Сайд нараа томилох хугацаа авсан хэрэг үү?

Twitter Print
2015 оны 07-р сар 06-нд 20:33 цагт
Мэдээний зураг,

- Хууль хэлэлцэх алтан цагийг нэхье-

Ирэх сонгуулийг туйлын хариуцлагатай хийхгүй бол болохгүй нь ээ. Улс төрийн нөхцөл байдал тун сонирхолтойгоор өрнөх нь. “Сандал, ширээ”-ний асуудал л хэлэлцээд байхаас, хамгийн гол асуудал болох хуулиудаа хэн ч асуухгүй юм. Хуулиа баталж амжихгүй гээд 10-ныг хүртэл хэлэлцэхээр сунгаа биз дээ, УИХ-н дарга З.Энхболд. Намыг хөөж, сайд нараа томилох хугацаа авч байсан хэрэг үү? “Сайд нарыг томилохын тулд 10-ны өдрийг хүртэл сунгая” гэлтэй биш гээд заль мэх хэрэглээ юү?

АН-ын гүйцэтгэх зөвлөлийн үүрэг болгосноор УИХ дахь АН-ын бүлэг МАН-ыг хөөлөө гэж бодъё. Тэгвэл батлах хууль нь араасаа нэхэл дагал болохгүй гэсэн баталгаа байхгүй. Эхний хуулиуд нь “хэрүүлийн алим” болоод байж л байна. Ардаасаа ч тэр урдаасаа ч тэр баахан нэхэл дагуулсан хуулиудтай, өөрсдөө баахан зарга шүүлэгтэй, УИХ байх юм аа.

Бодоод үз л дээ. МАН-ыг хөөчихлөө. Харин АН яах вэ бусад намтай хамтарч сайдуудаа солих гэж бөөн юм болно. Яг хэдэн хоногт сайдуудаа солино гэсэн юм байгаа бил үү, яг тэд хоногтоо сайдаа сольж дуусах бил үү? Сөрөг хүчингүй тааваараа тарвалзан суух гэсэн башир арга бас биш гэж үү? хамтарна гэдэг чинь. Хуулийнхаа төлөө хөлсөө гаргаж, оюунаа чилээхгүй байж, намаас хөөх, гүйцэтгэх зөвлөлүүдээ хуралдуулах, бүлгээ хуралдуулах тал дээр толгойнууд нь хачин сийрэг болчих юм. Тэгэхээр хууль хэлэлцэх алтан цагийг холбогдох хүмүүсээс нь нэхье.

МАН, АН-ын аль нь ч тэр ажлаа хийхгүй сандал, ширээнийхээ тэмцлийг ёс юм шиг эхлүүлчихлээ. Хамтарна гэж хамтарчихаад гэрээгээ биелүүлээгүй гээд хөөгөөд байдаг АН ч тэр. Төрийн олон албан тушаалтныг хомроголон халсан гэх МАН ч тэр.

АН нэг нэртэй ч, төр барьж байх үедээ хагартлаа баяжаад гараад явчихдаг, улс төрждөг, намчирхдаг, фракц, бүлэглэлийн хагарал ихтэй, ханилсанаа хадардаг, “нам муутай”, буруугаа бусдад чихдэг гэсэн олон хочтой.

МАН бас нэг нэртэй ч, дангаараа засаг барьж байсан үедээ олигтой юм хийгээгүй, тийм байж АН-тай хамтарсан, шунал хүсэлдээ хөтлөгдсөн, хоол горьдсоноосоо болж хөөгдсөн, сөрөг хүчин гэдгээ харуулж чадаагүй гэсэн олон хочтой.

Одоо намууд ямар “тоглоом” өрнүүлэх вэ? “Сонгууль” гэдэг тоглоомын ээлж нь ирсэн. Тоглоомынхоо эхний ээлжинд МАН-ыг хөөсөн бол, таалагдахгүй байгаа Ч.Сайханбилэгийг огцруулах дарааагийн “тоглоом”-оо эхлүүлэх гэж байна.

Ер нь аль ч нам нь, аль ч намтайгаа хамтран ямар ч “тоглоом” эхлүүлсэн ч суудлаа олохгүй хэвээрээ л байх болно. “Тоглоом”-ын хариу энэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.