Шумбагч онгоцны хүчилтөрөгч дуусахад хэдхэн цаг үлджээ

Twitter Print
2023 оны 06-р сар 22-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Алга болсон шумбагчийг хайх ажиллагаа үргэлжилсээр байна

Атлантын далайн ёроолд байгаа Титаник хөлөг онгоцыг үзэхээр далай руу ороод алга болсон шумбагч онгоцыг эрэн хайх ажиллагааны үеэр Канадын P-3 Orion онгоц өнгөрсөн мягмар болон лхагва  усан доор чимээ гарч байгааг тогтоосон ч одоогоор уг чимээний эх үүсвэрийг тогтоож чадаагүй байна.

OceansGate компанийн Титан шумбагч онгоцыг эрэн хайх ажиллагаа явуулах  талбайг нэмэгдүүлснээр хэмжээ нь  Америкийн Коннектикут мужийг хоёр дахин томруулсантай тэнцэж байна. Усан доорх хайгуулын ажиллагаа 4 км гүнд явагдаж байна.

5 зорчигчтой шумбасан Титаныг эрэн хайх ажиллагаанд Канадын Агаарын нисэх хүчний онгоцнууд оролцож байна. Америкийн Эргийн хамгаалалтын албаныхан алга болсон шумбагч онгоцыг зорчигчдынх нь хамт олох найдвар байгаа гэж үзэж байгаа аж.

Шумбагч онгоц алга болох үед шумбагч онгоцонд 96 цагийн хүчилтөрөгч байгаа гэж байсан бол одоогийн байдлаар шумбагч онгоцонд 20 хүрэхгүй цагийн хүчилтөрөгч үлдсэн гэж тооцоолж байна.

Эрэн хайх ажиллагаанд Америк, Канадын хөлөг онгоцнууд, удирдлагатай  робот төхөөрөмжнүүдийг ашиглаж байна.

Удирдлагатай роботууд нь шумбагч онгоцны байршил олдсон тохиолдолд шумбагч онгоцонд кабль холбож, онгоцыг гадаргууд гаргахад туслах юм.

Түүнээс гадна усан дор 6000 хүртэлх метрийн гүнд орж ажиллах чадвартай Францын Виктор 6000 нэртэй роботыг ашиглаж байгаа ба шумбагч онгоц утас,  кабель зэрэгт орооцолдож гацсан байвал тэдгээр утас, кабелийг нь тасалж өгч туслах аж.

Америкийн Тэнгисийн цэргийн ахмад, шумбагч онгоцны ахмадаар ажиллаж байсан Дэвид Маркет СиЭнЭн агентлагтай Титан шумбагч онгоцон дотор нөхцөл байдал ямар байж болох талаар ярилцжээ.

Түүний хэлж байгаагаар өлсөж цангах бол шумбагч онгоцонд байгаа хүмүүсийн хувьд амь тулсан асуудал биш аж. Тэрээр, "Тэд маш их даарч байгаа. Шумбагч онгоц байгаа хэсэгт ус маш хүйтэн байгаа учраас амьсгалах бүрт амнаас нь уур гарч байгаа байх. Шумбагч онгоцны дотор зарим хэсэгт цана тогтож, зорчигчид дулаанаа алдахгүйн тулд бүгд тэврэлдээд сууж байгаа байх." хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.