Өвлийн өвгөний багийнхан

Twitter Print
2013 оны 12-р сар 23-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Удахгүй шинэ жил болно. Шинэ жил бидний уламжлалт баяр биш ч гэлээ дэлхий дахинаа өргөн тэмдэглэдэг, нэн ялангуяа хүүхэд багачуудын тэсэн ядан хүлээдэг гайхамшиг баяруудын нэг билээ. Тэр дундаа Санта Клаус буюу Өвлийн өвгөнөөс бэлэг авна гэдэг хамгийн том баяр байдаг. Ингээд  12 сарын 25-нд дэлхий дахинаа тэмдэглэдэг Зул сарын баярын сэдэвтэй, хүн хүнээ хайрлахын сургамж хайрласан өгүүллэгүүдийг цувралаар орчуулан хүргэж байна.                  

Өвлийн өвгөний багийнхан

Миний эмээ надад Зул сарын баярын утга учрыг бүрнээ таниулж билээ. Би тэгэхэд дөнгөж хүүхдээрээ байв. “Өвлийн өвгөн гэж байдаггүй юм. Хамгийн тэнэг амьтан ч үүнийг мэддэг юм даа” гэж хамаг итгэл найдварыг минь таслан хэлсэн эгчийнхээ үгийг гүйцэд ч сонсолгүй, дугуйгаа унаад эмээгийнхээ гэрийн зүг давхиж гарлаа. Эмээ маань хэзээ ч "хуурамч баг"-тай байгаагүй. Тэрээр дандаа үнэн сэтгэлээсээ бүх хүнтэй харилцдагийг би мэднэ. Тийм болохоор эмээгээрээ үнэн эсэхийг хэлүүлэхээр яваа минь энэ. Эмээгийн маань дөнгөж зуухнаасаа гаргасан хав халуухан амтат боов идэнгээ сонссон ямар ч гашуун үнэн зөөлхөн сонсогддогийг би мэдэх билээ. Эмээ гэртээ байв. Дөнгөж гаргасан халуухан боов ширээн дээр тавиастай.  Би ч амттайхан боов руу дайрангаа асуултаа асууж гарав. Эмээ маань ер ажирсангүй. “Санта Клаус байдаггүй ээ? Дэмий юм ярих юм. Битгий ийм ярианд итгэ. Наад яриа чинь байнга л гарч байдаг, намайг хичнээн уурлуулдагийг чи мэдэх үү? За хувцасаа өмсчих, хоёулаа явнаа” гэв.   

“Хаашаа? Хаашаа явна гэж? гэж би идэж байсан боовоо ч дуусгаж чадалгүй яаран асуулаа. “Хаашаа” гэсэн асуултын маань хариу юм, юм л байдаг хотын төвд байх нэгэн дэлгүүр болж таарлаа. Хаалгаар орохын үед эмээ гарт минь 10 доллар атгуулаад “Энэ мөнгөөр хэн нэгэн хүнд хэрэгтэй зүйлийг нь аваарай. Би чамайг машиндаа хүлээж байя” гэж хэлээд гараад явчихлаа. Тэр үеийн 10 доллар бол юу л бол юу худалдаж авахаар их мөнгө. Тэр үед би дөнгөж 8 настай байсан юм. Би урд нь ээжтэйгээ л хамт дэлгүүр ордог байснаас ганцаараа дэлгүүр орж, юм худалдаж авч үзээгүй л дээ. Дэлгүүр том, бас Зул сарын баярын худалдан авалтаа дуусгах гэж яарсан  хүмүүсээр дүүрэн байв. Би хэсэг зуур яахаа мэдэхгүй, бас хэнд зориулж юу авахаа ч мэдэхгүй, 10 доллараа тас атган зогссоор байв. Тэгээд хорвоо дээр таньдаг бүх хүнээ, гэр бүлийнхнийгээ, найз нөхөдөө, хөршүүдээ, ангийнхныгаа, тэр ч байтугай сүмд хамт явдаг хүмүүсээ хүртэл бодож үзэв.

Залхах дээрээ яг тулаад байтал гэнэт Бобби Дэкэр гэдэг хүү санаанд харван орж ирэв. Бобби Дэкэр бол Поллок багшийн хичээл дээр надтай хамт суудаг өмхий үнэр ханхлуулж явдаг, үсээ самнадаггүй хүүхэд билээ. Бобби Дэкэр дулаан хүрэмгүй байв. Тэр тухай би яагаад мэддэг вэ гэхээр өвөл сургуулийн их завсарлагаанаар бүх хүүхэд гадаа гарч тоглоход Бобби Дэкэр л гардаггүй байсан юм. Бас ээж нь түүнийг “ханиад хүрээд хичээлдээ явж чадахгүй боллоо” гэсэн үгтэй зурвас багшид байнга илгээдэг байв. Би түүнийг ханиад хүрээгүй, харин сургуульдаа өмсөх дулаан хүрэмгүйгээсээ болоод ирж чадаагүйг нь мэддэг байлаа.   10 доллараа тэмтэрч үзэнгээ би Боби Дэкэрт хүрэм авах болсондоо баярлан догдлов. Ингээд хамгийн дулаахан санагдсан, бас Бобби Дэкэрт таалагдана гэж бодсон юүдэнтэй малгайтай, улаан хилэн хүрэм дээр тогтлоо.  10 доллар дэндүү хангалттай санагдаж байсан тул шошгон дээрхи үнийг нь ч харсангүй. Хүрмээ, 10 долларын хамт кассны эмэгтэйд аваачиж өглөө. Тэр эмэгтэй хүрэм рүү, мөнгө рүү, дараа нь над руу хараад, “Энэ хэн нэгэнд өгөх чиний Зул сарын баярын бэлэг үү?” гэж асуув. “Тиймээ”, гэж би ичингүйрэн хэлээд “ Боббид авсан юмаа, манай ангид байдаг хүүхэд л дээ, тэр дулаахан хүрэмгүй юм” гэж нэмж хэлэв. Тэр эмэгтэй над руу сайхан гэгч инээмсэглэв. Тэр надад хариулт өгөөгүй, харин миний авсан хүрэмийг уутанд хийгээд, “Зул сарын баярын мэнд!” гэж хэлээд өглөө.

Тэр үдэш эмээ надад хүрэмийг боож, туузаар чимэглээд “Боббид, Санта Клаусаас” гэж бичихэд туслав. Дараа нь эмээ Санта Клаус нууцаа хадгалж чаддаг хүнд дуртай гэж бас хэлэв. Дараа нь машинаа бариад, бид хоёр Бобби Дэкэрийн гэр лүү явах замд эмээ маань намайг энэ өдрөөс эхлэн насан туршдаа Санта Клаус өвөөгийн албан ёсны туслах боллоо гэдгийг сайтар хэлж ойлгуулсан юм. Боббигийн гэрийн ойролцоох машины зогсоол дээр буугаад өөрөө ойролцоох бутны доор чимээгүйхэн нуугдаж хоцроод надад “За, Санта минь, яв даа” гэлээ.

Би нэг сайн амьсгаа аваад үүдэнд нь гэтэж очмогцоо бэлгээ үлдээгээд, хаалганы хонхыг хоёронтоо дараад буцаж эмээгийн хажууд ирэв. Харанхуйд хаалга онгойхыг хүлээн, хоёулаа амьсгаа даран зогслоо. Хаалга онгойж, Бобби гарч ирэв. Тэгээд, хаалганы өмнөх бэлэг рүү харж, гайхсан байдалтай эргэн тойрноо нэг харснаа бэлгийг аваад орлоо. Тэр цагаас хойш 40 жил өнгөрсөн боловч Бобби Дэкэрийн гэрийн ойролцоох бутны доор, эмээгийнээ хажууд чичрэн зогссон тэр мөч одоо ч тодхон санагддаг юм. Тэр үдэш “Өвлийн өвөө гэж байдаггүй юм уу?” гэсэн миний асуултанд “Юу гэж дээ, шал дэмий юм асуух юм” гэж хэлсэн эмээгийн маань үг одоо ч сэтгэлд минь бүхний хариулт болсоор байдаг.

Санта өвөө байдаг, тэр хэзээ ч энх тунх амьдарсаар, хүүхэд багачууд, хэрэгтэй бүхэнд бэлгээ тараасаар байх болно.

БИД БҮГДЭЭРЭЭ ӨВЛИЙН ӨВГӨНИЙ БАГИЙНХАН БИЛЭЭ.

Ц. Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.