Түрүүлсэн бөхийг Ланд Круйзер 200 машинаар шагнана

Twitter Print
2015 оны 07-р сар 09-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Монгол түмний бахархал эрийн гурван наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол нааддаг баярт өдрүүд хаяанд ирлээ. Эрт дээр цагаас эхлээд өнөөг хүртэл түрүүлсэн бөхдөө ямар бай шагнал өгч байсныг сонирхох хүмүүс цөөнгүй. Тэр дундаа дээр үеийн бөхчүүд хормой дүүрэн боорцгоор шагнуулдаг байсан гэх яриа ам дамжин яригдсаар ирсэн. Гэвч үнэний ортой эсэх нь бас эргэлзээтэй байна. 

Монгол бөхийн түүхийн хуудсыг сөхвөөс, Бөх хүн баатар болдог, баатар хүн цэрэг захирч хаан болдог учиртай. Учир нь гардан байлдааны хүнд хүчир зэвсгийг чадамгай эзэмшихэд зайлшгүй бяр чадал хэрэгтэй тул бөх хүн баатар болж, баатрыг цэрэг ард нь дагаж, ноён хаан болгож өргөмжилдөг байсан тэр үеийн нийгэм ахуйн шаардлагаар тогтсон заншил байжээ. Тиймээс ч монгол ард түмэн жилээс жилд үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон буй заа.

Улcын наадамд түрүүлсэн бөхчүүд ямар бай шагнал авдаг байв

Баримт дурдвал, Бадаргуулалт төрийн долдугаар он буюу 1881 онд болсон Долоон хошуу даншиг наадамд 672 бөх барилдахад түрүүлсэн Дээрхийн шавь Гэлэгсэнгэ арсланд бүхэл магнаг хөө хуяг, бүхэл торго тус бүр нэг нэг, ерөөл булигаар, гурван хонь, нэг тэмээ, шар цай 70 ширхэгийг Богдын сангаас түрүү бөхийн бай шагнал болгон өгч байжээ.

1951 оны наадмаар ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их Монгол” хэмээн алдаршсан Шаравжамц аваргад түрүү бөхийн бай шагнал болгож 175 төгрөгийн үнэтэй бягтруул хөгжим нэг ширхэг, 25 төгрөгийн үнэтэй орос монгол пянз есөн ширхэг, 70 төгрөгний үнэтэй калибр буу нэг ширхэг, 216 төгрөгийн үнэтэй нэгдүгээр торго зургаан метр, 126 төгрөгийн үнэтэй тал коверкот гурван метр хагас, 36 төгрөгийн үнэтэй тавдай даавуу зургаан метр, 8 төгрөгийн үнэтэй өнгийн ямбуу зургаан метр, 21 төгрөгийн үнэтэй даалимба 18 метр, 13 төгрөгийн үнэтэй эрээн даавуу зургаан метр, 10 төгрөгийн үнэтэй орос ногоон цай 10 ширхэг бүгд нийлээд 700 төгрөгийн үнэтэй эд зүйлээр шагнаж байсан байна.

1990-ээд оны эхээр улс түрүүлсэн бөхдөө 50 мянган төгрөгийн үнэтэй өнгөт телевизор бэлэглэдэг байсан бол 1995 оноос түрүүлсэн бөхөө нэг сая төгрөгөөр байлж шагнадаг байв. Харин 2000 оноос түрүүлсэн бөх таван сая төгрөгийн шагнал авдаг болсон билээ.

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Тоёота корпораци хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн жилийн наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ланд Крузер-200 автомашины эзэн болсон. Харин энэ жилийн наадмаар түрүүлэн бөхөд Ланд Крузер-200 автомашинаар шагнахаар болсон байна. Энэ нь Монгол үндэсний наадмыг дэмжиж байгаагийн илрэл бөгөөд наадмын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй 100 хувь бэлэг юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.