Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ?

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Утга зохиолын судлаач, шүүмжлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор Гончигийн Батсуурийн хамгийн сүүлд бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Аливаа үндэстний урлаг, уран зохиол өөрийн үндэстний түүх уламжлал, зан заншил, ёс суртахуун хийгээд нийгэм, соёлын хүрээний бүхий л асуудлыг дүрслэн илэрхийлдэг. Зөвхөн илэрхийлээд ч зогсохгүй өөрийн үндэстний цаашдын ирээдүйг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг. Манай үндэстний сүүлийн үеийн урлаг, уран зохиолын дүрслэлийн баримтуудаас харахад олон зуун жилийн туршид монгол хүний хэвшүүлж тогтоосон ёс зүй хийгээд зан суртахууны хэм хэмжээг ихээхэн зөрчиж, зарим талаар эвдэх болов. Энэ талаар нухацтай эргэцүүлэх нь даяаршлын эринд чухамдаа монгол хүний хадгалан авч явах үнэт зүйлийн тухай асуудалд шууд холбогдох юм. “Монгол хүн-Монголын баялаг” гэх нэгэн уриаг манай улс төрчид цуурайтуулах дуртай, гадны нэгэн дипломатч “Танай улсын баялаг бол танай залуу үе юм байна” гэж хэлсэн гэх яриаг УИХ-ын дарга (Г.Занданшатар) нь дахин дахин ярьж явдаг. Мэдээж дээрх ярианууд үнэн. Харин монгол хүн гэж хэн юм гэдгийг, хэн болгож харагдуулахыг хүсээд байгааг урлаг, уран зохиолд дүрсэлнэ. Тухайлбал эмэгтэй хүний дүр.

Монголын эртний уран зохиолд эмэгтэй хүний дүрийг дүрсэлж ирсэн уламжлал бий. “Монголын нууц товчоо”-нд л гэхэд монгол эмэгтэй хүнийг эрх чөлөөтэй, ухаалаг, зоригтой, үнэнч, журамтай, цэвэр ичимтгий байдалтайгаар дүрсэлсэн байдгийг Алунгоо, Өэлүн, Бөртэ, Хулан, Есүй гээд олон дүрүүдээс үзэж болно. XIII зуунаас шууд уламжилсан “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-т эх нь хүүгээ эзний зарлигт үнэнч, эрэлхэгээр тулалдахыг сургасан буй нь хусны үйсэн дээр дуралзан үлдсэн буюу. 1929 оны тавдугаар сарын 1-нд хэвлэгдсэн Монголын орчин үеийн уран зохиолын анхны томоохон бүтээл болох Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужид Цэрэн хүүхнийг эрх чөлөөгөө олсон тэгш эрхт монгол орны эзэн хүн байдлаар дүрсэлсэн байдаг. ХХ зууны уран зохиолын томоохон дурсгал болох зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман хэдийгээр үзэл сурталд идэгдсэн боловч уг бүтээлээс монгол эмэгтэй хүнийг хэрхэн дүрсэлсэн болон тухайн цаг үед монгол эмэгтэй хүнийг хэрхэн дүрслэх бодлого барьж байсныг бэлхнээ үзэж болно. Түүнийг нь уг романы Дулмаагийн дүрээр төлөөлүүлэн үзвэл романы эхэнд Дулмаа Итгэлтийн зарц, нэрэн дээрээ Галсангийн эхнэр боловч нэдэр дээрээ Итгэлтийн бэлгийн дур хүслийг нууцаар хангагч, төрүүлсэн үрээ ч өөрөө өсгөх эрхгүй дарамтлагдсан эм байдаг бол зохиолын төгсгөлд эрэлхэг тэмцлийнхээ үр дүнд эр нөхөр Төмөрийнхөө өшөөг авч, шинэ цагийн үзэл суртлыг ойлгосон, ирээдүйдээ итгэл төгс эмэгтэй болон хувирдаг. Хувь хүнийхээ хувьд Дулмаа эхэн үедээ төөрөлдөж, Цамба мэтийн асманчуудын бэлгийн дур хүслийн объект болдог ч Төмөр, түүний хайр сэтгэлтэй учирснаар үнэнч, ариун журамт эмэгтэй болж байгаагаар үзүүлсэн нь социалист нийгмийн үзэл суртал биш, гагцхүү хүн ёсны тэр дундаа журамт монгол эмэгтэйн үнэт зүйлийг тодруулсан дүрслэл, өгүүлэмж юм. Романы өөр нэгэн дүр болох Долгор. Эр нөхрөө, энэ амьдралаа сүйтгүүлэхгүй гэсэндээ Итгэлтийн хүчинд автсан боловч үхэн үхтлээ эр нөхөр Эрдэнийгээ үнэнчээр хайрлан, түүний өмнөөс амиа золин дуусах зориг, итгэл, ухааныг гаргаж чадаж буй нь бас л монгол эмэгтэйн бахархам нэгэн жишээ, дүр дүрслэл. Энд социалист үзэл суртал гэхээсээ илүү хүн ёс, ариун журам, үнэнч байдал, тэгээд монгол гэх бусдаас ялгарах сэтгэхүй, түүнийг тодруулан үзүүлэх зохиолчийн эрмэлзэл нэвт харагдана. “Тунгалаг Тамир”-ын Гэрэлийн дүрээс ч ийм чанарыг үзэж болно. Зөвхөн энэ роман гэлтгүй өмнөх үеийн олон зохиолоос ийм монгол эмэгтэйчүүдийг олж харах боломжтой.

Тодруулбал орчин үеийн уран зохиолын эхэн үед холбогдох Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Үзэгдээгүй юм”, “Учиртай гурван толгой”, “Нууц янаг”, “Мөрөөдөл”, “Шансонет”, “Миний ээж”, “Гэргий хүүхдээсээ хагацахуй”, “Норжмаа янагаа бодохуй”, С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Ши.Аюушийн “Харц Дамдин, хатан Долгор”, Ц.Дамдинсүрэнгийн “Явж байгаа зам дээр”, “Үдийн нар шиг хонгор минь”, “Буурал ижий”, “Усан дагина”, “Ургамлын сайхан нь”, “Наалинхай хоёр нүд чинь”, “Солийг сольсон нь”, “Багш шавь хоёр”, “Хэлдэг гурав хийдэг ганц”, “Чемодантай юм”, “Хоцрогдсон эмгэнийг сурвалжилсан тэмдэглэл”, “Балармаа хүүхний ярьсан нь”, “Сайхан хүүхэн” зохиолуудаас эхлээд Б.Явуухулан, Ж.Бадраа, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, Н.Нямдорж, Д.Шагдарсүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Д.Урианхай, Л.Дашням, Т.Галсан, Ш.Дулмаа, Ч.Дагвадорж, Ц.Чимэддорж, Ш.Гүрбазар, Д.Төрбат, Г.Мэнд-Ооёо, Б.Доржпалам, О.Дашбалбар, Л.Мягмарсүрэн, Ч.Мягмарсүрэн, Дан.Нямаа, Бя.Энхтуяа.., гээд олон яруу найрагчийн шүлгүүдээс, Б.Ринчен, Д.Намдаг, С.Удвал, З.Баттулга, С.Эрдэнэ, Д.Мягмар, П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Ж.Пүрэв, Д.Гармаа, П.Пүрэвсүрэн, Ц.Доржготов, Д.Батбаяр, С.Пүрэв, Ж.Лхагва, Б.Догмид, Д.Норов, Д.Намсрай, До.Цэнджав, П.Баярсайхан, Д.Энхболд, А.Шартолгой, Н.Нагаанбуу гээд олон зохиолчийн өгүүллэг, тууж, романуудаас үнэнч сэтгэлтэй, ариун журамтай, ухаалаг, үзэсгэлэн төгс монгол эмэгтэйчүүдийн дүрүүдийг уншиж болно.

1921 оны ардын хувьсгал гэрийн баганаас дээш гарах эрхгүй, нөхрийнхөө өмнүүр дуугарахаас эмээдэг, шийдвэр гаргадаггүй, эцгийн эрхт ёсны нөхөн үржихүйн объект эмэгтэйг гэрээс нь гарган нийгмийн орон зайд оруулж ирсэн билээ. Гэхдээ учиртай гаргасан. Уламжлалт сэтгэлгээний цэвэр ичимтгий гэдэг томьёоллыг үзэсгэлэн гоогийн гивлүүр болгож, ариун журам гэх ойлголтыг хайр сэтгэлдээ үнэнч гэдэг нөмрөгөөр хучсан нь монгол эмэгтэйн дүрийг төгөлдөржүүлж, ухаалаг шинжийг эрх чөлөөгөөр сүлэн гэрэлтүүлснээр өмнөх зууны үеийн монгол эмэгтэйн сонгодог дүрийг хэлбэржүүлжээ. Үндэсний урлагийн бодлогыг хэрэгжүүлэгч бас нэгэн чухал салбар нь кино урлаг. ЗХУ-ын найруулагч Ю.Таричийн 1945 онд хийсэн “Цогт тайж” киноны Хулан гэх эмэгтэйн дүрийн талаар судлаач Б.Дэлгэрмаа, Б.Дэлгэрбаяр нар “Монголчууд хүнийг гоо сайхны үүднээс үнэлэхдээ 4 гол зохицол, хослолоор үнэлж байжээ. Үүнд, тухайн хүний:

    1. Ажил, үйлийн тал
    2. Сэтгэлийн тал
    3. Зан төлөвийн тал
    4. Гоо үзэмжийн тал эдгээр 4 талын нэгдлээр үнэлж байв. Хулан бол энэ дөрвөн

шинжийг бүрдүүлж чадсан эмэгтэй юм. Хулан эр нөхөртөө үнэнч, эх орондоо хайртай, эр зоригтой бүсгүй юм. Хулангийн дүр бол ёс суртахууны сайн гэдэг ойлголтыг бүрэн гаргаж чаджээ” (Дэлгэрмаа.Б. Дэлгэрбаяр.Б. “Кино ба ёс суртахуун” УБ. 2015. 56-57) гэсэн байна. Мөн үеэс хойш гарсан “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү”, “Өндөр ээж”, “Суварган цэнхэр уулс”, “Тууврын замд”, “Өнөр бүл”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жаргал даахгүй зовлон”, “Нарны унага”, “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ”, “Тань уруу нүүж явна”, “Хань”, “Загийн алим”, “Говийн зэрэглээ”, “Би чамд хайртай”, “Ирж яваа цаг”, “Ирэх хаврын цэцэг”, “Илүү сартай зун”.., гээд олон кинонуудаас “Тунгалаг Тамир” романы Дулмаа, Долгор, Гэрэл шиг, “Цогт тайж” киноны Хулан шиг ариун журамтай, үнэнч, хайр татам жолооч Янжмаа, малын эмч Дулмаа, Өндөр ээж, сурвалжлагч Солонго, автобусны кондуктор Цэрмаа, оюутан Сүрэн, Сүндэръяа баатар, Шагдарын том охин Сүрэн, холбоочин Номин.., гээд өөрийн гэсэн онцлог бүхий монгол эмэгтэйчүүдийг үзэж болно. Мэдээж ихэнх кинонд социалист үзэл суртлын нөлөө, нэг нам, нэг хүнийг тахин шүтэх үзлийн тусгал, худал хиймэл дүрслэл, хэт зохиомол үйл явдлууд дүрслэгдсэн байдаг нь нууц биш боловч монгол эмэгтэй хүнийг дүрсэлж ирсэн бодлого нь үнэ цэнтэй.

Үнэлэмжийн тухай асуудлыг ерөнхий утгаар нь үзвэл үнэн, сайн үйл, гоо сайхан гэдэг ойлголтууд нь үнэт зүйл болдог, үнэлэмжийн тухай сургаалыг аксиологи гэдэг бөгөөд аксиос буюу үнэт зүйл гэсэн Грек үгээс үүсэлтэй. Нарийвчлан үзвэл эдийн засгийн үнэт зүйл, улс төрийн үнэт зүйл, зан суртахууны үнэт зүйл, шашны үнэт зүйл гэх мэтээр зааглан үзэх ба үнэт зүйл хэр урт удаан хугацаанд тогтвортой оршин байх хийгээд хэр ханамж өгч байгаагаасаа хамааран үнэлэгддэг. Тэгвэл өмнөх үеийн уран зохиол хийгээд кино урлагт дүрслэгдэж байсан монгол эмэгтэйн дүрийн үнэлэмж нь зөв хийгээд манай үндэстний үнэт зүйлд нийцэж байжээ. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн буюу 1990-ээд оныг хүртэлх монголын урлаг, уран зохиолд монгол эмэгтэй хүнийг ариун журамтай, үнэнчийг эрхэмлэдэг, ухаалаг, шинэ цагийн боловсролд тэмүүлсэн, ирээдүйдээ итгэлтэйгээр дүрслэн үзүүлж байсан, тэгж дүрслэх нь урлаг, утга зохиолын бодлого, үндэстний үнэт зүйл болж, дараа үеэ үлгэрлэн дагуулж ирсэн билээ.

1990 оны ардчилсан хувьсгалын дараах буюу постсоциалист үеийн уран бүтээлүүдэд гэрээсээ гарч, нийгмийн орон зайд дэвшсэн монгол эмэгтэйг бүрэн шалдлав. Энэхүү их тайчилтын тэргүүн эгнээнд “Бой” кинондоо өөрийн эхнэрийг бүрэн нүцгэлж, салтааг нь дэлгэсэн найруулагч И.Нямгаваа гэгч бичигдэх «гавьяатай». Дараа нь зохиолч Д.Маам гуайн “Газар шороо” романаар порно кино хийсэн нь түүний «гавьяаг» улам батжуулна. Мэдээж урлагт натур дүрслэл чухал бөгөөд үнэ цэнтэй, гэхдээ И.Нямгаваагийнх эрос бус порно байснаараа бусармаг. Үүний араас хошин шогийнхон гэх увайгүйчүүдийн арми харанхуй массын халаасыг сэгсрэхийн тулд уухайлан орж ирээд эдүгээ хүрэхэд монгол эмэгтэйг хэн болгов?

Б.Батзаяа, Д.Сосорбарам тэргүүт алиалагчид монгол эмэгтэйг “Салтаа уужим, ташаа өндөр...” гэх мэтээр морьчлон ярьж эхэлсэн нь төгөлдөржин хөгжсөөр өдгөө, өөрийн хамтлаг (продакшн)-ийн хамгийн бүдүүн гүзээтэй, хамгийн муухай царайтай, хамгийн майга хөлтэй, бүр хамаг муу муухайгийн туйлаа эмэгтэй хүний хувцсаар гадуур нь бүрж, хамгийн тэнэг текст цээжлүүлэн тайзан дээр хөөж гаргаад хамгаас муухай, эргүү тэнэг, увайгүй, ичгүүргүй эмэгтэйг үзүүлэхийг аль байдгаараа хичээх болов. Хошин урлагийнхан гэж өөрсдийгөө өргөмжлөгчдийн (яг үнэндээ урлаг биш, шоу бизнес Г.Б) энэ олон жилийн хүчин чармайлтын үр дүнд монгол хүн инээхээ больсон, тэднийг инээлгэх сүүлчийн арга нь ийнхүү ээжийгээ доромжлох л бололтой. Хошин шогийн бизнес эрхлэгчдэд зохиолч, зохиол, найруулагч, дүр, нүүр хувиргалт, жижиг хэрэглэл, энэ тэр гээд урлагт хэрэглэдэг алив бүхэн хэрэггүй, тэд өөр өөрсдийн нэрээрээ, гудамжныхаа хувцастай, эсвэл шалдагнаж гарч ирээд бүдүүн гүзээ, бөгтөр нуруу, батгатай нүүр, банзан бөгс, барзгар арьсандаа найдан элий, балай яриагаа ундруулж хар массыг зугаацуулаад мөнгөө авна. Сар бүр тайлан тоглолт хийж, тэдгээрээсээ хамгийн увайгүй доромжлолуудаа нийлүүлэн шилдгийн шилдэг гэж бас нэг тоглоод, эцэст нь CD хэвлүүлж зараад ч санаа нь үл амармой. Дараагийн бүр илүү увайгүй, илүү ичгүүргүй шинэ балайрлын эрэлд хатан мөнгөө хөөцгөөнө. Угаасаа тэдний үндсэн зорилго нь мөнгө юм хойно өөр арга ч үгүй бололтой. Харин энэхүү нөр их элийрэл балайрлын үр дүнд монгол эмэгтэйн дүр бүрэн нүцгэрч, үнэ цэн нь гудманд гарлаа, монгол эмэгтэйн дүрд эрхэмсэг хийгээд нууц юм юу ч үлдсэнгүй.

Энэхүү увайгүй байдал нь кинонд халдварлаж кино бүрт ямар нэгэн хоосон марзганалын элемент тусах болов. Арилжааны гэх амар нэр үрүү хамаг муугаа чихсэн монгол кино үл зүгшрэх шинждээ зохирсоор 20 жилийг үдлээ байна. Монгол эмэгтэйн дүрийг бие махбодын болоод сэтгэл зүйн талаас нь бүрэн тайчих их аяны хүрээнд хийгдсэн хамгийн төгс увайгүйтэл бол “Single ladies-1, 2, 3” гэх цуврал. Энэхүү киног зохиолч, найруулагч А.Миеэгомбо гэх эрхэм, жүжигчин Г.Ундармаа гэх хошин шогчны захиалгаар бүтээсэн бөгөөд хүрээ, хөдөөгүй нөхөр хайсан гурван хүүхнээр монгол эмэгтэйг төсөөлнө гэдэг аймшигтай. Хөгшин өвгөн дээр очиж янханчлах, айлын нөхөртэй амраглаж тагтаар дамжих, ажлын газрынхаа харчуулыг ангуучлах, ресторан, бар, гудамж талбай, жорлон, суултуур, хөдөө, гадаа, сум, суурин, хот айл, аян зам, ширээ сандал дороос гээд аль таарсан газар бүрээсээ зогсоо чөлөөгүй нөхөр хайн бэдрэх нь нэн шаналгаатай. Марзаганаж л байвал юу ч хамаагүй гэх энэхүү арчаагүй байдлаа, дэлэн хөхөө цухалзуулах, гуя хасаа гялалзуулах, нүүр амаа татвалзуулах зэргээр мэдрэлтэн чимэглэж, байшингийн гоё, байгалийн сайхнаар тордон дэлгэцэнд гаргаж мөнгө олохыг санаархах нь мөн ч өрөвдөлтэй. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ ийнхүү доромжлон үзүүлж, мөнгө олох нь яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны хэлсэнчлэн сүүлчийн хоолоо буюу бахархлаа мэрж идэж буйн сонгодог жишээ юм. Өөрөөр хэлбэл монгол эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй, үнэт зүйлийг хэмхэлж, алхам тутамдаа эр сүвтэй юм хайж явдаг, ороо нь орсон гичийс лүгээ гэж үзүүлэн мөнгө олж идэх нь тэдгээр эмсийн сүүлчийн хоол, суусан мөчрөө хөрөөдөж буй эмгэнэл буюу. Уг чанартаа монгол охид бүсгүйчүүд маань ийм биш биз дээ, эсвэл хаа таарсан газар бүрээсээ эр сүвтэй юм хайж явдаг монгол эмэгтэйчүүд ийм түгээмэл болчихсон юм уу? Арай ч үгүй байлтай. Тэрчлэн оюутан охидыг доромжлох явдал хэрээс хэтэрсэн гэхэд болно. Жүжигчин Д.Хүрэлхүү гэгчийн “Эргэлзээ” гэх марзаганалд “Оюутан ч юм шиг, Ор хөнжлийн ажилтан ч юм шиг” гэдгээс эхлээд оюутан охидыг эрүү хамхилгүй доромжилсоор байгаад “Эмэгтэй оюутан бол янхан мөн” гэдэг ойлголтыг аугаа урлагийнхан маань нийгэмд бүрэн төлөвшүүлж чадлаа. Гэвч арай бүгд тийм биш байлтай. Улс орон бүр кино урлагтаа өөрийн үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэн үздэг, зөвхөн Америк кинонд л гэхэд эрчүүд нь булчинтай, зоригтой, ухаантай, арга зальтай, бүхнийг чадагч, бүгдийг дийлэгч, дэлхийг аврагч байдлаар дүрслэгддэг бол гол дүрийн эмэгтэйчүүд нь үзэсгэлэнтэй, үнэнч, эрэгтэйчүүдээсээ ч дутахгүй сайн зодолддог, зоригтой, шийдмэг байдлаар дүрслэгддэг болохыг монголчууд олон жил үзсэн, үзсээр ч байгаа. Гэтэл Монголын урлаг, уран зохиол аугаа түүхийг бүтээж ирсэн ухаалаг монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ?!

Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр өөрсдийгөө зохиолч гэж ойлгон, жендер ярьсан хар массын эрээчигч хөгшин залуу, эр эм шүүдэрцэцэгтнүүдийн бүтээгдэхүүнүүд энэхүү доромж өнгө аяст ташуур өгч улам хөгжүүлэх нь гаслалтай. Ганцхан жишээ дурдваас өөрийгөө зохиолч гэх Л.Сарантуяагийн “Тавилан” романд гэгчид «Үгүй дээ хонгор минь. Хоёулаа амрая. Би чамд орчлонгийн жаргалыг мэдрүүлээд өгье. Гарьд охиныг хумин тэвэрч хувцсыг нь тайчин хаяад орон дээрээ даран унав. Охины хэлийг суга татах гэсэн юм шиг улангасан сорсон Гарьд уруулыг нь цус хуртал хазлан озож гарав. Охин орилох гээд чадсангүй. Бүргэдийн хүчит саварт базагдах болжмор шиг л байлаа. Охины булбарай хоёр хөх ганган цагаан хүзүү түрэмгийлэгч эрийн хүчирхэг эрхтэн охины дотоод эрхтэнд хүч түрэн орж ирэв. Аштайхан ч юм шиг нэгэн сонин мэдрэхүй хамаг биеийг нь эзэмдэхэд Оюунаа зөөлөн гиншээд дээрээс нь хүчтэй цохих эрийг угтан хөдөлж эхлэв» (Сарантуяа.Л. “Тавилан. УБ. 2012. 64) гэж нэгэн онгон охин анх удаа бэлгийн хавьталд орохдоо дуртай нь аргагүй “аштайхан” хүчиндүүлж байгааг үзүүлжээ. “Нохой агталсан хүндээ янаг” гэгчээр ийнхүү хүчиндүүлсээр байгаад хайртай болдог нь монгол охин аж дээ. Иймэрхүү өмнөөс нь ичиж үхмээр бүдүүлэг, болхи заваан дүрслэл хар массынхны бүтээгдэхүүнүүдэд нэн түгээмэл. Залуухан охиныг дээрх мэтээр дүрсэлсэн байгаа бол нөхрөө хуурагч нас тогтсон бүсгүйг «Нэгэн таатай гэгчийн мэдрэмж хамаг биеийг нь баглахад Оюундарь хүлцэнгүй номхорч залуу эрийн янаглалыг хүлээн авав. Гарьдаас өөр хүнтэй энгэр зөрөх нь байтугай эгцхэн хараад эр хүнтэй ярилцах завгүй шахам явсан Оюундарь энэ орой Лутхүүгийн эрхшээлд ороод дараа нь энэ. Гайхмаар юм. Залуу эрийн шийдэмгий хүчтэй уруул умдагных нь үсийг ярж хэлүүг нь сорон озож хэлээрээ долоож эхлэхэд Оюундарь тэсэж ядан дуу алдав. Чухам энэ дуу алдалтыг л хүлээж байсан юм аятай Галаа түүний дээр гарч гантайтал боссон эртхнээрээ ёвчин дотоод ертөнцөд нь нэвтрэхэд тэрбээр үгээр илэрхийлэхийн аргагүй таашаалыг түүнээс ханатлаа авч байлаа» (Сарантуяа.Л. “Тавилан. УБ. 2012. 174) гэж нөхрөөсөө өөр хүнийг бараг эгц харж яваагүй эмэгтэй нэг дор хоёр эрийн дурыг хангаж байгааг ийн «гайхалтай урнаар» дүрсэлсэн нь жендерчин, эмэгтэй зохиолч. Зохиолд тэрхүү Галаа дараа нь Оюундарь бүсгүйн охинтой явалдах бөлгөө. Ийм л зохиолууд гарч, хар массынхаа дурыг ханган, хамаг олныхоо хайрыг татах нь эдүгээгийн төрх.

Энэ бүхний эцэст монгол эмэгтэйн дүр нь мөнгөний төлөө хэний ч өвөрт орохоос буцахгүй, олны өмнө нүцгэлэхийг тэчьяадан хүсдэг, эр сүвтний эрэлд хатсан, ичгүүр сонжуургүй, завхай зайдан, байнга сексийн тухай бодож мөрөөддөг, дуртай нь аргагүй хүчиндүүлдэг, увайгүй худалч, өөрийн гэсэн бодолгүй, бие даан амьдрах чадваргүй, мэдлэг боловсролгүй, бүдүүлэг, арчаагүй байдалтайгаар төсөөлөгдөх боллоо. Төрийн бодлого, хяналт нэгэнт үгүй хойно яасан ч яахав гэж үзэх нь даяаршлийн эрин үед монгол хүн үнэт зүйлээ алдан үгүйрч, бусдын хоол болохын цондон бус уу? Монгол хүний үнэт зүйлийг монгол хүн л, монгол эмэгтэйн үнэт зүйлийг монгол эмэгтэй л бүтээх учиртай гэдгийг хаа хаанаа эрхбиш тунгаалтай.

МОНГОЛ ЭР ХҮНИЙГ ХЭН БОЛГОЖ ХАРАГДУУЛАХЫГ ЗОРИНО ВЭ?

Үндэстэн бүрийн урлаг, утга зохиолд өөрийн үндэстний оршихуйн үнэт зүйлсийг тусган хэлбэржүүлж, залуу үедээ үлгэр дуурайл болгох, улс орныхоо хөгжлийн ирээдүйн төлөв хандлагад нөлөөлөх үүргийг хэрэгжүүлдэг. Хамгийн ойр жишээ гэвэл ОХУ ялангуяа, сүүлийн жилүүдэд дэлхийн хоёрдугаар дайны сэдэвт хамааруулан орос эрэгтэйн өгөөмөр, баатарлаг дүрийг улам бүр бэхжүүлсээр байгааг нь бид олон зохиол, кинонуудаас нь уншсаар, үзсээр байна. Нэгэн япон сэтгүүлч монголчуудын тухай 1990-ээд оны үед бичсэн нийтлэлдээ “Монголчууд эр хүн гэдэг үгийг хэрэглэх их дуртай. Хүүхэддээ хүртэл эр байж битгий уйл, эр хүн байж битгий ай гэх мэтээр хэлдэг” гэж бичсэн байдаг. “Эр хүн хэлсэндээ, Эмээлт морь харайсандаа”, “Эрийг бүү бас, Далайг бүү янд”, “Дахан дор эр, Даахин дор хүлэг”, “Эр өсөж, Эсгий сунана”, “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана”, “Эр нэг алдах, Эрэг нэг нурах” “Эр хүн зоригтой бол чоно чацга алдана”, “Эр хүн эр хүндээ хайртай”, “Эрийг нас дарах, Уулыг цас дарах”.., гэх мэтээр хэлэлцэж ирсэн бөгөөд эр хүн гэдэг ойлголтонд ийнхүү ач холбогдол өгдөг нь монголчуудын нэгэн онцлог мэт билээ. “Монголын нууц товчоо” тэргүүт эртний уран зохиолын олон дурсгалд Хабул хаан, Есүхэй баатар, Тэмүүжин, Хасар, Бэлгүтэй, Боорчи, Мухулай, Зэв, Зэлмэ, Сорхон шар, Шихихутуг, Зүчи, Цагадай, Өгөдэй, Толуй, Гүег, Мөнх.., гээд хаад болон олон эрсийн дүрийг мөнхөлж ирсэн буюу.

Монгол ардын аман зохиол, монголын эртний уран зохиолоос үүдэлтэй эр хүний дүр дүрслэлийн уламжлал нь монголын орчин үеийн уран зохиолд идээшсэн. Мөнөөхөн Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы Цахиур Төмөр, Эрдэнэ, Бат, Хонгор.., Д.Маамын “Газар шороо” романы Хангай Базар, Бух Дагдан.., Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романы Хөххүү, Уртнасан, Ш.Шажинбатын “Элс цас” романы Эрболд, С.Пүрэвийн “Усны гудамж” романы Цогт, “Цаг цагийн урсгал” романы Хатантөмөр болон Д.Мягмарын “Үер” туужийн Дэнзэн, Д.Норовын “Сэрэвгэр хадны зэрэглээ” туужийн Дуугүй Даш, Д.Энхболдын “Паанан” туужийн Цэвэг, С.Пүрэвийн “Уулын намар” туужийн Нацаг, “Азын цэнхэр уулс” өгүүллэгийн Цогтбаяр, Ч.Лодойдамбын “Солонго” өгүүллэгийн би баатар, “Гэрээслэл” өгүүллэгийн Юндэн, С.Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэгийн Жав, “Хулан бид хоёр” өгүүллэгийн Сампил, П.Лувсанцэрэнгийн “Ус шиг цэнхэр” өгүүллэгийн Жанцан, С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн Төгөө, Ж.Лхагвагийн “Хайрын зурвас” өгүүллэгийн би баатар, Б.Догмидын “Нутаг” өгүүллэгийн Балжир, До.Цэнджавын “Хоёрын даваа” өгүүллэгийн Банди.., гээд олон олон дүрүүдээс монгол эр хүний дүрийн онцлог харагдана.

Мөн түүнчлэн “Цогт тайж” киноны Цогт тайж, Гүен баатар, “Алтан өргөө” киноны Сүмбээ, “Сүхбаатар” киноны Сүхбаатар, “Гарьд магнай” киноны Далайцэрэн, “Тод магнай” киноны Түмэн, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Дэлэг, “Баясгалан” киноны Баясгалан, “Хань” киноны Төмөр, “Их замын эхэнд” киноны Хөхчоно, “Би чамд хайртай” киноны Дэлгэр, Дэлгэрийн аав, “Суварган цэнхэр уулс” киноны Цэнд, Сүрэн, “Тань уруу нүүж явна” киноны Дарьсүрэн, Цэрэн, “Говийн зэрэглээ” киноны Хашхүү, Арслан, “Ирж яваа цаг” киноны Готов, Багаяа, “Загийн алим” киноны Хүдэр, Ханбүргэд, “Илүү сартай зун” киноны Галаа, Мандухай цэцэн хатан” киноны Мянхай, Цэгц баатар, Өнөболд ван.., гээд маш олон дүрүүдээс монгол эр хүний гүндүүгүй зан, хүүхэд шиг гэнэн сэтгэл, уужуу ухаан, алсын хараа, нугаршгүй эр зориг, эмэгтэй хүнийг хүндэтгэх чанар, хайр сэтгэлдээ үнэнч байдлыг үзэж болно. Мэдээж эдгээр кинонууд, дээр дурдсан зохиолууд нь төгс бүтээлүүд биш, нөгөө талаас хуучин нийгмийн үеийнх учир социализмын синдромоор дүүрэн гэдэг нь ч ойлгомжтой. Гэхдээ монгол эр хүн гэдэг үнэт зүйлийг бүтээж хойч үед үлгэр дуурайл, даган дуурайх бахархал болж байсныг үгүйсгэх боломжгүй.

ХХ зуунд хийгдсэн их модернизацийн үр дүнд ихэнхдээ эрэлхэг дайчин, гүндүүгүй хайнга байдлаар дүрслэгддэг, зарим талдаа эмэгтэй хүнийг үл тоодог, тэднийг хэрэглэгдэхүүн мэтээр үздэг байсан монгол эрийг шинэ цагийн үзэл санаанд нийцүүлэн өөрчилсөн. ХХ зууны нийгмийн сэтгэхүй монгол эмэгтэйг гэрээс нь гаргаж нийгмийн орон зайд дэвшүүлсэн бол монгол эр хүнийг эхнэрээ хүндэлдэг, хүүхдээ халамжилдаг, гэр орны ажилд тусалдаг болгож өөрөөр хэлбэл мориноос нь буулган, гэрт нь оруулсан юм. Энэ талаарх натур харьцуулалтыг нэрт зохиолч С.Пүрэв гуайн “Уулын намар” туужийн Нацаг, Цэнгэл нарын дүрээс нэн тодорхой харж болно. Алимаагийн нөхөр Цэнгэл гүндүүгүй, олон үггүй, ажилд махруу эр боловч эхнэрээ ер ойлгохгүй, зарим талаар үл тоомсорлон, унтах болохоор “Ороо хонхойлчих” гэх юм уу, жирэмсэн болсон эсэхийг нь “Чимээ алга уу” гэх мэтээр асуун эхнэрээ үл хүндэтгэн харьцаж буйгаар үзүүлсэн бол үе тэнгийн бүсгүй Содгэрэлийн нөхөр Нацагийг ажилсаг, эхнэртээ байнга туслан, хүүхдээ халамжилдаг, эмэгтэй хүнийг ойлгон хүндэлдэг байдлаар дүрсэлсэн байдгаас нь уламжлалт сэтгэлгээ бүхий монгол эр хүн, шинэ нийгмийн гишүүн монгол эр хүн хоёрын амьд харьцуулалтыг үзэж болдог. Кино урлагт туссан ийм жишээ гэвэл зохиолч Ч.Гомбо, найруулагч Б.Сумхүү нарын “Хань” уран сайхны кинонд үндэсний бөхийн арслан Дэндэв, чөлөөт бөхийн дэлхийн аварга Төмөр гэх аав хүү хоёрын дүрийн амьдлаг харьцуулалт юм. Хуучин цагийн арслан Дэндэв бүхнийг өөрийн бодлоор үнэлж эхнэртээ “Эрчүүд бөхөө ярьж байхад та нар дуугүй бай” хэмээн бэрээ дайруулан хэлэх.., зэргээр дүрслэгддэг бол шинэ үеийн бөх Төмөр эхнэрийнхээ саналыг ямагт хүндэтгэн сонсдог, ажлыг нь ойлгодог, эрүүл мэндийг нь боддог байдлаар дүрслэгдсэн нь хоёр цаг үеийн эрчүүдийн харьцуулалт төдийгүй эцэстээ өвгөн Дэндэв өөрийн бурууг ойлгон ухаарч, өөрийгөө харааж байгаагаар үзүүлсэн нь шинэ цаг үе, үзэл санаа монгол эр хүнийг хэрхэн өөрчилж байгааг харуулсан дүр дүрслэл. Өөрөөр хэлбэл ХХ зууны монголын урлаг, уран зохиол монгол эр хүнийг мориноос нь буулган эрэлхэг дайчин төрхийг нь халдан довтлох харь дайсан уруу чиглүүлээд, хажуу дахь эмэгтэйдээ халамжтай, хүүхэд багачуулд энэрэлтэй болгож, гүндүүгүй гэнэн шинжийг нь хайртай бүсгүйнхээ өмнө халгаж тэвдсэн, гэнэн цайлган байдалтайгаар урлан бүтээж цогцлоосон юм.

Гэтэл өнөөдөр. Зүүн Европ хийгээд Орос, Монгол мэтийн посткоммунист орнуудын эмэгтэйчүүд гадны орны эрчүүдтэй гэрлэхийг хүсэх явдал нэн түгээмэл ажиглагдах болсон нь өөрийнх нь орны эрчүүдийн үнэлэмж унасантай холбоотой аж. Монголын хувьд гэвэл ЕБС-иас эхлээд багш нар нь хөвгүүдийг охидынх нь нүүрэн дээр элдвээр шившиглэж ирсэн социалист үеэс улбаалсан уламжлалтай холбоотой бөгөөд эрэгтэй хүүхдийг самбарын өмнө гарган хамуутай, бөөстэй, сайртай, хичээлдээ муу, даалгавраа хийдэггүй.., гэж энэ хорвоогийн хамгийн муу хүн мэтээр харагдуулдаг байсан, түүнчлэн дүнгийн нууцлалгүй явж ирсэн нь сурган хүмүүжүүлэх догма суртлын сүүдэр. Тиймээс охид өөрийн ангийн хөвгүүдийг жигшин үзэж зэргэлдээ ангийнхаа хөвгүүдтэй үерхэх нь түгээмэл байсан судалгаа ч бий. Энэ нь явсаар өөрийн орны эрчүүдийг жигшиж, тэднээсээ долоон дор гадны эрчүүдийг илүүд үзэх сэтгэл зүйтэй болгодог байна. Өөрийн үндэсний эрчүүдийг шившиглэх уламжлал нь эдүгээ үндсэн хоёр чиглэлээр эрчимтэй хийгдэж байгаа ба нэг дэх нь монгол эр хүн бол алуурчин, хүчиндэгч, хулгайч, худалч, луйварчин, галзуу солиотой байдлаар харлуулан үзүүлэх хандлага юм. Энэ үүргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өөртөө авсан агаад тэрхүү үүргээ ч амжилттай биелүүлж байна. Телевизийн бүх л сувгаар, цахим сүлжээний бүх л сайтуудаар эрэгтэй хүний үйлдсэн аль л шилдэг муу бүхнийг дахин дахин сурталчилж, охиноо хүчинддэг, заазуурддаг, эхнэрээ зоддог, мөчилдөг.., гээд бүхий л муу муухай бүхнийг хамж шимэн шилдэг муу, шилдгийн шилдэг муухай бүхнийг мэдээлэх нь ёс болов. Мэдээж олон хүн дотор олон гэмт хэрэгтэн байх нь гарцаагүй, гэвч нэг хэсгийн хар мууг нийтэд хамруулан мэдээлсээр монгол эр хүний үнэлэмжийг үгүй хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа мэдээллийн хэрэгслүүд олон. Уг нь муугаасаа сайн хүмүүс нь олон баймаар юм. Гэвч хүн мөн чанартаа садист байдаг ёсоор мууг нь сонгох аж.

Монгол эр хүний үнэлэмжийн унагах хоёр дахь чиглэл нь түүнийг эмэгтэй хүнээс дор гуйвамтгай, тууштай биш, нялцгануур, ховч, ихэнх нь гомо, эмэгтэйлэг байдалд дуртай, мэдрэл муутайгаар үзүүлэх хүчин чармайлт. Энэхүү чиглэлийг мөнөөхөн хошин шогчдын арми, арилжааны киночдын фронтынхон нэр төртэйгээр хэрэгжүүлж байна. Олон шог гарааны, олон дүрүүдэд эмэгтэйг эрэгтэй болгож жүжүүлэх, эрэгтэй жүжигчин эрэгтэй дүрд эмэгтэйлэг байдлаар жүжих нь нэн түгээмэл болжээ. Хошин шогийн гараа бүрт ямар нэгэн гомо эрийг үзүүлэхийг хичээх ба түүнийгээ хэл амаа долоолох, бөгс хагсаа хаялах, сэлбэ долби дарах, нүдээ ирмэх, нүүрээ татвалзуулах, нялганасан нарийлаг дуугаар гонгинон, гиншиж ярих мэтээр жүжиж, өөртэйгээ адилхан эр хүний эмзэг нууц газар уруу гар хөлөө шургуулахыгаа ихэд бахархалтайгаар тоглож байгааг нь харахад огиудас хүрч, ой гутна. Эдгээр увайгүйтлийн цаад учрыг үл ухаарах харанхуй массын инээд хөөрт бахардан, онгирсон хошин шогчид, шоу бизнесийнхэн улам бүр гааран илүү эмэгтэйлэг, илүү гуйвганасан дүр бүтээхийн төлөө үхэлдэн зүтгэлдсээр өдий хүрэв. Мөнхүү дайран дээр солонгос соёлын довтолгооны нөлөө, сериал киноны синдром давс нэмэхийг яалтай.

Монгол эр хүнийг бие бялдрын хувьд бүрэн тайчих асуудлыг мөнөөхөн И.Нямгаваа гэх найруулагч, жүжигчин Г.Дашхүү гуайн ичрэг эрхтнийг харуулах үйл ажиллагааг “Газар шороо” кинондоо крупный планаар шийдсэн байдаг бол эр хүнийг мэдрэл муутай, элий балай болгож харагдуулах хамгийн амжилттай оролдлогуудын нэгээр зохиолч гэх Д.Мөнхбат, найруулагч гэх Л.Лхагважаргал нарын “Ээжийн дайсан” кино тодрох «гавьяатай». Энэхүү кинонд нэгэн ээж хүүдээ эхнэр авч өгөхөөр улайран тэмцэлдэх үйл явцыг үзүүлэхдээ гол дүрийн хоёр залууг хоёуланг нь, дээрээс нь гол дүрийн эмэгтэйг бас ээжийг нь мэдрэл муутай, солиотой мэтээр үзүүлсэн нь гаслалтай. Ганц хиймэл үс зүүчихээр таньдаг хүнээ танихгүй болох, эмэгтэйн хажууд очоод нас биенд хүрсэн эр атлаа нүд амаа эргэлдүүлэн, ээрч муурч, элий балайгаа гайхуулах, хажууд нь улаан цайм эргүү тэнэг явдал болоод байхад үл мэдсэн царай гарган, жишимгүй суудаг, балайг нь мэдсээр байж дуудах бүрт нь хүрээд ирдэг залуу бүсгүйг үзүүлэх зэргээр наад захын энгийн логикгүй, утга учиргүй үйл явдал, дүрүүдийг гаргасан бөгөөд угаасаа энэ кинонд гарч байгаа бүх монгол хүмүүсийг цөмийг нь балай гэж үзүүлэхийг зорьсон нь гайхмаар. Кинонд тоглосон хошин шогчдыг яахав цагаандаа гарсан амьтад гээд хаялаа гэхэд манай нэртэй ахмад жүжигчин Б.Тунгалаг, дуучин Ч.Цэлмүүн гэх эмэгтэйчүүдийн өмнөөс өөрийн эрхгүй харамсал төрнө. Хүүгээ сайн ханьтай болоосой гэж боддоггүй монгол ээж үгүй, гэхдээ арай ч ийм улаан цагаандаа гарсан ээж байдаггүй байлтай. Гэвч ийм л кино хийж байна. Түүнчлэн “Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ” шүүмжид дурдсан “Single ladies-1, 2, 3” киноны эрчүүд ч цөм мэдрэл муутай. Зөвхөн эхний ангид нь гардаг Батаа, Төмөрөө, захирал, ганган Чука гэх эрэгтэйчүүдийн дүрүүд нь цөм балай, нялгасан, орилж хашгирсан, худлаа инээж хөхөрсөн, гэнэн тэнэг дүрүүд агаад найруулагч хийгээд жүжигчид нь ч дүрүүдээ неврозтой харагдуулах гэж чамгүй хичээсэн буй. Эхнэрээ хүнд зээлдүүлэгч маанаг эрийн тухай “Худалч залуу”, эрүүл хүн үнэмших ямар ч боломжгүй үйл явдлыг харуулсан “Помогите нам” цуврал, “Шарталт”, “Намрын синдром”, “Болсон явдал”, “Танхай тээгч”, “Тусгай ажиллагаа”.., гээд мэдрэлийн өвчтэй хүмүүсийн цуглуулга гэмээр олон кинонуудыг дурдаж болно. Ер нь л сүүлийн жилүүдэд гарсан бараг бүх л кино иймэрхүү байгаа нь нууц биш бөгөөд тэдгээрийг үзэн уйлах ихдэж, инээх багадан язайж суусаар, эцэстээ харамсаж дуусах нь нэн шаналгаатай.

Жүжиглэх урлагийн хувьд ч эвдрэл гарлаа. Жүжигчнийг тайзны үйлдэлд хөтөлдөг тулгуур гурван зарчим бий бөгөөд нэгт -Би юу хийж байна?, хоёрт –Би юуны тулд хийж байна?, гуравт -Би яаж хийж байна? зэрэг. К.С.Станиславскийн системд жүжигчин би юу хийж байна гэдэг эхний зарчмаар өөрийгөө тайзны үйлдэлд түлхдэг бол Б.Брехтийн системд би яаж хийж байна хэмээх сүүлийн зарчмаас эхэлдэг тухай судлаачид дурдсан байдаг. Манай жүжиглэх урлагийн эхэн үед буюу 1930-50-аад онд ихэвчлэн ардын баатарлаг үлгэрийн сэдэвтэй жүжгүүд тоглож байснаас үүдэлтэй үгээ уянгалуулан хэлдэг, баатарлаг байдалтай, сүржин тоглолт, оргилуун, өргөлттэй тавилыг чухалчилж байсан бол Л.Ванган, С.Гэндэн нар Луначарский төгсөж ирснээр энэ байдал халагдаж жинхэнэ утгаараа К.С.Станиславскийн систем тогтсон гэж үздэг. Гэтэл хошин шогчдын нөлөөгөөр жүжиглэлтийн реалист нөхцөл үгүйрч хэтийдсэн худал, зохиомол тоглолт уруу хэлбийж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй бөгөөд энэ нь мөн чиглэлийн урлагийн хүрсэн түвшинг доошлуулж, театрын урлагийн хөгжлийг сааруулж байгааг хэлэх ёстой. Хошин шогчдын хувьд жүжиглэх гэдэг үг томдох агаад харин жүжих гэвэл тохирох мэт.

Энэ бүх нэг талыг барьсан мэдээллээрээ сэтгүүлч нэртнүүд, элий балай үзүүлбэр хийгээд кинонуудаараа найруулагч, жүжигчид монгол эр хүнийг хэн болгож харагдуулахыг зорино вэ?! Урлаг, уран зохиолд хяналт цензур байх ёсгүй нь үнэн боловч аливаа юм хэмжээтэй, үндэстний үнэт зүйл, хэзээ ч халдаж үл болох бахархал, хагалж үл болох нэр төр, харлуулж үл болох эрхэмнэл гэж байдаг юм шүү дээ.

Тухайлбал үндэстэн бүрт гипертекст буюу эх бичвэр гэж байдаг. Энэ талаар МУБИС-ийн профессор С.Энхбаяр «Аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Постмодернизмд үүнийг гипертекст гэдэг томьёоллын дор авч үздэг. Жишээ нь барууны соёл иргэншил, оюун санааны эх сурвалж нь Библи бөгөөд өрнө дорны сонгодог урлаг утга зохиолыг Библийн үзэл санаагүйгээр төсөөлшгүй, ойлгож ухамсарлах боломж ч үгүй. Агуулгын хувьд ч тэр, уран сайхны хэлбэр бүтэц зохиомжийн хувьд ч тэр. Нэн ялангуяа модернизм болоод постмодернизмд энэ нь онцгой тод илэрдэг бөгөөд ерөөс аливаа бичгийн соёл уналт бууралт, шинэчлэл, сэргэн мандалт гэх мэт онцгой цикл үеүддээ өөрийн соёлын эх үндэс, язгуур эш сурвалж болсон гипертекстүүддээ ханддаг түгээмэл зүй тогтол бий...» (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ. 2011. 274) гэж бичсэн байдаг бөгөөд манай утга зохиолын хувьд монгол ардын эртний олон домог, үлгэр, туульс, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” хийгээд Буддын соёлын томоохон судар, номууд нь гипертекст болох юм. Гэтэл “Монголын нууц товчоо” хэмээх суут бүтээл, Чингис хаан хэмээх ариун шүтээндээ ёс бусаар халдан «Тэмүүжин чи татаар эмээ авчир. Нэгэнт чиний авааль эм болох тул гурвуул хамт янаглая. Нэгэнт бие махбодь нь хөвчирсөн Тэмүүжин Бөртийн шаардсанаар их хатнаа Есүгэнийг харж байхад эдлэв. Бөрт ийн зовох юмгүй гиншиж, урд үзээгүй тааламжтайгаар хөдөлнө. Дур нь ханаж ухаангүй гулдайн унасан Бөртийн нойтон биеийг орхиж, Тэмүүжин Есүгэний чанга халуун биеийг хумин дороо хийлээ» (Жаргалсайхан.С. Удвал.Л. “Чингис хааны нууц түүх” УБ. 2007. 57-58) гэх мэтээр Чингис хаан, Бөртэ үжин, Жамуха.., гээд өвөг дээдсийгээ сексийн гаж донтнууд болгож С.Жаргалсайхан, Л.Удвал гэх зохиолчид “Чингис хааны нууц түүх” романдаа бичсэн бий. Үүнийг нь уран зохиол судлаач доктор С.Амартүвшин, доктор Ш.Баттөр нар анхааруулан шүүмжилсээр ирсэн. Харин тэдгээрийг уншиж ухаарсан нь хэд бол.

Энэ бүхний эцэст монгол эр хүний дүрийг нэг талаас нь харвал алуурчин, хүчиндэгч, сексийн гаж донтон, худалч хулгайч, луйварчин, нөгөө талаас нь харвал гомо, гей, бисексуал, барагтайхан салхинд хийсчихмээр гуйвагнасан бие бялдартай, ховч, хэрүүлч, хэлсэн үгэндээ үл хүрдэг, амьдралаа авч явах чадваргүй, аймхай хулчгар, урвагч, завхай банзал.., гээд энэ ертөнцийн хамгийн муу муухай амьтан мэтээр дүрсэлж байна. “Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ” шүүмжид өгүүлсэн монгол эмэгтэйтэй ийм эр хүн хосолвол угаасаа монгол хүн гэдэг чинь эр эмгүй адгийн амьтад юм гэсэн дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй болно. Ийм л уран бүтээлчид, ийм л уран бүтээлүүдийг туурвин тэдгээрийгээ гайхамшигтай юм хийчихсэн мэтээр хэвлэл мэдээллийн өөрсөдтэйгөө таарсан боловсрол, мэдлэггүй сэтгүүлчдээр дамжуулан сурталчилж хар массын дур таашаалд өргөн барьж, бие биеэ магтан элдэв цол гуншин, нэр төр, сайшаал шагналаар ачаалсаар байна. Энэ үеийнхэн ингээд өнгөрдөг бол дүүрч гэхсэн, гэвч ирээдүй хойч үе маань энэ бүх элийрэл балайрлыг үзэж, сонсож, өсч өндийж байгааг эрхбиш анхаарах болсон баймаар...

Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ Ph.D /МУБИС/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.