Холливудын хамгийн олон насны зөрүүтэй 15 хос

Twitter Print
2016 оны 02-р сар 14-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Хоёр биенээ гэсэн чинхүү сэтгэл л байхад хосуудын хайр сэтгэлд үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг огт хамаагүй гэж үздэг. Тэгвэл олны танил эрхмүүдийн хувьд энэ нь хэр зөрүүтэй ойлголт байдаг юм бол...? 

Ингээд та бүхэндээ Холливудын хамгийн олон насны зөрүүтэй хосуудын заримаас нь сонирхуулъя.

15. Брэд Питт - Анжелина Жоли / 12

Холливудад 10 ба түүнээс дээш насны зөрүүтэй маш олон алдартан бий. Тэдгээрийн нэг нь Анжелина Жоли (1975), Брэдд Питт (1963) нар билээ. 9 жил хамт амьдарсны эцэст 2014 оны наймдугаар сард хуримласан хосууд “Mr. & Mrs. Smith” (2005) киноныхоо үеэр хоёр биендээ дурласан гэдэг. 

14. Меган Фокс - Брайан Остин Грин / 13

Дур булаам жүжигчдийн нэг Меган Фокс (1986) нөхөр Брайан Остин Грин (1973)-тэйгээ “Hope & Faith” ситкомын үеэр танилцаж байжээ. Тухайн үед Меган Фокс 18 настай байсан бол Брайан 31 настай байсан юм. Хосууд 2010 оны зургаадугаар сард хуримласан бөгөөд гурван хүүтэйн нэг нь нөхрийнх дагавар хүүхэд юм байна.

13. Хью Жекман - Деборра Ли Фернесс / 13

“X-Men”, “The Wolverine”, “Night at the Museum: Secret of the Tomb” зэрэг дэлгэцийн гайхалтай бүтээлүүдээрээ алдартай Австралийн жүжигчин Хью Жекманы (1968) гэргий нь 1955 онд төрсөн Австралийн жүжигчин, найруулагч Деборра Ли Фернесс юм. Хосууд Деборрагийн тоглосон “Correlli” цувралын үеэр танилцсан ба 1996 оны дөрөвдүгээр сард гэрлэжээ. Өдгөө тэд өргөж авсан хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Учир нь Деборра хоёр ч удаа хөл хүнд болсон боловч хоёуланг нь тогтоож чадалгүй зулбасан болохоор хүүхэд өргөж авахаар шийдсэн юм.

12. Эллен Деженерес - Портия Де Росси / 15

Ярилцлагын шоугаараа алдартай Америкийн жүжигчин, зохиолч, элэглэгч Эллен Деженерес (1958) “Форбс” сэтгүүлээс онцолсон 2014 оны хамгийн хүчирхэг эмэгтэйн №46 дугаарт бичигджээ. Тэрбээр 1997 онд ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарлаж байсан бөгөөд Австралийн загвар өмсөгч, жүжигчин Портия Де Росси (1973) - той 2004 оноос болзож, хосууд 2008 онд гэрлэсэн билээ. Одоогоор тэд хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байгаа сурагтай.

11. Шарлиз Терон - Шон Пенн / 15

Холливудын дур булаам жүжигчдийн нэг Шарлиз Терон (1975) дуучин, жүжигчин Крэйг Бирко, “Third Eye Blind” хамтлагийн ахлагч Стефан Женкинс, Ирландын жүжигчин Стюарт Таунсенд нарын алдартнуудтай болзож байжээ. Тэрбээр Стюарт Таунсендтэй есөн жил хамт амьдарсны эцэст 2010 онд салсан юм. Ингээд 2014 оны зургаадугаар сараас жүжигчин Шон Пеннтэй (1960) болзож байгаа юм байна.

10. Жейсон Стэтхэм - Роузи Хантингтон Уайтли / 20

Английн жүжигчин, бие хамгаалах урлагийн мастер Жейсон Стэтхэм 1967 оны долоодугаар сарын 26-ны өдөр мэндэлжээ. Өдгөө 48 настай тэрбээр “Victoria’s Secret”, “Burberry” брэндийн сурталчилгааны модель Роузи Хантингтон Уайтли (1987)-тай 2010 оноос хойш болзож байгаа юм. Өмнө нь тэрбээр 2004 оныг хүртэл загвар өмсөгч Келли Бруктай долоон жил хамт амьдарсан ажээ.

9. Харрисон Форд - Калиста Флокхарт / 22

Холливудын нэрт жүжигчин Харрисон Форд Калиста Флокхарттай гэрлэхээсээ өмнө хоёр ч удаа амьдрал зохиож байжээ. Тэрбээр хувийн амьдралаа папарацциудаас хамгаалахыг эрмэлздэг бөгөөд одоогийн гэргий, жүжигчин Калиста Флокхарттай 2010 онд гэрлэжээ. Хосууд 2002 оны “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр танилцаж байсан ба Харрисон Форд 1942, Калиста Флокхарт 1964 оных юм байна.

8. Жонни Депп - Эмбер Хёрд / 23

Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Жонни Депп 1983-2012 оныг хүртэл зургаан эмэгтэйтэй нэр холбогдсон байдгаас нэгэнтэй нь гэрлэж, өөр нэгэнтэй нь сүй тавьсан байжээ. Тэрбээр хоёр хүүхдийнхээ ээж Францын жүжигчин, дуучин Ванесса Парадистай 1998 - 2012 оныг хүртэл хамт амьдарчээ. Ингээд 2012 оны зургаадугаар сараас загвар өмсөгч, жүжигчин Эмбер Хёрдтой (1986) болзож байгаа бөгөөд хосууд “The Rum Diary” киноныхоо үеэр танилцсан юм.

7. Брюс Уиллис - Эмма Хеминг / 23

Брюс Уиллисын хайр сэтгэлийн амьдралд Эмма Хемингтэй гэрлэхээс өмнө хоёр үзэсгэлэнтэй бүсгүй байжээ. Тэдний нэг нь жүжигчин Деми Мур, нөгөө нь загвар өмсөгч, хөтлөгч Брук Бёрнс юм. Брюс Уиллис (1955), загвар өмсөгч Эмма Хеминг (1978) нар 2009 оны гуравдугаар сард гэрлэсэн бөгөөд хоёр охинтой болжээ. Охидынх нь бага нь 2014 оны тавдугаар сард мэндэлсэн аж.

6. Селин Дион - Рене Анжелил / 26

Канадын дуучин Селин Дион нөхөр Рене Анжелилтай 1980 онд танилцжээ. Тухайн үед тэрбээр 12 настай байсан бол нөхөр нь 38 настай байсан юм. Ингээд 1987 оноос хайр сэтгэлийн холбоотой болж улмаар 1991 онд сүй тавьж, эцэст нь 1994 онд гэрлэлтээ батлуулж хуримласан билээ. Хосууд гурван хүүхэдтэй ч Рене Анжелилын өмнөх амьдралаас дагавар гурав гээд зургаан хүүхэдтэй юм байна.

5. Сьюзан Сарандон - Жонатан Бриклин / 31

Оскарын шагналт, нэрт жүжигчин Сьюзан Сарандон өөрөөсөө 31 насаар дүү Жонатан Бриклинтэй 2010 онд танилцжээ. Хосуудын харилцаа 2014 оны аравдугаар сараас нийтэд дэлгэгдсэн бөгөөд тэрбээр “Хэн нэгний зүрх сэтгэл, оюун санаа нь бүхэлдээ нь намайг сонирхож, намайг хүсч тэмүүлж байгаа тохиолдолд нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэгт ямар ч хязгаар байдаггүй” хэмээн “Hello! Magazine” сэтгүүлийн ярилцлагадаа дурьджээ. Өмнө нь тэрбээр жүжигчин Тим Роббинстой 23 жил ханилсан билээ.

4. Вуди Аллен - Сун И Превин / 38

Америкийн кино найруулагч, зохиолч, хөгжимчин Вуди Аллены (1935) гэргийг Сун И Превин (1973) гэдэг. Өмнөд Солонгосоос гаралтай тэрбээр “Wild Man Blues”, “Hanna and Her Sisters” зэрэг киногоороо танигдсан жүжигчин гэнэ. Хосууд 1997 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй юм байна. Сун И-гээс өмнө Вуди Аллен гурван эмэгтэйтэй нэр холбогдож байснаас хоёртой нь гэрлэж, нэгэнтэй нь 12 жил хамт амьдарч байжээ.

3. Патрик Стюарт - Санни Озелл / 38

Өдгөө 75 настай Английн жүжигчин Патрик Стюарт 2013 оны есдүгээр сард Бруклинаас гаралтай дуучин Санни Озеллтэй гэр бүл болжээ. Санни Озелл Патрикаас (1940) 38 насаар дүү бөгөөд хосууд Бруклины Парк Слоуп дүүрэгт амьдардаг гэнэ. Нэрт жүжигчин Патрик Стюартын хувьд энэ нь түүний зохиож байгаа дөрөв дэх амьдрал нь ажээ.

2. Дик Ван Дайк - Арлин Силвер / 46

70 гаруй жил кино найруулагчаар ажиллаж байгаа АНУ-ын жүжигчин, бүжигчин, зохиолч Дик Ван Дайкийг (1925) “Batman” New Times”, “Night at the Museum” цувралын дүрээр нь андахгүй. Тэрбээр 2012 оны хоёрдугаар сард нүүр хувиргагч Арлин Силвертэй гэрлэжээ. Хосууд зургаан жилийн өмнө “SAG” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр танилцсан бөгөөд 46 насны зөрүүтэй юм байна.

1. Хью Хефнер - Кристал Харрис / 60

Насанд хүрэгчдэд зориулсан “Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерийн амьдралд маш олон эмэгтэй бий. Анхны амьдралаа араар нь тавьсны улмаас сүйтгэж байсан хүүхэмсэг тэрбээр өөрөөсөө 60 насаар дүү модель, дуучин Кристал Харристай 2010 оноос нэр холбогдож улмаар хосууд 2012 оны арванхоёрдугаар сард гэрлэжээ. Хэдийгээр олон эмэгтэйтэй учир ургуулж зүггүйтэж явсан ч Хью Хефнер (1926) гурав дахь удаагаа албан ёсоор гэрлэж байгаа нь энэ юм байна.

www.bunny.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.