Сүшиний тухай товчхон

Twitter Print
2019 оны 12-р сар 04-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Япончуудын амтархан иддэг сүши гэж ямар хоол вэ?

Товчхон хэлбэл, сүши гэдэг нь жигнэсэн цагаан будаа (цууны хүчлээр амталсан) - г нарийхан бөөрөнхийлөөд, дээр нь түүхий загасыг нимгэн зүсч юм уу, эсвэл, далайн бүтээгдэхүүн тавьж бэлтгэсэн хоол юм. Загас цагаан будаа хоёрынхоо хооронд васаби хэмээх халуун ногооны шингэн нунтгийг тавина. Энэ нь түүхий загасны бактерийг устгах зорилготой юм.

Эдүгээ дэлхий нийтээр мэдэх болсон сүши хэмээх япон үндэсний хоол нь барагцаалбал хоёр мянгаад жилийн түүхтэй. Эрт дээр цагт япончууд загас, дунг давсалж хадгалдаг байжээ. Ингэж давсалж хадгалахаар аяндаа одооны сүшиг цууны хүчлээр амталсан шиг амт ордог байж. Энэхүү давсалж хадгалсан загас, дунгаа цагаан будаатай хольж иддэг байснаас сүши үүссэн байна. Ингэж бэлтгэдэг аргыг өнөөг хүртэл Шига мужид хэрэглэдэг, үүнийг “фүна зүши” гэдэг.

Сүшиг бэлтгэх арга, юугаар хийдгээс нь шалтгаалан, нигиризүши (базаж бэлтгэсэн сүши), макизүши (ороож бэлтгэсэн сүши), инаризүши (шарсан дүүфүүтэй сүши), чирашизүши (ногоо, өндөг, загасыг жижиглэн, будаан дээр цацаж бэлтгэсэн) гэх зэргээр ангилна. Кайтэн сүшия хэмээх сүши хоолны газар Японд олон бий. Энэ бол ширээний ард суусан үйлчлүүлэгчдийн өмнүүр урсан өнгөрөх туузан дамжуулагч дээр тавган дээр төрөл бүрийн сүши тавиастай байдаг, түүнээс нь үйлчлүүлэгч дуртайгаа сонгон авч идддэг хоолны газар юм.

Tumurbaatar Deleg-н зураг.

Энэ бол сүши идэх дуртай, цаг хугацаа мөн түүнчлэн, мөнгө төгрөгөө хэмнэх зорилготой үйлчлүүлэгчдэд зориулсан хоолны газар. Ийм хоолны газарт сүши идэхэд нэг хүнд мянга таван зуугаас хоёр мянган иэн хэрэг болно. Харин жинхэнэ амттай сүши идэж, сүши бэлтгэгч мэргэжлийн өндөр түвшний тогоочтой ярьж хөөрөн нэг үдшийг өнгөрөөвөл нэг хүнээс арван таван мянга орчим иэн буюу 120 орчим доллар шаардагдана.

Tumurbaatar Deleg-н зураг.

Сүшид үнэн сэтгэлээсээ дурлагчид, сүшиний өндөр мэдлэгтнүүд сүши ресторанд зөвхөн идэх гэж ирэхгүй, мастер тогооч сүшиг хэрхэн бэлтгэж байгааг харж, тогоочтой болон өөр хоорондоо халуун яриа өрнүүлэн, асар их таашаал авдаг байна. Сүши-ны амт шимтийг сайн мэдэх мэргэжилтэн хэрэглэгчид загас болон далайн бүтээгдэхүүнүүдийн шинэ хуучин эсэх, мөн хаанахын бүтээгдэхүүн болохыг нь хүртэл анзаарч, анхаардаг байна.

Tumurbaatar Deleg-н зураг.

Төрөл бүрийн сүшиг захиалах дараалал байдаг. Юуны өмнө, сашими (түүхий загас) - гийн цуглуулгаас эхлэнэ. Дараа нь бага зэрэг сакэ уугаад л сүшигээ захиалж эхэлнэ дээ. Сүши-ны хувьд алгана загасны сүшигээс эхэлдэг байна. Тэгээд л янз бүрийн сүшиг дараа дараагаар нь захиална. Хамгийн сүүлд шарсан өндөг идэж, хав халуун мисо шөл уудаг байна.

Япон судлаач Д.Төмөрбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.