Төрийн наадмын босоо аварга Б.Бат-Эрдэнэ

Twitter Print
2019 оны 07-р сар 04-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг.

Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Өдгөө Монгол улсын аварга цол хүртсэн бөхчүүдээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүнээр сонгогдож, ард түмнийхээ итгэлийг хүлээн ажиллаж байгаа.

Харин энэ удаа дархан аварга Б.Бат-Эрдэнийн улс төрийн ажлыг бус наадмын бөхийн барилдаанд хэрхэн барилдаж, дээд амжилт тогтоож байсныг дурдахыг хичээлээ.

Монгол улсын долоо дахь дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1964 оны зургаадугаар сарын 7-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэнгийн хөвөөнд төржээ. Олноо алдаршсан дархан аварга маань 1985 онд Ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмаар тав давж, улсын начин цол хүртжээ. Үүний дараа жил болсон улсын баяр наадамд долоо давж, заан цолтнуудын эгнээнд багтжээ. Харин 1987 оны баяр наадамд заан цолоо баталсан ч наймын даваанд унасан байна.

Тэр унаа нь дархан аваргад ихийг бодогдуулж, хийгүй, нягт барилдаж олон дээд амжилт тогтоохын эхлэл болжээ. Б.Бат-Эрдэнэ 1988 онд Ардын хувьсгалын 67 жилийн ойн баяр наадмын есийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтохтой учраа таарч, өвдөг шороодуулсан аж. Анх удаа наадамд түрүүлсэн учир улсын арслан цол хүртэв. Дараа жил нь мөн үзүүр, түрүү булаацалдаж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат О.Балжинням аваргыг давснаар улсын аварга цолны болзол хангажээ.

Аваргуудын эгнээнд багтсан Б.Бат-Эрдэнэ 1990 оны наадамд дархан аварга Д.Цэрэнтогтохийг хоёр дахь удаагаа үзүүр, түрүүнд өвдөг шороодуулж, даян аварга болсон. Тэр наадмаас хойш хэдхэн хоногийн дараа Хэнтий аймагт Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан даншиг наадам болоход арав давж түрүүлсэн. Даншигийн барилдааны амжилтыг улсын наадамтай дүйцүүлэн эрэмбэлсэн учир түүнд дархан аварга цол олгосон түүхтэй.

Харин алдарт дархан аварга маань Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадмаар түрүүлж чадалгүй зодог тайлсан. Тэрээр 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн улсын наадмын барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, улсын гарьд П.Сүхбат агсанд унасан нь эхний тохиолдол нь болсон. Дараа нь 2001 онд түүх 80 жилийн ой болоход есийн даваа буюу үзүүр, түрүүнд одоогийн дархан аварга Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Сүхбатад өвдөг шороодсон билээ.

Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадмаас хойш дархан аварга Б.Бат-Эрдэнэ завсаргүй найман удаа түрүүлжээ. 1992, 1993, 1995, 1996, 1997 онд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг, 1994 онд улсын арварга Увс аймгийн Наранбулаг сумын харьяат О.Балжиннямийг, 1998, 1999 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазарыг өвдөг шороодуулсан билээ.

Нэгэн үе зургаан залуу заан ид доргиож байсан. Харин дархан аварга маань зургаан залуу зааны амжилтыг хааж байна уу даа гэж дотроо гэмшиж явсан удаатай. Мөн улсад 11 дэх удаагаа түрүүлсний дараа 2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмын долоогийн даваанд дотны найз Д.Мөнх-Эрдэнэ арсланг өвдөг шороодуулсан. Үүний дараа шөвгийн дөрөвт улсын заан Б.Гантогтохийг амлан авч барилдалгүй тахимаа өгсөн. Тэр наадмаас хойш 2001 онд А.Сүхбат, 2002 онд Г.Өсөхбаяр, 2003 онд Д.Сумъяабазар, 2004 онд Ц.Цэрэнпунцаг нар дархан аварга Б.Бат-Эрдэнээр даваагаа ахиулж, аварга, арслан цол хүртсэн юм.

Үүний зэрэгцээ чансаагаараа улсын наадмын дараа орох цагаан сарын барилдаанд 1988-1998, 2006 онд нийт 12 удаа түрүүлж, 1999 онд нэг удаа үзүүрлэсэн. Мөн тус барилдаанд 92 дараалан давсан амжилтыг нь хэн ч эвдэж чадаагүй аж.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь хутгах, хонгодох, шуудагдаж татах мэхийг голцуу хийдэг бөгөөд өсөн нэмэх, үнэн хүчит, өнөд баясгалант, харьшгүй хүчит, манлайн дээд, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, хотлоор баясуулагч, бүхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, баяр наадмын манлай, онц бярдагч, бахдам гарамгай, үнэн зоригт, цогт гарамгай, аугаа хүчит, бүхнээ сонсголонт, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Шүүмж

      (43.228.130.66) 2019-05-02 16:32
      • 0
      • 0

      А.Сүхбат аварга гишүүнээр ажиллаж байгаа ш дээ. Хоёр бөхийн нэр бичсэн байна.

      Хариулах

    • ганаа

      (124.158.112.3) 2018-07-10 10:46
      • 0
      • 0

      үнэхээр мундаг бөх гэж боддог бас ноён нуруутай хүн

      Хариулах

    • puujee

      (112.72.11.116) 2015-07-11 20:16
      • 0
      • 0

      Aguu avargadaa hamgiin sain saihaniig husen yruuy

      Хариулах