МАНАН айл гэр болж тоглож ханаагүй л байна

Twitter Print
2015 оны 07-р сар 21-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

-АН өөрөө агнуулчихгүй байгаа-

Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар хэвлэлүүд янз бүрийн байр сууринаас хандаж байна. Энэ асуудал дээр том дүгнэлт хийхэд арай эртэдсэн мэт санагдана. Харин улс төрд их өвөрмөц байдал үүссэн гэж дүгнэж  болохоор. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 03-д хуралдуулна гэдгээ хаврын чуулганы хаалт дээр хэлсэн. Тэгвэл энэ ээлжит бус чуулганы үед ярих зургаан сайдын суудал одоо гол асуудал болоод байна.

МАН-ынхныг өөрөө урин хамтарч ажилласан ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдын асуудлаа оруулж ирэх ёстой. Ёстой гэснээс Ерөнхийлөгч засаг болон УИХ-ын хэдийг дуудаж ирүүлээд бүгдэд нь “банга” хүртээсэн. Огцруулах энэ тэр асуудлаа боль гэж. Монголын эв нэгдлийн эрхэмлэсэн л үг. Гэхдээ З.Энхболд үүнийх нь эсрэг үг хэлснээрээ Ерөнхийлөгчийн эсрэг зогссоноор үл барам Ч.Сайханбилэг сайдыг ацан шалаанд оруулсан юм. Улс төрийн хоёр том алба хашиж байгаа З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлийнхөө хамт МАН-ыг засгаас гаргах ёстой гэсэн шийдвэрээрээ Ч.Сайханбилэгийн Засгийн газарт өөрчлөлт оруулах эрхэд нь шууд нөлөөлчихлөө. Намдаа ямар ч албан тушаалгүй, нөлөөгүй байгаа Ч.Сайханбилэг сайд одоо яах бол? Энэ л сонин.

Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдаа засгаас гаргаад явуулчихвал эрх мэдэлгүй байгаагаа харуулчих гээд болдоггүй. Явуулахгүй гэхээр Ерөнхийлөгчийн үгийг сөрж, төрөлх АН-ынхныхаа харцанд бүдэрчих гээд байдаг. Уг нь тэр эдийн засгийн хүнд хэцүү үед гадагшаа явж, хэлэлцээ хийн нааштай мэдээ авчирсан л даа. Түүнийг нь нууцаар хийлээ энээ тэрээ гээд л бичиж байсан. Буруу, зөвийн аль нь болохыг мэдэхгүй ч, одоо бодоод байхад албан тушаалын элдэв дарамт шахалтаас зайлсхийн гадагшаа явж, гэрээ энэ тэрээ хийсэн байж магад.

Ер нь энэ өдрүүдэд амралтын мэт байдалтай байгаа улстөрчидийн хувьд зургаан сайдыг шинээр оруулахаар Ерөнхий сайдад шахалт үзүүлж суугаа завсарлага мэт.

Шахалтад орсон Ч.Сайханбилэг сайд ганцаардаад, хүчгүйдэн зургаан сайдаа огцрууллаа гэж бодъё. Үнэндээ зургаан сайдаа огцруулж чадахгүй бол Ч.Сайханбилэг өөрөө засагтайгаа унах гээд байдаг. Нэгэнт хүчгүй болсон Ч.Сайханбилэг тэгэхээр аль хувилбарыг сонгох бол, улс төрд шинэ ямар нөхцөл байдал үүсэх бол гэсэн хүлээлт бас байна.

МАН бол олон жилийн түүхтэй улс төрийн хүчин яах аргагүй мөн. Улс төрийн томоохон намын байр суурь засагт байхгүй болчихвол нэгэнт эхлүүлчихсэн томоохон асуудлууд дагаад зогсож мэднэ. Энэ ойлгомжтой. 

Долдугаар сарын 04-нд МАН мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ, “Төрөө самарч, гэрээ нураах ажлыг явцуу ашиг сонирхолын үүднээс эхлүүлсэн Ардчилсан нам улстөрийн тогтворгүй байдлаас үүдэн цаашид үүсэх аливаа хариуцлагыг дангаараа үүрэх ёстойг хатуу анхааруулж байна. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн ачааг үүрч ирсэн Монгол Ардын нам албан тушаалтай зууралдалгүй, аливаа асуудалд зөвд зөөлөн, бурууд хатуу зарчмыг баримтлан, ард түмэн, улс орныхоо эрх ашгийг эрхэмлэн ажиллана гэдгээ дахин мэдэгдэж байна”  гэсэн.

Харин долдугаар сарын 09-ний өдөр  АН гаргасан мэдэгдэлдээ, “Нэгэнт гарсан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн  хүчингүй болгож, МАН-тай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж дурьдаж байв.

Энэ хоёр намын эдгээр үйлдлүүд нь “айл гэр” болон тоглож байгаа хүүхдүүдийг эрхгүй санагдуулдаг. Аав, ээж хоёрыг ирэхэд нь “үгэнд орохгүй байна” гэж хэлнэ дээ гэх ахын үгний хариуд “тэгвэл би чамтай тоглохгүй, муудлаа, муудлаа” гээд чигчий хуруугаа гозойлгож байгаа дүүтэй адил. Дүү нь ч төд удалгүй найзаа олчихсон тоглож, тоглож байгаад орой нь халтайсан юм орж ирээд унтаад л өгдөг. Ийм муудалцаан, сайдалцаан өдөр бүр, орой бүр тохиолдоно.

Хэвлэлүүд янз бүрийн байр сууринаас хандаж, зарим хэвлэл зургаан сайдын оронд өөр бусад нам эвслийнхэнтэй хамтарна гэж бичиж байна. Хамтрах ч яахав, тэд нар нь хаяагаа хадарчихна гэж мэдэж байгаа байлгүй дээ, эрх биш. Ямар сураагүй биш. За энэ ч яахав нэг жилийн хугацаанд төр түшилцэж л байвал гэж болох ч, өөр бусад хүчнийхэнтэй АН хамтрах эсэх нь бас л эргэлзээтэй.

Хараад байхнээ АН-ын өөрсдийн нь хүмүүс сайдад нэр дэвших “хор”-оо найруулаад эхэлчихсэн, бүр дүрдээ итгэчихсэн сүнгэнээд байгаа. Гэхдээ УИХын гишүүд лав биш.Тэгэхээр АН өөрөө энэ дайнд үгүй болж болох уу? Бусад нам хүчнүүдээс сайд болох гэсэн гүйдэл, МАН-ын гомдол, өөрийн уух "хор"-оо найруулсан АН-ынхныгаа АН-аас өөрсдөө зохицуулахад бэлэн үү? Ерөнхийдөө бол өөрсдөөсөө сайдаа болгох сонирхол АН-д байгаа бололтой. Гадныхан ч яахав дээ бусниулаад хаячихаж болно гэж үзэж байгаа байх. АН өөрөө агнуулчихгүй байгаа. Яг энүүхэндээ гэхэд АН нэр муутай байна, гадуур.

Харин МАН-ын нэр хүнд ямар байна вэ? Хөөгдөөд, хөөгдсөн царайгаа гаргаад явж байгаа тэднийг хүмүүс өрөвдөж суугаа. АН-ыг хэлэлгүй тэдэнд хүнд байгаа.

МАН-ын зарим нөхдөөс эхлээд “За тээр, хэлээгүй юү” гээд л ам асууж байгаа бол зарим нэгээс нь “Ардын хүч” нэртэй жигүүр ургуулаад эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр МАН доторх “Долоогийн фракц” энэ бүхнийг хэрхэн даван туулах бол? Гэтэл тэдэнд энэ бүхэн хамаагүй бололтой. Тэд гэж С.Бямбацогт, Д.Сумъяабазар, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Төмөрхүү нар аж. Их долоогийн уулзалт гэдэг шиг их долоогийн фракц гээд нэрлэчихвэл буруудахгүй ч юм шиг. Тэр их долоон эрхэм ямар ч аргаар хамаагүй М.Энхболдыгоо 2017 оны Ерөнхийлөгчийн мсонгуульд сойх нь тодорхой боллоо. Тийм болохоор засгаас хөөгдөх асуудал тэдэнд юу ч биш. Энэ бүхнээ золиослон байж, 2017 оны сонгуульд ялалт байгуулж чадвал эргээд аврал ирнэ гэдгээ тэд тооцоолж суугаа нь лавтай. Харин энэ бүхний үр шимийг нь хүртэх фракцад нь орж чадахгүй нь тодорхой болсон МАН-ын нөхөд жигүүрээ хэр дэлгэн хол нисч чадах нь эргэлзээтэй. Их долоогийнхон энэ бүхнийг тооцоолсон бололтой. “Шинэ залуу жигүүрүүд байр сууриа олтлоо өдий” гэж дотроо бодсон ч наанаа манайд жигүүр энэ тэр ургаагүй ээ, орхи цаашаа” гэж байгаа юм. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.