Баяраар эмээ чухалчлан уугаарай

2017 оны 07-р сар 10-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

-Наадамлахдаа анхаарах зүйлс-

Зуны дэлгэр цаг ирж, Монгол түмний цэнгэл улсын их баяр наадам эхлэх гэж байна. Жил бүрийн наадмын өдрүүдээр нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг хурцаар тавьдаг.

Аялах, зугаалах, баяр ёслол тэмдэглэх зэрэг тэмдэглэлт үйл явдлууд нь хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн ихсэхийн хэрээр тэдний эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх нь улам нэмэгддэг. Өөрөөр хэлбэл ойд төөрөх, осгох, могойд хазуулах, уул хаднаас унах, усанд живэх, гэмтэх, нарших, даралт ихсэх, цус харвах, гал, цахилгаанд түлэгдэх, хоолны хордлогод орох зэрэг эрсдлүүд долоо, наймдугаар сард эрс ихэсдэг аж. Энэ нь өөхтэй мах, хорхог идэх, архи уух, хэт халуун зэргээс голдуу шалтгаалдаг. Иймээс ходоодны цус алдалт, элэг, нойр булчирхайн өвчин, тархины харвалт, зүрхний шигдээс, осол, гэмтэлд орох зэргээр яаралтай тусламж дуудах, гэмтлийн эмнэлэгт хандах хүний тоог ихэсдэг.

Иймд иргэд дараах зүйлсийг анхаарна уу.

1.  Хувийн эмийн сантай явах \Шархдах, гэмтэх үед хэрэглэх сойлт, боолтны материал, эм, эмнэлгийн хэрэгслүүд\

2. Даралтны аппарат, \40-өөс дээш насны хүмүүс\ даралтны эм, аспирин 100 мг-тайг (зарим хүн аспирин 81 мг хэрэглэдэг) биедээ ойр авч явах

3. Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг интернэт сайтуудаас уншиж мэдэх

4.  Аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах

5.  Нарнаас хамгаалах

6.  Даралтаа тогтмол хянах, эмчийн зөвлөгөөгөөр эмээ уух

7. Зүрхний шигдээс, тархины харвалтыг эрт оношлож болно. Илрэх шинж тэмдэг нь хэл яриа ээдрэх, гар, хөл сулрах, биеийн нэг тал хүндрэх, барьж байгаа юмаа алдах, тэнцвэр алдах, гуйвах зэргээр илэрнэ. Энэ үед 100 мг аспирин эмнээс (зарим хүн аспирин 81 мг хэрэглэдэг) 3-4 ширхгийг уулгаад эмнэлэгт яаралтай хүргээрэй. Хэрвээ аспирин 500 мг-ийн хэмжээтэй байвал зөвхөн нэг ширхгийг уулгаад яаралтай эмнэлэгт хүргэх юм. Хамар, амнаас нь цус гарч байгаа болон ер нь цус алдаж байгаа хүнд аспирин уулгаж болохгүйг анхаарна уу

8. Ходоодны шарх, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол хурц хоол, хорхог, боодог идэх, архи уухаас зайлсхийхийг хичээнэ биз ээ. (Баярын үед ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл нь сэдэрсэн өвчтнүүд ихэсдэг)

9. Төөрөх, живэх болон зам тээврийн аюул, ослоос болгоомжлох, морь, завь, мотоцикл, машинаар шөнө орой явахгүй байх, холбогдох хамгаалалтын хэрэгсэл, хантааз, машины суудлын бүсээ тогтмол хэрэглээрэй. Хүүхдээ машинаар авч явахдаа арын суудалд бүсийг нь зүүлгэн суулгаж, цонхоор бүү цухуйлгаарай

10. Машин, мотоцикл, моторт завинд хэт олуулаа суухгүй байх, хүүхдийг стандартын бусаар суулгаж авч явахгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалгад явахгүй байна уу

11. Амралт, сувиллын газруудад амрахаар очихдоо анхны тусламжийн бэлэн байдлыг нь асууж, шаардаарай. Гадаад, дотоод руу аялахдаа байгалийн голомтот өвчин болон бусад халдварт өвчнүүдээс сэргийлнэ биз ээ.

Та бүхэн эрүүл энх, сайхан наадаарай.

Б.Хулан, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.