“Аваргуудын лиг”-ийн шинэ улирал ирэх есдүгээр сарын 15-нд эхэлнэ

Twitter Print
2015 оны 07-р сар 19-нд 21:21 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн нь “Аваргуудын лиг”. Клубуудын чансааг тодорхойлохдоо тус тэмцээнд үзүүлсэн амжилтыг ихээхэн анхаардаг. 1992-1993 оны улиралд нэрээ өөрчлөн шинэ системээр явагдах болсон. Өмнө нь Испанийн “Реал Мадрид”, Италийн “Милан”, Германы “Бавари Мюнхен”, Голландын “Аякс” зэрэг шилдэг клубууд хоёр улирал дараалан түрүүлж байлаа.

Харин 1992-1993 онд “Аваргуудын лиг” гэж нэрлэх болсноос хойш нэг ч баг аваргаа хамгаалж чадаагүй юм. Үүнээс харахад өрсөлдөөн ямар ширүүн явагддаг нь тодорхой аж.

Тус тэмцээний 2015-2016 оны улиралд Испанийн “Барселона”, “Реал Мадрид”, “Атлетико Мадрид”, “Севилья”, Английн “Челси”, “Манчестер Сити”, “Арсенал, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Мончебладхач”, “Вольфсбург”, Италийн “Ювентус”, “Рома”, Потугалын “Порту”, “Бенфика”, Францын “ПСЖ”, “Лион”, ОХУ-ын “Зенит”, Голландын “ПСВ Эйндховен”, Украйны “Динамо Киев”, Белгийн “Генк”, Туркийн “Галатасарай”, Грекийн “Олимпиакос” багууд шууд оролцох эрхээ авсан.

Харин Испанийн “Валенсиа”, Английн “Манчестер Юнайтед”, Германы “Байер Ливеркузен”, Италийн “Лацио”, Португалын “Спортинг”, Францын “Монако”, Швейцарийн “Базель”, ОХУ-ын “ЦСКА Москва” тэргүүтэй 50 гаруй клуб нэмэлт эрхийн төлөө тоглох билээ.

Урьдчилсан шатны тоглолтууд зургаадугаар сарын 30-наас наймдугаар сарын 26-ны хооронд болно. Харин хэсгийн шатны тоглолт энэ оны есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 9-ны хооронд, хасагдах шатны тоглолт 2016 оны хоёрдугаар сарын 16-наас тавдугаар сарын 4-ны хооронд явагдана. Үүний дараа шилдгийн шилдэг хоёр баг аваргын цомын төлөө 2016 оны тавдугаар сарын 28-нд Италийн Милан хотын алдарт “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд тоглох хуваарь гарсан.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.