Монгол улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаяр

Twitter Print
2017 оны 07-р сар 07-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг.

Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Сэлэнгэ нутгийн анхны аварга Г.Эрхэмбаяр нь 1978 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төржээ. Түүний аав, ээж нь Завхан аймгийн уугуул хүмүүс байсан ч хүүгээ төрсөн нутгаараа овоглоорой гэж захижээ. Унаа холтой, барилдалгаа сайтай бөх гэдгийг нь манай сонирхогчид андахгүй. Мөн бөхийн жудаг, ёс жаягаа хамгийн сайн баримталдаг бөхчүүд нь улсын гарьд И.Доржсамбуу, нөгөөдөх нь Г.Эрхэмбаяр билээ.

Түүний тухай бичихэд баримт олон байж магадгүй гэж уншигч та бодож байгаа нь лавтай. Гэхдээ Г.Эрхэмбаяр аварга маань төдийлөн хэвлэлд ярилцага өгөөд байдаггүй аж. Тэрээр өөрөө барилдах сонирхол бага байсан ч төрөлхийн бие хаа сайхантай, ханхар цээж, гар урттай хүү байсан учир аавынх нь дотны найз, Монгол улсын заан Д.Цэнд-Аюуш “бөх” бол хэмээн зөвлөжээ. Анх 1997 онд Д.Цэнд-Аюуш Улаанбаатар хотод дагуулж ирж, Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан “Их шавийн дээд сургууль”-д оруулсан гэдэг.

Хүүхэд байхдаа үндэсний бөхийн улсын аваргын хүрэл медаль хүртэж байсан ирээдүйн аварга маань тийнхүү Г.Элбэг багшийн шавь болжээ. Г.Эрхэмбаяр 2001 онд Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд анх наадамд зодогложээ. “Их шавийн дээд сургуул”-ийн залуу бөх хэмжээн цоллуулж байсан тэрээр дөрвийн даваанд одоогийн улсын заан Д.Бумбаярт унасан аж.

Анх удаа наадамд зодоглоод гурав давсан ч ямар ч залуу бөхөд их урам билээ. Үүний дараа 2003 онд улсын цолтнуудын эгнээнд багтахдаа улсын начин М.Жамъянпүрэв, улсын заан Ц.Баярсайхан нараар гурав, дөрөв даваад начны даваанд өөрийн багш, дархан аварга Ж.Мөнхбат нь амлан авчээ. Ахмад дархан аварга маань залуу бөхийг “улсын начин” цолон хүргэсэн.

Цол дагаж бяр нэмдэг гэдэг үгийг өөрийн биеэр харуулж буй Г.Эрхэмбар маань Их Монгол улс байгуулагдсаны 800 жил,  2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар тав давж, “Өсөх идэр” чимэг авлаа. Тэр жил одоогийн улсын гарьд Завханы Ш.Жаргалсайханаар тав давсан юм.

Түүхт ойн жилийн наадмаар одтой барилддаг Улсын аварга Г.Эрхэмбаяр Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадамд ес давж үзүүрлэв. 2011 онд 1024 бөх зодоглоход Г.Эрхэмбаяр Өвөрхангайн Б.Батдорж, Сэлэнгийн Б.Дэлгэрсайхан, Завханы Ш.Жаргалсайхан, Өвөрхангайн Б.Сайнбаяр, Говь-Алтайн гарьд Н.Ганбаатар нараар даваагаа ахиулж, шөвгийн дөрөвт үлдсэн.

Үүний дараа есийн даваанд шилдэг заан, олны хайртай бөх Махгалын Баяржавхланг өвдөг шороодуулж, наадмын үзүүр түрүүнд шалгарсан. Тэр жил М.Баяржавхлан улсын гарьд цолны болзол хангасан. Түүхт ойн жилийн наадамд “өсөх идэр” начин цолтой барилдаж, үзүүр түрүүнд үлдсэн учир аварга, арслан цолны аль нэгийг хүртэх нь тодорхой боллоо. Харин шийдвэрлэх барилдаанд улсын харцага С.Мөнхбатад унаж, улсын арслан цол авсан аж. Мөн арав давж түрүүлсэн С.Мөнхбат улсын аварга цол хүртсэн аж.

Сэлэнгэ нутгаас төрөн гарсан шилдэг бөх Г.Эрхэмбаяр 2013 оны наадамд одтой сайхан наадсан. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын нэгийн даваанд залуу бөх М.Алтансүхийг, хоёрт залуу бөх К.Нурланыг, гуравт залуу бөх Э.Доржсүрэнг, дөрөвт аймгийн арслан Э.Эрдэнэхүүг, тавд улсын заан Б.Соронзонболдыг, зургаад улсын заан Б.Сайнбаярыг, долоод улсын начин Э.Оюунболдыг, наймд улсын начин Б.Батмөнхийг, есийн даваа буюу үзүүр түрүүнд залуу начин Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж, Монгол улсын 21 дэх аварга цолыг хүртсэн.

Харин 2014 оны наадмаар Г.Эрхэмбаяр аварга Завханы Ш.Жаргалсайханг амлан тахимаа өгсөн. Өмнөх наадмуудад үргэлж давдаг байсан начинг энэ удаад аргалчих байх гэж бодож байсан ч тахимаа өгчээ. Гэхдээ Ш.Жаргалсан аваргын урмыг хугалалгүй зургаад улсын аварга С.Мөнхбатыг, долоод улсын арслан Х.Мөнхбатыг, наймд улсын гарьд Н.Ганбаатарыг давж, үзүүр түрүүнд улсын харцага Н.Батсуурьт өвдөг шороодсон. Ес давсан Н.Батсуурь улсын арслан, найм давсан Ш.Жаргалсайхан улсын гарьд цолыг хүртжээ.

Улсын аварга Г.Эрхэмбаяр хонгодох, тахимдах мэхийг голдуу хийдэг бөгөөд Өсөх идэр, Саруул сайжрах, Үлэмж бадрах, Өлзий бадрах, улсын аварга цол чимгүүдийг хүртсэн аж.

-Монгол улсын аварга цол хүртсэн бөхчүүд цол авсан дарааллаар-

1. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын аварга Г.Вандан

2. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат улсын аварга Г.Самдан

3. Архангай аймгийн Цахир сумын харьяат даян аварга Н.Жамъяан

4. Булган аймгийн Хангал сумын харьяат дархан аварга Б.Түвдэндорж

5. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат даян аварга Ц.Чимэд-Очир

6. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат дархан аварга Ш.Батсуурь

7. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ж.Цэвээнравдан

8. Хөвгсөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин

9. Булган аймгийн Сайхан сумын харьяат даян аварга С.Цэрэн

10. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Ж.Мөнхбат

11. Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх

12. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ч.Бээжин

13. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох

14. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат улсын аварга Д.Хадбаатар

15. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнэ

16. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын аварга О.Балжинням

17. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга А.Сүхбат

18. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр

19. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар

20. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат

21. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр

22. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.21.198) 2015-07-06 20:31
      • 0
      • 0

      Амжилт хүсье отгон аврага даа Дархан аврага болоорой

      Хариулах

    • zochin

      (122.201.31.29) 2015-07-06 13:09
      • 0
      • 1

      Tuvdendorj avarga, Batsuuri avarga hoyoriig soliod bichsen baina

      Хариулах