Шорлог хийхэд юуг анхаарах вэ?

Twitter Print
2019 оны 07-р сар 21-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Шорлог буюу орчин үед түгээмэл тархсан барбекью хэмээх шарсан махан хоол чухам хаана анх бий болсныг таахад хэцүү боловч зарим судлаачид үүнийг монгол гаралтай хэмээн нотолж буйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, Тэмүүжин хаан харлаг тэх агнаж  шарж идсэн тухай “Монголын нууц товчоо”-нд тодорхой өгүүлсэн байдаг. 

Ер нь эртний монголчууд олон хоногоор ан гөрөө, аян дайнд явахдаа алсан ангийнхаа махыг задгай гал дээр бамбайгаа тавьж сэлэм, эсвэл нумынхаа сумаар хутгах, шорлох, хуурах аргаар шарж иддэг байсан нь хожмоо дэлхийд шорлог, барбекью (BBQ) нэрээр алдаршсан шарсан махан хоолны өвөг байсан гэж зарим судлаачид  нотолсоор байна. 

Оросоор шашлык, монголоор шорлог гэж нэрлэдэг энэ төрлийн хоолны нэр нь “шиш-лик” буюу хатгуурт шорлосон мах гэсэн Крымийн татарчуудын нэрнээс улбаатай бөгөөд бас кебаб, верченое, мцвади, бастурма, барбекью гэхчилэн улс үндэстнүүд өөр өөрөөр  нэрлэх нь бий. 

Анх шорлогийг хонь, ямаа зэрэг залуу бог малын зөөлөн хэсгийн махаар хийдэг байсан бөгөөд махаа өөхтэй нь хувилан зүсч хатгуурт өөхтэй хэсгийг нь дээш харуулан сүлбэх буюу өөх багатай бол зүсэм махаа ургамлын тос, эсвэл амьтны гаралтай хайлуулсан өөхөн тосонд дүрж хатгуурт сүлбээд  улайсгасан цог, гал дээр тавьсан шүүр, түүнчлэн грильд эргүүлэн жигд шарж  болгодог. Хожим шорлогийг үхэр, гахай, ангийн махаар хийх болжээ. Ингэхдээ хөгшин мал, амьтны махыг зөөлөн, шүүслэг болгохын тулд дарс, цуу зэрэгт  урьдчилан дарж бэлтгэдэг болсон байна.

ШОРЛОГ ХИЙХЭД ЮУГ АНХААРАХ  ВЭ?

Шорлог хийхэд хамгийн зохимжтой мах бол залуу хонь, гахай, бярууны мах байдаг. Шорлогийг зөвхөн гэсгээсэн махаар бэлтгэх бөгөөд хөлдүүгээр хийж болохгүй.

Шорлогт зориулсан махыг урьдчилан дарах бол тасалгааны температурт паалантай юмуу шилэн саванд хуурай цагаан дарс, чинжүү, саримстай хамт 2-3 цаг дарна. Сонгино хийж болохгүй. Учир нь сонгино махны өнгийг хувиргаж таагүй үнэр оруулдаг. Дарсыг цагаан цуугаар орлуулж болно. Зарим хүн дарах махандаа давс нэмдэг нь буруу. Давс чийгийг өөртөө татдаг тул дарсан махыг шүүсгүй хатуу болгодог. Иймд шорлогийг цог дээр шарж бэлэн болсны дараа давсаар амт тохируулдаг.

Шорлог шарахад хус мэтийн  хатуу нягт модны ижил хэмжээтэй нүүрсийг ашиглана. Хусны нүүрс нь жигд цогшиж хэлбэрээ хадгалдаг тул мах шарахад нэн тохиромжтой.

Шорлог хийх зууханд нүүрс хийж цогшуулахдаа цогшиж улайссан нүүрсээ хоёр хэсэг хувааж нэг хэсэг дээр нь махаа шарж нөгөө хэсэгт нь мод нүүрс нэмж нэмэгдэл цог бий болгох зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл шаралтын явцад цогшсон нүүрс хөрөх тохиолдолд шууд шинээр сэлбэн шарах температурыг нэгэн жигд байлгах шаардлагатай.

Хатгуурт мах, бусад зүйлийг сүлбэхдээ хооронд нь наалдуулахгүй, зохих хэмжээний зайтай байлгах хэрэгтэй. Нөгөө талаар дээр өгүүлсэнчлэн хэрчим махны өөхтэй талыг дээш харуулан сүлбэх хэрэгтэй. Шарах махны хэмжээ жигд адилхан байх ёстой. Махны завсарт гол төлөв булцуут сонгино, улаан лооль, хонины сүүл зэргийг хавчуулах ба амт оруулагч халуун ногоо цацна.

Шорлог шарж байх үедээ махан дээрээ дарс, дарахад  гарсан шүүс (маринад), рашаан ус зэргийг үе үе шүршиж байвал сайн.

Шорлог болсон эсэхийг шалгахдаа зүсэм махны зузаавтар хэсгийн голд шор юмуу сэрээгээр хатгаж үзэх хэрэгтэй. Тунгалаг шүүс гарч байвал шорлог бэлэн болсны шинж.

Шорлогийг хээр гадаа хийдэг. Байранд юмуу хотын хөл хөдөлгөөнтэй гудамж, талбайд шорлог хийх нь ариун цэвэр, эрүүл ахуй, хэрэглээний соёл талаасаа зохимжгүй юм. Харин зусланд, хөдөө хээр явж байхдаа цэвэр агаарт, байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр энэ ямбатай хоолыг найз нөхдүүдийнхээ хүрээнд хийж идэх нь зөвхөн хооллох төдийгүй хамгийн сайхан таашаал үзүүлдгийг тэмдэглэх  хэрэгтэй.

Шорлог, барбекью зэрэг нь уураг, өөх тосоор арвин дан махан хоол учраас эдгээр хоолонд тохирсон хачир, сүмсийг зөв сонгох нь чухал. Гүйцэд болсон жижгэвтэр хэмжээтэй улаан лооль, тууш зүсэж хоёр юмуу дөрөв хуваасан шинэхэн өргөст хэмх, арилгаж сайтар угаасан бүтэн ногоон сонгино зэрэг нь дээрх шарсан махан хоолны хамгийн зохимжтой хачир мөн. Хээрийн ширээ, эсвэл зүлэг ногоон дээр дэвссэн бүтээлэг, том цар, эсвэл сагсанд хачруудаа хамтад нь хийж тавиад хатгууртай шорлогтойгоо хольж идэхэд нэн таатайг Та юу эс андах билээ. 

Шорлог, барбекьюг кетчуп, чили, томатны болон хурц амттай бусад сүмс, дарсан ногоотой хамт  хэрэглэхэд илүү зохимжтой.

Шорлогны маш олон жор бий. Эдгээрийн заримаас мэргэн уншигчиддаа толилуулж байна. 

ЧЭСТЭЙ ШОРЛОГ

Жор: Хонины мах 1-1,5 кг, чэс 1 кг, давс, повоор, хонины сүүл 100

Хийх арга: Хонины махыг  хувилан зүсэж давс, повоороор амт тохируулан хатгуурт шорлож улайссан цог дээр эргүүлэн шарж болгоно. Чэсийг хальстай нь хүйтэн усаар сайтар угааж чэсийн их биеийн нэг тал дагуу тууш зүсэлт хийнэ. Ингэхдээ дутуувтар зүснэ. Зүссэн хэсгээр давс, повоор, жижиг хэрчсэн сүүл, яншуйны навч хийж шанзална. Ингээд чэсээ бүтнээр нь хатгуурт шорлож эхлээд зүссэн талаар нь, дараа нь  эргүүлж тойруулан улайссан цог дээр зөөлөртөл  шарж болгоно. Махны  шорлогтой хамт хатгууртай нь таваглана. 

АЛИМ, ЧИНЖҮҮТЭЙ ШОРЛОГ

Жор: гахайн өөх багатай мах 500, дарсан буюу нөөшилсөн алим 4-5 ш, булцуут сонгино 2-3 ш, паприка чинжүү 2 ш, эсвэл  улаан лооль 4-5 ш, хоолны 2 халбага ургамлын тос, амтлаг сүмс, давс, повоор

Хийх арга: Махаа томхон шоо дөрвөлжин хэрчиж давс, повоороор амт тохируулна. Алимыг нимгэвтэр дугуй хэрчиж хальсалж цэвэрлэсэн сонгины толгой хэсэгтэй хамт бага зэрэг жигнэнэ. Улаан лоолийг таллаж хэрчинэ. Паприка чинжүүг үрээс нь тусгаарлаж таллах буюу дөрвөн хэсэг болгож хуваана. Дээр дурдсан бүтээгдэхүүнийг 4-5 хатгуурт тэнцүү хэмжээтэй салаавчлан шорлож ургамлын юмуу цөцгийг тос, амтлаг сүмс жигд цутгаж цог дээр буюу грильд  шарж болгоно. Мөн шарах шүүгээнд шарж болно. Шарах явцад хайлуулсан тос юмуу ургамлын тос цутгаж өгнө. Энэ шорлогийг агшаасан цагаан будаа, чанасан төмс, ногоон сонгино, өргөст хэмх, улаан лоолийн шанцайгаар хачирлах нь зохимжтой. Амтлаг сүмстэй хольж хэрэглэвэл илүү сайхан амттай болно.

ИРЛАНД КОТЛЕТ-ШОРЛОГ

Жор: Үхрийн махан шанз 600, гадар өөх ( 4 см өргөн, 20 см урт), 4 зүсэм талх, давс, повоор, ургамлын тос

Хийх арга: Бэлтгэсэн шанзаа давс, повоороор амт тохируулж тэнцүү хэсэгт хуваагаад  4 ширхэг котлет хэвлэнэ. Котлет бүрийг гадар өөхөөр ороож шүдний чигчлүүрээр тэвхдэнэ. Котлетоо ургамлын тосоор тосолж цог дээр тавьсан сараалж шүүрэн дээр цогнож болгоно. Котлет бүрийг зүсэм талхан дээр тавьж иднэ. 

Нийтлэлч Ж.Октябрь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (185.38.14.215) 2017-06-25 21:39
      • 0
      • 0

      Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

      Хариулах

    • Зочин

      (79.172.193.32) 2017-06-25 21:38
      • 0
      • 0

      Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

      Хариулах

    • Мөнхөө

      (138.197.207.243) 2017-06-25 20:34
      • 0
      • 0

      Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.

      Хариулах

    • Чимдээ

      (91.223.82.156) 2017-06-25 20:34
      • 0
      • 0

      Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.

      Хариулах

    • ganbaa

      (103.229.123.151) 2015-07-10 17:36
      • 3
      • 0

      haha za shorlog bol mongoloos uusen

      Хариулах