хувьсгалын удирдагчдын нэг гэх Д.Сүхбаатар нас барсны дараа түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор одоогийн нэршлээр нэрийдсэн юм.

Жанжин Сүхбаатарын хөшөө барих зурган илэрцүүд

1946 онд тухайн үеийн МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөөг байгуулахаар шийдвэрлэжээ. Уг хөшөөг барих багийг нэрт уран барималч С.Чоймболоор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй баг барьсны дунд нэгэн эмэгтэй байсан юм.

Энэ бол анхны эмэгтэй уран барималч Дамдины Дамдимаа юм. Тэрбээр жанжин Д.Сүхбаатарын хөшөөний баруун чих, морины урагш тэмүүлэн нугарсан хөл, арслангийн амнаас гарсан навчийг тус тус урлажээ. Энэ үедээ тэрээр 16 настай байсан юм. Хожмоо тэрбээр 74 насандаа уг хөшөөг сэргээн завсарлах багийг ахалж байсан нь сонин хувь тохиол.

Дамдины ДАМДИМАА нь манай улсаас анх удаагаа гадаад улсад үзэсгэлэнгээ дэлгэсэн эмэгтэй уран барималч, шаазан ваарны үйлдвэрлэл хөгжихөд үнэт хувь нэмрээ оруулсан уран бүтээлч, амьдралынхаа 60 орчим жилийг чулуу амилуулахад зарцуулсан цуцашгүй хөдөлмөрч хүн юм. 

Түүний бүтээлийг дурдвал манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, анхны хөдөлмөрийн баатар Бямбацогт, зураач О.Цэвэгжав нарын хөшөө, цээж баримлаас өгсүүлээд нийт 200 гаруй баримал, ваар шаазан эдлэл,чимэглэлийн бүтээгдэхүүн урлажээ.

Бичвэрийн эх сурвалж: 1. Ц.Дагиймаа "Чулуу амилуулагч", Уб 2009.

2. Улаанбаатар хотын музей "Улаанбаатар хотод зорьж үзэх түүх, соёлын 20 дурсгал" Уб 2016.

Зургийн эх сурвалж: Ц.Дагиймаа "Чулуу амилуулагч", Уб 2009 номоос.

Эх сурвалж: Улбар хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.