Төгрөгийн доллартай харьцах ханш 2000 хүрч болзошгүй гэв

Twitter Print
2015 оны 07-р сар 16-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Улсынх нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүн зэсийн ханш унаж байгаатай холбоотой Монголын төгрөгийн ханш ирэх хэдэн хоногт урьд байгаагүйгээр доод цэгтээ хүрэх төлөвтэй байна гэж Bloomberg мэдээллээ. 

Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш унаж, улмаар эрэлт багасч буйтай холбоотойгоор уг металлын үнэ өнгөрсөн хоёр сард 16 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн доод үзүүлэлт аж.

Азийн хамгийн том эдийн засаг БНХАУ нь дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн бараг тал хувийг, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний 85 хувийг худалдан авдаг билээ.

Төгрөгийн доллартой харьцах ханш өнгөрсөн сард 4.9 хувиар сулран 1966 болжээ. Харин 3-р сарын 29нд 1991.45 болж доод цэгтээ хүрч байсан байна. 

“Долларын ханш чангарч, зэсийн үнэ буурч байгаагийн улмаас төгрөгийн доллартой харьцах ханш наймдугаар сар гэхэд 2000 болж болзошгүй” гэж Сингапурын “Malayan Banking Berhad” банкны Гадаад валют судлалын төвийн тэргүүн Сактианди Супаат хэлэв.

Судалгаанаас үзвэл, 2014 онд 7.4 хувиар өссөн БНХАУ-ын ДНБ энэ онд 6.9 хувиар өсөх төлөвтэй байна. Хэрвээ ийм хувиар өсвөл сүүлийн 20 жил дэх хамгийн доод үзүүлэлт болно.

Лондонгийн өнгөт металийн хөрөнгийн бирж дээр зэс нэг тонн нь 5350.5 ам. доллартай тэнцсэнээр 7 хувиар буураад байгаа юм. Нэг тонн нь 5500-5339 ам долларын хооронд хэлбэлзэж байсан зэсийн үнэ 3800 доллар луу буух төлөвтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд Монгол төгрөгийн ханш урд хожид байгаагүйгээрээ унана гэж ING GROEP NV-гийн Сингапур дахь зах зээл судлаачид үзэж байна.

Хэрэв Монголын Засгийн газар томоохон төслүүдээ яаралтай хөдөлгөхгүй бол Монгол төгрөг эрсдэлд орно гэж ажиглагчид үзэж байгаа юм байна. 

Эх сурвалж: http://www.bloomberg.com/news/articles/2015-07-08/mongolia-s-tugrik

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.