М.Карлсен дэлхийн шатрын домогт аваргуудын эгнээнд багтлаа

Twitter Print
2021 оны 12-р сар 12-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

FIDE буюу Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг Дэлхийн шатрын аварга цолны төлөөх халз "тулаан" АНЭ-ийн Дубай хотноо өнөөдөр (12 дугаар сарын 10) Дэлхийн шатрын 16 дахь аварга, Норвегийн Их мастер Магнус Карлсены ялалтаар өндөрлөлөө.

Өнөөдөр болсон 11 дэх өрөгт Карлсен өрсөлдөгч , ОХУ-ын шатарчин, их мастер, Европын аварга, багийн ДАШТ-ий хошой аварга Ян Непомнящийг хараар тоглон хожин, нийт 7,5: 3,5 оноогоор (дөрвөн өрөгт ялалт байгуулсан) гурван өргийн өмнө Дэлхийн аварга цолоо дөрөв дэх удаагаа хамгааллаа.

13 настайдаа 2004 онд Их мастер болж байсан Магнус Карлсен 2013 онд анх Энэтхэгийн их мастер Вишванатан Анандыг хожин Дэлхийн аварга болсон бөгөөд 2014 онд В.Анандыг, 2016 онд ОХУ-ын их мастер Сергей Карякин, 2018 онд АНУ-ын их мастер Фабиана Каруанаг хожин дэлхийн аварга цолоо хамгаалаад байсан юм. Шатрын хааны титмийг Карлсен ийнхүү 2023 он хүртэл зүүх нь тодорхой боллоо.

Шатрын хаан ширээнд 10 жилээс дээш заларсан шатарчин түүхэнд ердөө дөрөвхөн байдаг. Үүнээс тасралтгүйгээр титмээ хамгаалсан нь 1894-1921 онд дэлхийн аварга цолыг эзэмшсэн Германы Эмануэль Ласкер, 1975-1985 оны дэлхийн аварга ЗХУ, ОХУ-ын домогт их мастер Анатолий Карпов бөгөөд завсартайгаар 10-аас дээш жил дэлхийн аварга байсан нь ЗХУ, Францын Александр Алехин , ЗХУ, ОХУ-ын Михайл Ботвинник нар юм.

Ийм л домгуудын эгнээнд бичигдэх боллоо, Карлсен.

Таван настайдаа анх ааваараа шатрын нүүдэл заалгаж, найман настайгаасаа шатраар тууштай хичээллэсэн Магнус Карлсен хэмээх энэ залуу классик шатраар төдийгүй блицээр 2014-2015, 2017-2019 онд дэлхийн аварга, рапидаар 2014-2016, 2019 онд дэлхийн аварга болж, "Шатрын Оскар" шагналыг 2009-2013 онд таван удаа хүртэж байсан юм.

Карлсен чөлөөт цагаараа хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннис тоглох, цанаар гулгах дуртай бөгөөд Испанийн хөлбөмбөгийн "Реал Мадрид" багийн фэн гэнэ.

2021 оны Дэлхийн шатрын аваргын титмийн төлөөх Карлсен-Непомнящий нарын "Уулгүй тал дахь цусгүй тулаан " тун сонирхолтой тэнцүүхэн эхэлж эхний таван өрөгтөө хоёр их мастер хайнцаж, онооны харьцаа 2,5:2,5 болсон. Харин зургаа дахь өрөгт Дэлхийн аварга өрсөлдөгчөө хожин оноогоо 3,5 болгосон . Шатрын мэргэжилтнүүд энэ зургаа дахь өргийг шийдвэрлэх өрөг болсон гэж дүгнэж байгаа. 100 гаруй нүүдэл хийсний эцэст Карлсен байрлалын давуутай болж, Непомнящий "цагаан тугаа" өргөсөн билээ.

Долоо дахь өрөгт хоёр шатарчин дахин хайнцлаа.

Карлсен найм, ес дэх өрөгт дараалан хожил авч, онооны харьцаа 6:3 болсноор Ян Непомнящий ихээхэн хүнд байдалд орсон. 10 дахь өрөгт шатарчид дахин хайнцаж, харин өнөөдөр болсон 11 дзэх өрөгт Магнус Карлсен хожил аван дэлхийн аварга цолоо хамгааллаа.

Дэлхийн аварга Карлсен 1,2 сая евро, харин Непомнящий 800 мянган евроны шагнал хүртлээ.

Ц.Энхтүвшин

"Таван цагариг"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.