Улсын наадмын одтой арслан

Twitter Print
2017 оны 07-р сар 14-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

1980-аад үед Үндэсний бөхийн торгон ногоон дэвжээнд олон шилдэг бөхчүүд үнэн хүчийг үзэж, үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлж байлаа. Хоёр Мөнхийн хаанчлал төгсгөл хэсэгтээ орж, хоёр Эрдэнийн үе эхлэх дөхөж байсан тэр жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Ганбаатар хэмээх бөх улсын наадамд түрүүллээ.

1985 онд Ардын хувьсгалын 74 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн наадмын бөхийн барилдаанд улсын начин цолтой барилдсан Б.Ганбаатар үзүүр, түрүүнд тухайн үед улсын арслан цолтой байсан Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Д.Хадбаатарыг давж, анх удаа түрүү бөхөөр тодорсон.

Улсын наадамд олон зуун бөх барилдсан ч өнөөдрийг хүртэл хэдхэн бөх үзүүр, түрүүнд үлдсэн байдаг. Тэр дундаа алдарт аваргуудын үед улсын наадамд түрүүлнэ гэдэг амаргүй даваа. Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, улсын арслан М.Мөнгөн, Д.Мөнх-Эрдэнэ зэрэг бөхчүүд дундаас тодрон гарсан тэр бөх нь Б.Ганбаатар билээ.

Бандийн Ганбаатар 1958 оны Шороон нохой жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг “Бумбат” гэдэг газар төржээ. Түүний удамд ээжийнх нь эцэг Гочоо бие томтой бяр хүч ихтэй аян жинд явдаг бусдаасаа илүү тэнхээтэй хүн байсан гэдгийг харахад шаггүй бөх болох удам байсан аж.

Тэрээр багаасаа барилдаж ноцолдох дуртай хүүхэд байв. Улаанбаатар хотод ирж дунд сургуульд суралцаж байхдаа бөхийн чөлөөт, жудо барилдаанаар хичээллэж өсвөр залучуудын тэмцээнд оролцож медаль авч эхэлжээ. Мөн 1977 онд дунд сургуулиа төгсч ардын цэргийн албанд татагдаж олон аавын хүүхэдтэй учирч, цэргийн каринтины баярт барилдаж түрүүлсэн нь бөх болох гэсэн урам зоригийг нь сэргээсэн гэдэг.

Б.Ганбаатар 1977 онд анх удаа улсын баяр наадамд барилдаж хоёр даваад гуравт улсын арслан Л.Сосорбарамд унажээ. Түүнээс хойш 1980 оны улсын баяр наадамд өөрийн багш Ч.Өвгөнхүү начинаар тав давж улсын начин цолыг 22 насандаа авсан. Харин 1985 онд одтой сайхан барилдаж, 27 настайдаа улсын арслан цол хүртэв. Мөн 1986   оны улсын баяр наадамд зургаа давж хурц идэр чимэг, 1987   оны нэгдүгээр сарын 7-11 -ны хооронд болсон Монголын бүх ард түмний VIII спартикиадад аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шигшмэл 34 бөх тойргийн журмаар барилдахад 31 давж нэгдүгээр байр эзлэж алтан медаль чин зоригт чимэг,  1987   оны улсын баяр наадамд тав давж уран мэхт чимэг, 1988   онд болсон үндэсний бөхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн барилдаанд аймаг нийгэмлэгүүдээс шалгарсан 33 бөх тойргийн журмаар барилдахад 30 давж нэгдүгээр байр эзлэж, алтан медаль үнэн хүчит чимэг, 1988 оны улсын баяр наадамд тав давж өрнөн дэлгэрэх чимэг, 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойн номын баярт зургаа давж хурдан шаламгай чимэг, 1991 оны улсын баяр наадамд зургаа давж бат суурьт чимэг, 1992 оны улсын баяр наадамд зургаа давж баатар зоригт чимэг хүртсэн юм.

Үүний зэрэгцээ 13 удаагийн улсын баяр наадамд дөрөв давж, үнэхээрийн шилдэг бөх гэдгээ батлан харуулсан билээ. Б.Ганбаатар арслан төрөлхийн хурдан хөдөлгөөнтэй, бариа зөрөөнд мэх хийдэг учир их салхитай барилдаантай бөх аж. Иймээс энэ хөдөлгөөнөөсөө болж олон удаа гэнэдэж унаж байв. Тэрээр бөхийн галбир төрх сайхантай , шуурхай давшингуй барилдаантай өрсөлдөгч бөхийнхөө элэг бүснээс барьж баруун хөл авч , зүүн хөлийн нь ард гишгэх , ухарч гишгэвэл үлдсэн хөлийг нь цохих , өлгөх , хав золгож хавирах мэхүүдийг чадамгай хийж, уран сайхан барилдаанаараа үзэгч олноо баясгадаг байлаа.

Үнэхээрийн Б.Ганбаатар арслангийн барилдаж асан үед дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, улсын арслан М.Мөнгөн, П.Дагвасүрэн, Л.Сосорбарам, Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Ө.Тулгаа, Д.Долгорсүрэн зэрэг олон шилдэг бөхчүүд наадмын дэвжээнд хурц шаламгай, үнэн хүчийг үзэж барилдаж байв. Тэр олон хүчтэнгүүд дундаас улсын наадмын түрүү бөхөөр тодорсон гэж бодоход удмын сайн бөх байжээ гэх бодол төрж байна.

Өдгөө “Харьшгүй жавхлант” улсын арслан маань бөхийн барилдааны багш дасгалжуулагч хийж, олон аавын хүүхдэд бөхийн эрдмээ өвлүүлэн явж байна. Түүний шавь нар дотроос олон шилдэг бөхчүүд төрөн гарсан бөгөөд Б.Ганбаатар арслангийн гавьяаг үнэлэн 2009 онд “Гавьяат дасгалжуулагч” цол хүртээжээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.