МХХ-ы ерөнхийлөгч Д.Батсүх: Хуулийн өөрчлөлтийн шинжтэй санал байхыг үгүйсгэхгүй

Twitter Print
2015 оны 07-р сар 04-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

-Үндсэн хуульд төдийлөн нийцсэн өөрчлөлт болж чадаагүй-

Шинэчилсэн найруулга бүхий Шүүх байгуулах тухай хууль “мөрдөгдөж” эхлээд долоо хоног ч болоогүй байна. Шинэчилсэн хуультай холбогдуулан дагнасан шүүхийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийгээд байгаа. Хэлэлцүүлгээр нэлээд шүүмжлэл хэлсэн хүний нэг болох өмгөөлөгч Г.Нацагдоржтой хийсэн ярилцлагыг өчигдөр та бүхэнд хүргэсэн. Энэ удаа Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцсанаа хүргэж байна. Түүний үгийг сонсох ёстой гэсэн үүднээс ШЕЗ-ийнхөн индэрт урин санаа бодлыг нь сонссон билээ. Д.Батсүх ерөнхийлөгч уг хуулийг өмөөрөөгүй ч сайшаасан нь анхаарал татсан. Түүний ярилцлагыг хүргэе.

-Таны үгийг сонсъё гэж ШЕЗ-ийнхөн үг хэлүүллээ. Таныг шинэчилсэн хуулийн талаар өөрийн гэсэн байр суурьтай хүн гэж анзаарлаа?

-Би саналаа хэлсэн. Шүүхийг дагнан байгуулж байгааг би дэмжиж байгаа. Шүүхийг дагнаж байгуулснаар тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч хуулийн хэрэглээ тал дээрээ анхаарлаа хандуулах нь өөр болно. Өнөөдөр шүүгч, хуульч нар “универсальный” байдалтай ажилладаг. Өглөө эрүүгийн хэрэг, үдээс хойш иргэний хэрэг, тэгснээ захиргааны зөрчлийн хэрэг шийдүүлэх гээд ороод ирдэг. Шүүгчдийн оюуны хөдөлмөр ийнхүү хэд хэд салбарлаж байгаа нь ажилд нь нөлөөлж байгаа. Яаж гэхээр гаргаж байгаа шийдвэрүүдийнх нь чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Үүнийг шийдэх гарц бол дагнасан шүүхийн зохион байгуулалт мөн гэж үзэж байгаа. Ер нь орон нутгийн шүүх байгуулах асуудал бол Үндсэн хуулийн цэцээр шийдэгдсэн асуудал. Одоогийн хийсэн өөрчлөлтийг би агуулгын биш, хэлбэрийн шинжтэй өөрчлөлт гэж харж байна. Хуульчид маргалдаж, мэтгэлцвэл өмнө нь гарч байсан Үндсэн хуулийн маргаан дахиж гарах бодит нөхцөл бий. Хуулчийн хувьд Үндсэн хуульд төдийлөн нийцсэн өөрчлөлт болж чадаагүй.

-Үндсэн хууль дахь бие даасан шүүхтэй байх заалтыг зөрчсөн хуулийн зохицуулалт одоо ч байгаа. Тэр нь Улаанбаатар хотын дундын шүүх. Сая ШЕЗ-өөс энэ талаар ирсэн гомдол санал байхгүй тул хуулийг мөрдөж болно гэсэн утга бүхий зүйл ярьлаа. Үндсэн хуулийг зөрчсөн ч гэсэн гомдол санал ирэхгүй бол тэр хуулийг мөрдөж болох уу?

-Гомдол санал байхгүй бол хуулийг зөв гэж болохгүй. Үндсэн хуультай хэрхэн нийцэж байгаа вэ гэдэг асуудал л байна. Үүнийг Үндсэн хуулийн цэц шийднэ. Хэн нэгний гомдол санал гаргасныг шүүх өөрөө тогтоогоод байдаггүй. Үндсэн хуулиа үзээд зөрчилтэй, үгүйг мэднэ. Энэ хуультай холбоотой мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд оччихсон байх магадлалтай байна, өнөөдрийн байдлаар.

-Мэргэшсэн хуульч гээд яриад байна. Манайд мэргэшсэн хуульч яг байдаг уу?

-Тодорхой хэмжээнд бий. Жишээлбэл, компанийн эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр бүтээл гаргадаг, судлагаа хийдэг хуульч нар байгаа. Гэхдээ мэргэшсэн хуульч гэж хэнийг хэлэх вэ, ямар шалгуур тавих вэ, ямар шаардлагыг хангасан хүнийг мэргэшсэн хуульч гэж олон нийтэд зарлах вэ гэдэг асуудал тодорхой зохицуулалтгүй гол асуудал болоод байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд мэргэшсэн хуульч гэдэг ойлголтыг анх оруулж ирсэн. Мэргэшсэн хуульчид тавих шаардлага ямар байх вэ? Тухайн чиглэлээрээ гурваас доошгүй жил ажиллсан байх, тэр чиглэлээр байгуулсан сайн дурын хороонд гурваас доошгүй жил гишүүнчлэлтэй байх, жилд хангадаг багц цагийнх нь гуравны хоёроос доошгүй нь мэргэшсэн чиглэлийн сургалтад хамрагдсан байх гэх зэрэг зохицуулалтыг оруулсан. Энэ зохицуулалтын шаардлагыг хангуулсны үндсэн дээр мэргэшсэн хуульчийн эрх олгох шаардлагатай. Тэгэхгүй бол хуульч бүр өөрийгөө мэргэшсэн гэж зарлах болно. Мэргэшсэн хуульч мөн гэдгийг хуульч өөрөө биш хөндлөнгийн субъект тогтоож өгнө гэсэн үг.

-Мэргэшсэн байхын тулд суралцах уу?

-Хуульчдын холбооноос сургадаг байлгая гэсэн үзэл баримтлалтай байгаа. Гэрчилгээ олгоод тодорхой хугацааны дараа мэргэшлийн ур чадварыг нь хянадаг тогтолцоо бий болгохыг зорьж байна.

-Та саналаа хэлсэн. Энэ бол хэлэлцүүлэг. Санал тань яах бол?

-Хуульчдын холбооноос судалгаа явуулсан гэж би саналдаа хэлсэн. Судалгаандаа суурилсан асуудлуудаа холбогдох байгууллагуудад тавих болно. Хуулийн өөрчлөлтийн шинжтэй санал байхыг үгүйсгэхгүй. Зарим нэг нь үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлийн асуудал ч байна. ШЕЗ-өөс гаргасан дүрэм, журмуудад шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсвэл хөндсөн зохицуулалт байна уу, үгүй юү гэдгийг судалж үзсэн. Нэлээд олон журам дээр шүүгчийн хараат байдлыг хөндсөн эсвэл зөрчсөн зохицуулалт байсан тул энэ асуудлыг хөндөж тавьсан.

-Ямар дүрэм журмууд гэж?

-Шүүгч хүн чөлөө авахдаа Тамгын газрын даргаасаа чөлөө авдаг журамтай. Энэ нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан. Шүүгч хүний эрх мэдлийг Тамгын газрын дарга гэдэг хүний эрх мэдлийн дээр нь тавьчихаж байгаа юм. Тамгын газрын дарга чөлөө өгөхгүй бол шүүгч чөлөө аваад явж чадахгүй нь. Энэ бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй гол субъектийн хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж байх жишээтэй. Нүүдэллэн ажиллахад давж заалдах шатны шүүгчдийн зорчих явцад гарах аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг асуудлыг хөндөж байна. Авто тээвэр ашиглалтын журам гэж байдаг, ШЕЗ-өөс баталсан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг хангах үүргийг жолоочид хариуцуулаад үлдээчихсэн байх жишээтэй. Жолооч ганцаараа өндөр хариуцлагыг ханган үүрэг хүлээж чадах уу, үгүй юү гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Гэх мэт асуудлыг өөрчлүүлэх асуудлыг ШЕЗ-д хандан хөндөж тавих юм.

-Нүүдэллэн ажиллах гэдгээ тодруулаач?

-Орхон, Булган, Хөвсгөл аймгийн шүүх гэж бий. Булган аймгийн иргэдээс Булган аймагтаа хэргээ шийдүүлье гэвэл Булган аймагт Давж заалдах шатны шүүх очиж ажиллах юм. Шүүх бүхэлдээ тэнд очиж ажиллахаас өөр аргагүй.

-Иргэд нь өөрсдөө ирвэл яах вэ?

-Энэ бол үндсэн хуулийн цэц дээр ярьж шийдвэрлэсэн гол асуудал. Шүүхийг иргэдээс нь холдуулсан. Төв аймгийн Борнуур сумаас давж заалдах шатны гомдол гаргасан хүн Өмнөговь аймагт очиж шүүх хуралд суух болж байгаа юм. Гэтэл манай улсад нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй. Иргэн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдлэхийн тулд хэдэн зуун км газар явахаас гадна өмгөөлөгчөө дагуулж явна. Иргэдийн шударга  шүүхээр хэргээ шийдүүлэх эрх хөндөгдөөд байсан болохоор хуулийн өөрчлөлтийн явцад нүүдэллэж ажиллах гэдгийг сонгочихсон юм билээ. Тэгж байж орон нутагт байгаа хүмүүстээ ойртон очиж байна. Үүнийгээ Үндсэн хуулийн агуулгад нийцүүлж байна гэж тайлбарлаж байна лээ. Нүүдэллэн ажиллах нь тэр асуудлыг шийдэх нэг гарц боловч, нөгөө талдаа тогтвортой шүүх байхгүй учир дутагдалтай. Хэрэг нь шийдэгддэггүй, хугацаа алддаг. Хуулиараа долоо хоногийн дотор шийдвэрийг бэлэн болгох ёстой. Тэгтэл долоо хоног ажиллаад буцаад үндсэн байран дээрээ очно, шийдвэрээ бичнэ, хүргүүлнэ гээд хүндрэлтэй асуудлууд байгаа, байгаа.

-Бас л хуулийн цоорхой байх шиг. Нэлээд зардал гарах нь ээ?

-Орон нутагт шүүх байгуулснаас нүүдэллэж ажиллах зардал бага байж мэднэ.

-Тооцоо гаргасан юм уу?

-ШЕЗ-өөс гаргасан байх. Би тэгж харж байгаа. Яагаад вэ гэхээр Булган аймагт давж заалдах шатны шүүх байгуулбал шүүхийн байр, шүүгчийн орон тоо, туслахууд нь, орон байр, урсгал зардал гэх зэрэг нь нүүдэллэн ажиллахаас илүү их зардал гаргах байх. Гэхдээ би хөрөнгө  зардал харж, хүний эрхийн асуудлыг шийддэг байж болохгүй гэж бодож байгаа. Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүргийнхээ хэмжээнд төр зардлаа гаргаад явах ёстой.

-Давж заалдах шатны шүүхийн талаар нэлээд ярьлаа. Анхан шатны шүүхийн талаар юу хэлэх вэ?

-Орон нутгийн шүүхүүд болж байгаа. Аймаг, аймагтаа сум дундын шүүх ажиллаж байна. Ийнхүү дагнуулж байгаа нь нэг талдаа зөв. Дагнаж байгаа тохиолдолд улсын төсөвт тодорхой хэмжээний дарамт үүснэ, нэг хэсэгтээ. Үүсэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл  дагнуулж ажилласнаар шинэ орон тоо бий болно. Ширээ, сандал, цалингаас авахуулаад. Тэр бол асуудал биш. Харин шүүх дүүрэг, дүүрэгтээ л байх ёстой, шүүхүүдийн ачаалалд нь тохируулж орон тоогоо баталдаг байх ёстой гэдэг асуудлыг бид хөндөх гэж байна.

-Нийслэлийн шүүхүүд дундынх хэвээрээ байна. Нэгэнт батлагдсан болохоор яадаг юм бол?

-Бид нар асуудал тавих нь хаашаа юм. Гэхдээ иргэдээс Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл очсон байгаа юм билээ. Хуульчдын холбооны зүгээс нийслэлд гардаг хэрэг, маргааных нь ачаалалд тохируулж орон тоогоо нэмэх асуудлыг тавина. Нэг шүүгчийн хэргийн ачаалал үнэхээр их. Ачаалал даах чадвараас нь хэд дахин давсан. Гэтэл шударга шийдвэр гарга, хууль ёсоор ханд гээд шахаад байх нь хэцүү.

-Орон тоо нь хэд байхаас хэд байгаа юм бэ?

-Одоогоор хэлэх боломж алга. Хэрэг бүр өөр. Нэг хэрэг дээр маш их зүйлийг судалж үзэн шийддэг. Нэг хэргийг хоёр хоногийн дотор шийдэх нь ч бий. Шинжлэх ухааны үүднээс судлах хэрэгтэй. Хэр хэмжээний цаг зарцуулахыг тооцох зэргээр олон асуудлыг авч үзэж байж болно. Манайхаас шүүгч нарын хөдөлмөрлөх эрхтэй асуудлыг хөндөж тавъя гэж бодож байгаа. Үүнээс гадна прокуроруудын асуудал бас шүүгч нарынхтай адил хүнд. Иймд ачаалал даах чадвар, хөдөлмөрлөх эрхэд нь нийцсэн ачаалал өгсөний эцэст хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Ачааллаасаа гарч чадаагүй ажилтнууд цаг хугацаандаа хавчигдан эргэж буцсан шийдвэрүүд гаргахын нэг хүчин зүйл энэ юм.

-Шүүгчдийн аюулгүй байдал гэж түрүүн ярьсан?

-Хичнээн мундаг техник хэрэгсэлтэй байж болно. Гэтэл жолооч янз бүрийн эрсдлүүд гаргахыг үгүйсгэхгүй. Давж заалдах шатны шүүх таван шүүгчтэй гэж бодъё. Нэг аймаг  руу нүүдэллээд явахад тавуулаа явах ёстой. Тэгэхгүй бол болохгүй. Гэтэл цөөн шүүгч очоод хэргийг шийдэхэд төвөгтэй. Нэг нь татгалзчихлаа гэхэд дахиад буцаж яваад шүүгчээ авчраад хуралдана. Дээр нь туслах ажилтнууд, нарийн бичгүүд байх шаардлагатай. Нэг машинд тээвэрлэх зорчигчийн тоо тухайн тээврийн хэрэгслээс шалтгаалаад өөр өөр. Зам маань ямар билээ. Өндөр өндөр даваанууд давна, сайжруулсан зам гэж байхгүй. Зорчих зам болон маршрутыг нь тодорхой болгож өгөх зэрэг асуудлууд бий. Тахрын албаныхан, тавьж өгсөн машин нь шаардлага хангахгүй байна гээд ярьж байна лээ. Тийм яриа сонсмооргүй байна. Анхнаас нь ямар шаардлага хангасан машин болон техник хэрэгсэлтэй байх ёстой, түүгээр нь хангахгүй бол эрсдэлтэй.

-Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.