Засгийн газрын зургаан гишүүнийг батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна

Twitter Print
2015 оны 07-р сар 10-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ-

УИХ-ын хаврын чуулган сүүлчийн хуралдаанаа хийж өндөрлүүллээ. Чуулганыг хааж, УИХ-ын хаврын чуулганаар баталсан хуулиуд болон бодлогоо дүгнэн УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм.
Тэрбээр, Тавантолгойн ордыг зах зээлийн эргэлтэд оруулахдаа ордын үнэ цэнийг нэмэгдүүлж, иргэн бүрийн хувьцааг амилуулах, үндэсний хувьцаа эзэмшигчид үр өгөөжийг ахиу байлгах ёстой. Зөвхөн зүүн Цанхи биш тус ордыг бүхэлд нь ашиглах нь зүйтэй.
Үүний тулд төмөр замаа тавьж, төр эзэмших нь зүйтэй гэж үзсэн. Тавантолгойн гэрээг дүгнэх УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гэрээг Монголын талд үр ашиг муутай учир дахин гэрээ байгуулах хэрэгтэй гэж үзсэн. Иймд Засгийн газар тогтоолын төслөө татаж авсан юм.


Цаашид уул уурхйн том төслүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн зургадугаар заалтад тулгуурлан Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс УИХ анхаарал тавьж ажиллах болно.
Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг завсарлага авснаас болж, баталж амжсангүй. Иймд наймдугаар сарын гурванд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, дээрх хуулиуд болон Засгийн газрын зургаан гишүүнийг батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Иймд гишүүд ажил амралтаа зохицуулаарай.

Долдугаар сарын 29-нд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой болно. Энэ арга хэмжээнд гишүүд оролцох хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар УИХ холбогдох шийдвэрийг гаргасан. Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай хамтран баталсан нь зах зээлд эерэг дохио өглөө. Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна.

Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ордын зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын төр болон 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг хамгийн өндөр хэмжээнд байлгах нь чухал. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны нэг чухал үр дүн нь Монгол Улс, иргэд, үндэсний аж ахуйн нэгж ногдол ашиг хүртэх эдийн засгийн бүтцийг бий болгох явдал юм.

Тиймээс зөвхөн Цанхийн хэсгийг биш, тус ордыг бүхэлд нь дэд бүтцийн хамт цогцоор нь ашиглах асуудлыг шийдвэрлэх нь Монголын эрх ашигтай нийцэж байгаа юм. Тиймээс Тавантолгойн бүлэг ордоос урагшаа болон зүүн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг хамтад нь цогцоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр тус ордын үнэ цэнэ нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж өндөр байх болно.

Тавантолгойн ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахаар Засгийн газраас боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн газар төслөө буцаан татсан. Цаашдаа бид уул уурхайн том төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т заасан “... газрын хэвлий түүний баялаг төрийн өмч мөн” гэснийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу уул уурхайн том төслийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард түмэн хүртдэг байх байх ёстой. Үүнд хяналт тавих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Тавантолгой зэрэг стратегийн ордыг ашиглахтай холбогдсон гэрээ, хэлэлцээрийг байгуулах явцад Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хуулийн хүрээнд Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар Гацууртын ордын асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

Миний бие УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтын нээлтэд оролцож Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллалаа. Энэ явцад Алтанбулагийн чөлөөт бүс, Дархан хот дахь төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий, Хөтөлийн цементийн үйлдвэр, Алтай хотод баригдаж буй 1000 айлын орон сууцны хороолол, “Эрүүл ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан. Мөн “Чингис”, ”Самурай” бондын санхүүжилтээр хийгдэж буй авто зам, төмөр зам, үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Дээрх бондын хөрөнгөөр өргөтгөсөн, шинээр байгуулсан орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр аж ахуйн газрууд дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, нийслэлийг холбосон болон дотоод сүлжээний авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, олон зуун хүнийг ажлын байртай болгож байна. Энэ бол бондын хөрөнгийн нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бодит үр дүн. Эдгээр үйлдвэр, аж ахуйн газруудын зайлшгүй шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмж техник хэрэгслийг татвараас чөлөөлөх, боловсон хүчнийг нь давтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авч дэмжиж ажиллах хэрэгтэй.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч МАН-ын завсарлагаас болж Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиудыг баталж чадсангүй. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас хэлэлцэж амжсангүй.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөсУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9дүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан, 9 дүгээр сард Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 25 жилийн түүхт ойг тэмдэглэж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн гишүүн болон ажиглагч 72 улсын 400 орчим төлөөлөгч оролцсон намрын чуулганыг Монгол Улсад зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад эрхэм гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний их баяр наадам маргааш эхэлнэ. Наадмын дараа намар гэдэг. Энэ жил ихэнх нутгаар гандуу, тариа будаа, төмс хүнсний ногооны ургац тааруу байна. Гишүүд та бүхэн тойрогтоо ажиллахдаа энэ асуудалд анхаарал хандуулаарай.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн тойрогтоо ажиллах үедээ энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Та бүхэн сайхан наадаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.