"Томруулдаг шил" болговол илүү үр дүнд хүрэх биш үү

Twitter Print
2013 оны 12-р сар 25-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Шил, шилэн сав гэдэг тув тунгалагийн дээр, доторх зүйлээ нэвт харагдуулдагийг хүн бүр мэдэх биз ээ. Тухайлбал, шилэн аквариум дотор ямар өнгөтэй, ямар хэлбэртэй хэдэн загас байгааг, шилэн аяган дотор ямар өнгөтэй жүүс, ундаа, амттан байгааг бид харж чаддаг. Өөрөөр хэлбэл бүх зүйл бидний нүдэнд ил байна гэсэн үг. Харин сүүлийн үед манай улсад нэг шилэн зүйлийн талаар яригдах болсон. Энэ нь дээр дурьдсан шиг аяга сав ердөө биш. Харин төр засаг, хийгээд төрийн оролцоотой төсвийн байгууллагын үйл ажиллагаа, санхүү нийтэд ил тод байх асуудал юм. Төрийн өндөрлөгүүдийн зүгээс ард түмэндээ нээлттэй ил тод, зөв засаглалыг бий болгох үүднээс “Шилэн данс” гэгч шинэхэн хөтөлбөрийг санаачилжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан эл “Шилэн данс” гэгч тогтолцоо есөн сарын нэгнээс эхлэн хэрэгжиж, түүний ачаар төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлан олон нийтэд нээлттэй болсон юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар тус шилэн дансны тогтолцооны талаар тайлбарлахдаа, төсвийн буруу зарцуулалт, авилгал хээл хахууль үгүй болж, ард түмэн бүгдийг хянах боломж бүрдэж байгаа гэдгийг хэлж байсан. Нээрээ ч энэ арга хэмжээ олон жилийн турш буглаж, булингартаад байсан төр засгийн байгууллагын “но”-той асуудлууд нийтэд илт тод болоход чухал алхам болсон юм. Энэ тогтолцоо хэрэгжсэнээр Татвар төлөгчдийн мөнгийг ичих нүүргүйгээр халаасалж, хувьдаа завшдаг бүлэг нөхдийн хувьд хүнд цохилт болсон нь мэдээж. 

Түүнчлэн тэдгээр хүмүүсийн хэрэг ар араасаа илчлэгдэж  эхлэх биз. Төрийн томчууд нь нэг иднэ, хурган дарга нар нь шат дараалан иднэ. Ингээд иргэдэд хүрэх ёстой, мөнгө төгрөг бараг л үлддэггүй гэж хэлж болно.

Илүү харж, булуу долоох дуртай урт гарт дарга нарын бас нэг мөнгө идэх уурхай, хээл хахуулийн сүлжээг бий болгодог чухал асуудал бол тендер. Шилэн дансны  тогтолцооны хэрэгжилтийн нэг нь Шилэн тендер юм. Шилэн тендер гэдэг нь цахим худалдан авалт.

Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2012-2016 онд тендерийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлнэ гэж тусгасан бөгөөд тендерийн явагдах журмыг шил шиг тунгалаг ил тод, хурдан шуурхай, хэмнэлттэй, үр дүнтэй зохион байгуулах үүднээс энэ ойлголтыг гаргаж ирсэн. Манай улсад бүртгэлтэй 73,016 аж ахуй нэгжийн 13,528 нь тендерт оролцсон. Харин цахим тендерт 487 аж ахуй нэгж оролцсон нь бүртгүүлсэн нь нийт аж нэгжийн 0.7 хувийг эзэлж буй гэнэ. 

Ирэх жилд 137 төсөл арга хэмжээгээр мэргэжлийн 80 хүртэлх хувийг, орон нутагт 50 хүртэлх хувийг цахимаар явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Хэрэв “Шилэн тендер” бүрэн утгаараа хэрэгжвэл УБЕГ, Татварын ерөнхий газар, Монгол банк, холбогдох байгууллагууд нэг системд холбогдож тухайн тендерт оролцож буй аж ахуй нэгжтэй холбоотой мэдээллүүд цахимаар нэг дор  байрших боломж бүрдэнэ. Чухамдаа бүх үйл ажиллагаа нийтэд ил болж ямар ч хууран мэхлэлт, хээл хахууль өгөх, авах нөхцөл байхгүй болно гэсэн үг юм.

Ийнхүү манай улсын төрийн үйл ажиллагаа бүхний нүдэнд ил болж, ард түмэн бүх үйл ажиллагаанд хяналт тавих нь нээлттэй боллоо. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар энэ тунгалаг тогтолцоо нэг мөр болоогүй ч шинэ өөрчлөлтийн эхлэл гэж хэлж болох юм. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашлаад олон зүйл шилэн болж хувирч болох  юм. Шилний цаанаас ямар ч зүйл нэвт харагддаг гэдгийг бодит амьдрал дээр нотлох нотолгоо дэндүү олон бий.

Ер нь шилэн гээд зогсохгүй "томруулдаг шил" болтол нь хэрэгжүүлэх нь зүйтэй байх. Тэгэхгүй бол элдэв янзын хор найруулж, хүний санаанд оромгүй зүйл сэддэг нөхдүүд өчнөөн бий. Ямартаа ч энэ оноос эхлэн бүх зүйл нэвт харагдах эхний алхамууд хийгдлээ. Үнэхээр ард түмэнд нээлттэй төр бий болсон эсэх, татвар төлөгчдийн мөнгө хаашаа хэний данс руу хэд нь урсаж, хэн гэдэг хүн идэхээр завшиж байгаа зэрэг нь хэр нээлттэй болсныг цаг хугацаа л харуулах болов уу. 

Д.Цэнд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.