1989 оныг онцолдог аварга (2-р хэсэг)

Twitter Print
2015 оны 07-р сар 03-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг. Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Увс аймгаас Монгол үндэсний бөхийн гурван аварга цолтон төрөн гарсан. Төрийн их баяр наадамдаа арван удаа түрүүлсэн алдарт аварга Х.Баянмөнхийн дараа Наранбулаг сумын О.Балжинням нутаг усныхаа нэрийг улс даяар дуусгах болсон.

Тэгш ойн жилийн одтой аварга Одвогийн Балжинням 1960 онд төржээ. Монгол улсын алс баруун хязгаар, Увс аймгаас тодрон гарч ирсэн аваргын тухай спортын нэрт сэтгүүлч Р.Чулууны 2004 оны есдүгээр сард бичиж, тэмдэглэн үлдээсэн нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна.

Төгсгөлийн хэсэг

Начин болоход даваа болгон хэцүү. Ардын хувьсгалын 63 жилийн ойн наадмаас залуу бөх Д.Жанчивдоржийг (одоо улсын начин) давчихаад одоо хэнтэй тунадаг бол доо гээд бодож зогстол, спортын мастер улсын начин Д.Сэрээтэр (одоо улсын харцага) гуай:

-Балжинням аа, би чамайг дөрөвт авчихлаа шүү гэсэн. Түүнд нь маш их баярласан. Орь залуугаасаа ид сайхан үедээ ямар ч алдар хүндтэй, бяр тэнхээтэй бөхчүүдийг давж явсан ахмад бөх намайг тунаанаас гаргаж амласанд баярлалгүй яахав. Тэгнэ чинээ санаагүй явсан л даа.  Дараа нь тавын даваанд самбо бөхийн нэг багийн ахмад бөх улсын заан Д.Цэнд-Аюуш бас амалж авсан. Ингэж ахмад сайхан бөхчүүдийн гар дамжин улсын цолонд хүрсэн түүхтэй. Тэр үед цаг ч өөр, би ч гэсэн байж.

Наадмын дараа гялайснаа хэлээд нэг нэг хадаг барьчихаагүй өнгөрсөн минь сүүлд нь бодоход эвгүй л байдаг. Улсын начин болсноос хойш түмний итгэлийг алдахгүйг бодож улам хичээсэн. Цол дагаж бяр нэмнэ гэдэг худлаа үг биш юм билээ. Та ер нь тэгээд миний барилдааны үүх түүхийг мэднэ шүү дээ. Тэр бүхнийг энд нуршаад би яриад суухын хэрэг байна уу даа. Та өөрөө мэдээд бич л дээ гэх нь тэр.

-Гадарлах нь гадарлана. Бас тодруулах юм байна. Өөрийн тань хувьд 1989 он спортын амжилтын хувьд өндөр ургацын жил болж өнгөрсөн санагдах юм. Тэр жилийн амжилтаа одоо нэг дурсаач, олон ч жил өнгөрчээ.

-1989 онд би од хийморьтой явжээ. Хавар нь үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд 32 бөх зодоглосноос 29 даван хоёрдугаар байр эзлэхэд минь надад улсын заан цол олгож билээ. Зун нь наадмаар улсын начин Б.Жавхлантөгс (одоо улсын харцага), улсын заан З.Дүвчин, улсын арслан М.Мөнгөн, дархан аварга Х.Баянмөнх нарыг даваад анх удаа наадамд үзүүрлэсэн түүхтэй.

Намар нь Белград хотод болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн 95 кг-д барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэр барилдааны бичлэг таньд байгаа биз дээ.

-Чин үнэндээ бол алтан медаль шүү дээ. Аваргын төлөө ЗХУ-ын бөх К.Куртанизетэй барилдахыг нь Ташкентийн нэгэн зочид буудлын зурагтаар харах боломж тохиосон юм, надад. Өөрөө барилдааны төгсгөлд этэж унагаасан биз дээ. Тэр чинь кока үнэлгээ авах бүрэн боломжтой байсан ч шүүгч нар мэдэн будилаад өнгөрсөн. Дараа нь шүүгчийн саналаар ЗУХ-ын бөх ялагч болж алтан медаль авсан.

-Үнэндээ К.Куртанизе намайг дийлээгүй нь дийлээгүй юмаа. Жүдогоор манайхан тэр 1989 оноос хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс одоо болтол медаль авч чадахгүй байгааг бодоход (Энэ тэмдэглэлийг 2004 онд бичиж үлдээсэн. Үүний дараа жил буюу 2005 онд Египетийн Кайр хотод болсон дэлхийн аваргаас гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од хүрэл медаль авсан. Мөн Монголын жүдочид өнөөдөр дэлхийн аваргаас 3 алтан медалийг аваад байна)  Д.Баттулга бид хоёр бас чиг амаргүй зам туулж тэр жил тухайн төрлийн барилдаанаас дэлхийн анхны медалиуд авчирсэн юм уу даа.

-Белградад хаанахын хэн хэн гэдэг бөхчүүдийг ялснаа мартсан уу?

-Бараг мартаа биз.. Эхлээд Кубын Салгадог давсан. Дараа нь Аргентин, Герман, Чехословак улсын бөхчүүдийг ялсан байх. Дөрөв дараалан ялаад, нэг “гоц мөргөж” мөнгөн медаль зүүж байлаа.

1989 он өлзийгөө хайрласан, надад мартахын арга алга гэснээс хойш олон үг хэлсэнгүй ээ, аварга.

О.Балжиннямыг начин болохсон гэж чармайж явснаас эхлээд энэ нэг залууг амлаад начин болгосчихдог ч юм уу хэмээн тээнэгэлзэж яваа үеийг нь хүртэл гадарладгийн хувьд цөөн өгүүлбэр бичье.

ХХ зууны төгсгөл үеийн Улсын наадам, Монголны нууц товчооны 750 жилийн ой, Өндөр гэгээний 360 насны ой гэсэн 13 том наадмын түрүү бөх хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ аваргын амжилтын жагсаалтын завсар О.Балжинням гэсэн ганц нэр л бий.

1991 он буюу Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяраар О.Балжинням түрүүлэн улсын арслан цолтой үлдэж байлаа. Үндэсний бөхийн барилдааны шинэ дүрэм хүрэгжиж эхэлж байснаас үүдээд 70 жилийн ойгоор цол ахиулан олгосонгүй энэ тэр гээд бичиж явснаа нуугаад ч яахав. Болох юм нэгэнт болоод өнгөрч. Улсын наадамд хоёр удаа ес давсан амжилт нь нөлөөлөө биз. Бас наадамд нэг биш үзүүрлэсэн хийгээд, түрүүлж байсан амжилтаар нь түүнд улсын аварга цол олгосон нь нэгэнт түүх болжээ.

Самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, туршлагатай дасгалжуулагч, хурандаагийн зөвхөн үндэсний бөхийн барилдааны амжилтаас нь энд цухасхан өгүүллээ.

Йинхүү спортын ахмад сэтгүүлч Р.Чулууны 2004 оны есдүгээр сард бичсэн тэмдэглэлийг та бүхэнд хүргэлээ.

Монгол улсын үндэсний бөхийн түүхэнд 1921 оноос хойш 21 аварга цолтой бөх төрөн гарсан. Тэдний нэг нь улсын аварга О.Балжинням билээ. Ид барилдаж байхдаа дунгуйлдах, хутгах, хавирах зэрэг мэхийг хийдэг байсан. Өдгөө жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй О.Балжинням нь улсын их баяр наадамд 1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойд ес даван түрүүлж, 1989, 1994 онд үзүүрлэсэн. Мөн 1984, 1986, 1987, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2001 он, 1990 онд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойг оролцуулаад нийт 14 удаа шөвгөрсөн. Тэрээр шинэ нэмэх, улам өрнөх, хурц шаламгай, өсөх идэр, үлэмж бадрах, бат нягт, бат суурьт, хичээнгүй нягт, харьшгүй жавхлант, өнөд баясгалант, манлайн дээд, олныг баясуулагч, манлайн баясгалант, бүхнээ дуурсгалт, улсын аварга цол, чимэг хүртсэн билээ.

Эхний хэсгийг энэ линкээр орж үзнэ үү, http://mongolcom.mn/read/25074

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.