Хуш - үнэт мод

Twitter Print
2021 оны 05-р сар 04-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Сибирь хуш гайхамшигтай сүрлэг, үр-самар, шилмүүс, модлог эх биед нь хүмүүн биднээс гадна хэрэм, жирх, гахай, баавгай гээд түмэн амьтан, жигүүртэн шувууд дурлан тэмүүлж байдаг мөнх ногоон шилмүүст мод билээ.

350- 450 жил насалж, 50-70 см-ийн диаметртэй ургаж чаддаг тэвчээртэй, үзэсгэлэнтэй мод.

Амтат самар, үнэрт шилмүүс, байгальтай тэмцэж хатуужсан модлог их биеийг нь ашиглахаар балбаж гэмтээн, мөчир гишүүгий нь хугалж, тэрч байтугай тайрч унагаасан нь нүд хальтирам харагддаг.

Гурван зуу насалсан модыг гуравхан минутанд унагаж орхидог.

Энэ бол угтаа алтан өндөг гаргадаг галуугаа алж байгаатай агаар нэг асуудал юм.

Нэг мод унагаад оронд нь гурван мод тариад явчихаж болно гэж хялбархан сэтгэдэг хүмүүс ч тааралддаг. Хуш модны хувьд энэ бол хэтэрхий гэнэн, өөрсдийгөө хуурах гэсэн оролдлого ч байж болох юм.

Тэгвэл хэзээнээс хүмүүн бид мөнх ногоон далай шиг цэлэлзэж асан харанхуй, танил биш, аймшигт ойд нэвтрэн ийнхүү дураар аашилж чадах болов?

Месопотомийн нэгэн домогт өгүүлснээр 5000 жилийн тэртээ Урук хотноо амьдарч байсан Шумерийн баатарлаг хаан Жилгамэш нэгэн гавьяат үйл бүтээжээ: тэрээр хушин ойн хамгаалагч Хумбабаг алж, модыг тайрав. Энэ бол хүн төрөлхтний бичмэл түүхэнд хот, ой хоёрын эсрэг тэсрэг байдал болон сүг сүнс оршдог мөнх ногоон зэрлэг байгалийг хүн-соёл иргэншил ялж чадсаныг тэмдэглэн үлдээсэн анхны тохиолдол байлаа.

Мажигийн Тунгалаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.