Цагдаагийн алба хаагчдын хөлбөмбөгийн тэмцээн боллоо

Twitter Print
2015 оны 07-р сар 01-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс цагдаагийн байгууллагыг иргэд олон нийтэд сурталчлах, хууль сурталчлах, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг дээшлүүлэх ажлын хүрээнд "амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч баг тамирчдыг оролцуулан  гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт хийн, оролцогчдоос бичгээр санал асуулга авчээ. Өдөрлөгийн арга хэмжээний төгсгөлд хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөнийг хийж, багуудын мэдүүлэг авах, мандат олгох, сугалаа хийх, тоглолтын хуваарь гаргах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Уг тэмцээнд Даланзадгад хот, Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс, сумын эмнэлэг “Энержи Ресурс” ХХК-ийн 2, “Эрдэнэс таван толгой” ХК, “Залуучууд хөгжлийн төв”, “Армор”, “Мянган дуут” хамгаалалтын албад, “Мера” ХХК зэрэг сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 18 багийн 260 гаруй тамирчид өсвөр үе, болон насанд хүрэгчдийн ангиллаар эхний 3 байр, шилжин явах цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээнийг зохион байгуулагч Цагдаагийн хэлтсийн “Цагаан шонхор” баг тамирчид сумын сум дундын эмнэлгийн “Энэрэхүй”, “Мянган дуут” хамгаалалтын албаны “Ажнай” баг, “Өрнөдийн нүүдэл” ХХК-ийн “Номадс” багтай тоглож 4 хожилыг авч, хагас шигшээ тоглолтод “Энержи Ресурс” ХХК-ийн багтай тоглож 1 оноогоор хожигдсон байна.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд “Энержи Ресурс” ХХК-ийн баг тэргүүн байр шилжин явах цом, алтан медаль авч, хоёрдугаар байрт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн баг мөнгөн медалийг, Даланзадгад хотын “Анчорс” баг гуравдугаарт байрт орж хүрэл медал тус тус хүртсэн байна.

Сумын аварга шалгаруулах уг тэмцээнийг 2014 онд анх Цагдаагийн хэлтсээс сум орон нутагтаа санаачлан зохион байгуулахад аж ахуйн нэгж байгууллага, сумын иргэнээс бүрдсэн нийт 23 баг оролцож тэргүүн байрын шилжин явах цомыг “Энержи Ресурс” ХХК-ийн баг тамирчид гардан авч, байгууллагын удирдлагууд, сумын иргэд, баг, тамирчдын санал, хүсэлтээр өндрөөр үнэлэгдэж, цаашид жил бүр 6 дугаар сард уламжлал болгон Цагдаагийн хэлтсээс зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.