Д.Цогтбаатар: Оросын бизнес эрхлэгчдийг манай үл хөдлөх хөрөнгийн салбарт анхаарал хандуулахыг хүсэж байна

Twitter Print
2019 оны 12-р сар 05-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Евроазийн эдийн засгийн холбоо ОХУ-ын хамтарсан бизнес форум өнөөдөр Москва хотод боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй энэ форумд Монголоос бизнесийн 100 гаруй төлөөлөгч оролцож, ОХУ-ын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллагааг эхлүүлэх ямар боломж буй талаар хэлэлцэх юм.

Форумыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр, ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх Монгол Улсын гадаад бодлогын нэг тэргүүлэх чиглэл юм. ОХУ-тай худалдааны хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд гаргаж, түлхүү хөгжүүлэхийн төлөө байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд та бүхэндээ хэлж байна. Манай улс Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол Улс чухла ач холбогдол өгдөг бөгөөд тус холбооны гишүүн орнууд манай экспортын гол зах зээл юм.  

Манай улсын ДНБ 2016 онд 1.2 хувь байсан бол 2019 оны эхний хагас жилд ДНБ 7.3 хувь болж, гадаад худалдааны эргэлт 7.8 хувиар тус тус нэмэгдлээ. 2018 онд гадаад худалдааны эргэлт түүхэндээ хамгийн дээд түвшинд буюу 12.9 тэрбум долларт хүрч, өмнөх оныхоос 12.7 хувиар өссөн бол гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.7 тэрбум долларт хүрч 18 тэрбум доллараар өссөн байна.

ЕАЭЗХ-той 2018 онд хийсэн худалдаа нь манай улсын нийт гадаад худалдааны 14.4 хувийг бүрдүүлжээ. Худалдааны харилцаанд тулгарч буй тарифын хэмжээг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хоёр тал үргэлжлүүлэх авч хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд Монгол Улс тус холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах шаардлага байна. Бизнес эрхлэгч та бүгдийн ажил хэрэгч яриа хэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар бүх талаас дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

ОХУ-ын Засгийн газрын дэд тэргүүн А.В.Гордеев, Хоёр улс уламжлалт хамтын ажиллагаатай, үүнд суурилж бизнесийн хамтын ажиллагаагаа явуулах ёстой хэмээн онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулж байна. Монгол Улс бидний ойр дотно хөрш орон. 2019 оны есдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилж, харилцааны олон асуудлаар хэлэлцэж, харилцааны суурь баримт бичгүүд болои Иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр орны худалдаа 2017 онд 21 хувиар өссөн, 2019 оны эхний найман сарын байдлаар 15 хувиар өслөө. Энэ жилд 2 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолж байна. Бид худалдааны чөлөөт бүс байгуулах, ХАА, дэд бүтэц, эдийн засгийн коридор байгуулах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой.

Монгол, Орос, Хятадын гурван талт шинэ механизм байгуулсанд баяртай байна. “Хятадын Нэг бүс, нэг зам” санаачилга, Монголын “Талын зам” төслийг нэгтгэж хэрэгжүүлэхийг бид дэмждэг. Энэ уулзалтын үр дүнд бизнес эрхлэгчийн хамтын ажиллагаа шинээр тогтоно гэж үзэж байна гэлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хойд хөршийн бизнес эрхлэгчдэд хандан Монголд бизнес хийх ямар боломжууд байгааг танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ, 2016 оноос хойш манай улсын эдийн засаг тогтвортой өсөж, Зүүн өмнөд Азидаа эдийн засаг идэвхтэй өсөж буй орнуудын тоонд багтаж байна. ОХУ, БНХАУ 2020 онд худалдааг 200 тэрбум долларт хүргэхээр ажиллаж байгаа. Монгол далайд гарцгүй ч энэ хоёр том эдийн засгийг холбоход бид анхаарал хандуулж ажиллана. Оросын бизнес эрхлэгчдийг манай үл хөдлөх хөрөнгийн салбарт анхаарал хандуулахыг хүсэж байна. Оросын мэргэжилтнүүд манай улсын үл хөдлөх хөрөнгийн суурийг тавьсан. 1989 оноос хойш Оросын бизнес эрхлэгчид энэ салбарт бараг орж ирээгүй. ХХ зуун бол манай хоёр орны харилцааны оргил үе. Монгол Улсын ДНБ сүүлийн 10 жилийн дотор 10 дахин өссөн гэж дуулгав.

Мөн тэрбээр, Монгол ОХУ хоёр орон харилцан визгүй зорчдог  учир аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж харагдаж байна. Манай Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлх зорилт тавин ажиллаж байна. Бид Беларустай сүү боловсруулах, Казахстантай алт боловсруулах чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Европын стандартаар цемент үйлдвэрлэж Сибирийн зах зээлд гаргах сонирхолтой. Мах, сүү, ноос ноолуур, арьсан бүтээгдэхүүн боловсруулах хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах боломжтой. Монгол ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарын үзүүлэлтээрээ дэлхийн зах зээлд хоёрдугаар байр эзэлдэг. Монголын үйлдвэрүүд ноолууран пальтог хамгийн олноор үйлдвэрлэдэг. Оросын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг анхаарч үзээрэй, Монголд ирж бизнес хийгээрэй гэж хүсэж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэлээ орос хэлээр тавьсан бөгөөд илтгэлийнхээ эхэнд “Би ойрд орос хэлээр илтгэл тавиагүй. Сүүлийн үед дан англи хэлээр илтгэсэн учир үл ойлгогдох зүйл гарах вий” гэсэн утгатай бяцхан тайлбар хийсэн боловч ЕАЭЗХ-ны тэргүүн Сергей Глазьев түүний орос хэлний мэдлэг үнэхээр сайн болохыг онцлон хэлж, алга ташин баяр хүргэв.

МҮХАҮТ, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтран зохион байгуулсан есөн жилийн дараа болж буй энэ форумаар хоёр орны уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчид оролцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ гарц нээх боломжуудын талаар санал солилцож, харилцан мэдээллээ солилцож буй юм.  Форумын үеэр “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн гарч, Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцууллаа.  Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ЕАЭЗХ-ны тэргүүн Сергей Глазьев нар гарын үсэг зурав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.